Эх үрсийн баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж буй 111 хүүхдэд гарын бэлэг илгээв. Түүний бэлгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Бямбасүрэн хүүхдүүдэд хүргэж гардууллаа.
Тэрээр “Бага насны хүүхдүүд автомашины осолд өртөх, түлэгдэх зэргээр ахуйн халдлагад өртөж эрүүл мэндээрээ хохирох тохиолдол маш их гарсаар байна. Иймд амин эрдэнэ болсон алаг үрсээ асран хамгаалж, аюулгүй орчинд өсгөн хүмүүжүүлэхэд анхаарлаа хандуулж, илүү санаа тавихыг эцэг эхчүүдээсээ хүсье гэсэн Ерөнхий сайдын үгийг Та бүхнээр дамжуулан Монголын нийт эцэг эхчүүдэд хүргэж байна” гэлээ.
Хүүхдүүд голдуу ахуйн хүрээнд байгаа ус буцалгагч, халуун тогоо, үсний хайч, залгуур, бүрэн бус цахилгаан хэрэгсэлтэй харьцсан, шинэ жилийн гацуур модны гэрлийг амандаа зажилснаас болж түлэгдэх тохиолдол их байгааг эмч нар хэлж байлаа.
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат шинэ оны босгон дээр мэндэлсэн 121 хүүхдэд гарын бэлгээ хүргэж байсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.