Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн гурван дуучин бүсгүйн продюсерээр ажиллаж байна. Тэд бол “Авьяаслаг Монголчууд” шоуны алтан баззерын эзэн Х.Авирмэд, “Universe Best Songs” наадмын шилдэг оролцогч Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг нар юм.
Хамтран уран бүтээл туурвин, шинэхэн цомгоо өлгийдөн авсан тэд үр хүүхдийнхээ сэтгэлийг хайраар дүүргэн яваа ээжүүдэд зориулан нэгэн сайхан дурсамж үлдээх “Гэрэлт үзэсгэлэн гоо” тоглолтоо хийх гэж байна. Урлагт хөтлөх хөтөч, түшиг тулгуур нь болж яваа дуучин Т.Дэлгэрмөрөн болон гурван дуучин бүсгүйтэй ярилцлаа.
ЭЭЖ, ЭХНЭР ХОЁРОО МАШ ИХ ҮГҮЙЛЖ БАЙНА
Тэдний нүүрэнд нээх гоё тос нялгадаж хаяад, наран дор хатааж байна.
-Та гурван дуучин бүсгүйн хөлийг нь дөрөөнд хүргэхээр ажиллаж байна. Яагаад энэ гурван дуучныг сонгосон бэ?
-Та бүхэндээ дуулгах гэгээн сэдэв байна. Би 20 гаруй жил урлагт амьдралаа зориулж яваа учраас олонд танигдах хэчнээн хүнд байдгийг сайн мэднэ. “Авьяаслаг монголчууд”, “Universe Best Songs” наадмаас дуулах урлагт биеэ зориулж яваа хүүхдүүдийг дэмжихийг их хүсдэг байсан.
Энэ хүсэл маань биеллээ олж, МУГЖ дуучин Б.Дашдондог ахын 50 насны ойн өдөрлөг дээр гурван сайхан уран бүтээлчийг олж харсан юм. Тэр гурав миний арьсны шар үсийг босгосон. Т.Цогсогмаа, Э.Мөнхцэцэг, Х.Авирмэд гуравт өөрийн мэдсэн сурсан бүхнээрээ ах хүний сэтгэлээр туслаад явж байна.
“Авьяаслаг Монголчууд”, “Universe Best Songs” тэмцээнийг даваад гарч байгаа хүүхдүүд маш чадалтай. Харамсалтай нь тэднийг цааш нь аваад явах хүн байдаггүй. Тэдний нүүрэнд нь нээх гоё тос нялгадаж хаяад, наран дор хатааж байна. Энэ гацалтыг зогсоож, дүү нартаа боломж олгомоор байна.
Энэ гурав маань эхлээд ард түмэн хүлээж авах уран бүтээл хийх хэрэгтэй. Тиймээс ээжийн сайхан дуунууд орсон цомгийг бид бэлэн болголоо. Би ээж, эхнэртээ зориулж гурван дүүгээрээ орчлонгийн сайхан ээжүүдийн дуунуудаас тавыг сонгон дуулуулж, шинэ цомгийг “Гэрэлт үзэсгэлэн гоо” гэж нэрлэсэн. Гэрэлт гэдэг нь нарыг, үзэсгэлэн гэдэг нь эмэгтэй хүнийг, гоо гэдэг нь сарыг төлөөлж байна.
Цомогт “ “Нарны унага” киноны дуу, “Номин талст” хамтлагийн “Ээждээ дуулах дуу”, “Ертөнцийн сайхан ээжүүд”, Буриад ардын “Ижий минь”, “Бүүвэйн дуу” зэрэг дуунууд багтжээ. Дууны найруулгыг МУГЖ Б.Дашдондог, дуу хоолойны бичлэгийг S4 хамтлагийнхан, хөгжмийн найруулгыг “Aranza” студийн Б.Бат-Эрдэнэ хийжээ.
-108 ээжид зориулаад тоглолт хийнэ гэсэн?
-Зургаадугаар сарын 1-нд бид цомгийн нээлтээ хийхдээ 108 ээжийг хүүхэдтэй нь урьж тоглолт хийх юм. Бидний зассан хүндэтгэлийн ширээн дээр хамгийн тансаг хоолыг ээжтэйгээ идэнгээ тоглолтыг маань үзнэ. Мөн бид эх үрийн зургийн цомгийг өөрсдөд нь бэлэглэнэ. Харин тоглолтын дараа 108 ээж тэнгэр өөд гэрэлт зул өргөх юм. Энэ өдөр эх үр хоёр гайхамшигтай сайхан дурсамжийг сэтгэл зүрхэндээ тээж үлдэнэ.
Би ээждээ, эхнэртээ маш их хайртай. Тэднийгээ маш их санаж, үгүйлж байна. Тэднийхээ төлөө 108 сайхан ээжид мартагдашгүй дурсамж үлдээхээр зохион байгуулах юм. Та бүхэн 108 мянган төгрөгийн такс төлөөд ээжтэйгээ орно. Өөрөөр хэлбэл хоёр хүн 108 мянган төгрөгөөр орох юм. Энэ мөнгө их ч гэлээ идэж байгаа хоол, бэлгэнд авч буй зургийн цомог, дууны цомог, тоглолт, ээжтэйгээ өнгөрүүлж буй мөчтэй харьцуулашгүй.
ЭЭЖ МИНЬ НАМАЙГ ХАРЖ, СОНСОЖ БАЙГААГ СЭТГЭЛЭЭРЭЭ МЭДЭРДЭГ
-Та гурав нэгдэж уран бүтээл хийх болсон тухайгаа болон шинэ цомгийн талаар ярихгүй юу? Мөн дуучин Т.Дэлгэрмөрөн хамтран ажиллах санал тавихад хэрхэн хүлээж авсан бэ.
Э.Мөнхцэцэг:
-Бид гурав “Universe Best Songs 2012” наадмын шилдэг оролцогчид болж байлаа. Түүнээс хойш их сайхан нөхөрлөж ирсэн. Бид гурав үргэлж хамт бэлтгэлээ хийж, бие биеэ дэмжиж, болж бүтэхгүй юм болоход тусалж, сайн ойлголцдог учраас нэгдээд уран бүтээлээ хийж байна. Ирээдүйгээ маш сайхнаар төсөөлж, урлагт эргэлт буцалтгүй явна гэж боддог. Дуучин Дээгий ахын дэмжлэгээр бид өөрсдөдөө их итгэлтэй болсон.
Х.Авирмэд:
-“Авьяаслаг Монголчууд”-д Чука ах алтан баззер дарах үед юу болсныг сайн санадаггүй. Асар их сэтгэл хөдлөлтэй байсан. Тэрнээс хойш олон хүн намайг царайгаар, хоолойгоор минь таньдаг болсон.
Энэ цомог миний хувьд асар их өөрчлөлтийг авчирлаа. Би хүчтэй хоолойгоор дуулдаг байтал энэ цомогт их зөөлөрч, дотоод сэтгэлээ хүргэх талаас нь их бодсон. Миний хувьд ЭМШУИС-ийг төгссөн ч дуу хөгжмөө огт орхиогүй. Одоогоор зөвхөн урлаг, уран бүтээл л миний толгойд эргэлдэж байна. Тиймээс уран бүтээлээ хаяхгүй.
Т.Цогсогмаа:
-Би зургаан настайгаасаа дуулж, ирээдүйд дуучин болно гэсэн хүсэл мөрөөдлөө өвөртлөн СУИС-ийн дуулаачийн ангийг төгссөн. Өөрийнхөө хэмжээнд чамгүй хэдэн уран бүтээл хийж, дөрвөн клип, 7-8 дуу гаргасан.
Дэлхийн хөгжмийн салбарт дуучид хүчтэй гарч ирж, үнэлэгдэж, амжилттай явдаг нь цаана нь продюсерын маш том баг ажиллаж байдагтай холбоотой. Ганцаараа болохоор бүх зүйл удаан байсан. Гэтэл нэг л сайхан өдөр бид гурав энэ хүнтэй учирсан. Продюсертэй байх, продюсергүй байхын ялгаа асар их. Их сайхан хувь тохиол. Т.Дэлгэрмөрөн гэдэг ард түмэнд хүлээн зөвшөөрөгдсөн энэ хүнийг бүр их хайрлаж, хүндэтгэх сэтгэл төрж байна. Бидэнд маш их түшиг тулгуур болдог.
Т.Дэлгэрмөрөн:
-Эхэндээ би ямар хүмүүстэй ажиллаж байна аа гэж эргэлзсэн шүү /инээв/ Ард түмэндээ хүлээлгэж өгөхөд тэднийг маань тоох болов уу гэж бодож байлаа. Гэтэл миний биеийн шар үсийг босгосон. “Номин талст”-ын “Ээждээ дуулах дуу” дууг 20 жилийн дараа энэ гурав маань шинэчилж дуулахдаа “Номин талст”-аас илүү дуулсан. Аав хүн хүүхдээ шалгалтад онц аваад гараад ирэхэд баярладаг шиг би маш их баярласан. Энэ клипийг ивээн тэтгэсэн Учрал анддаа маш их баярлалаа. Чиний нэрийг заавал онцолж хэлмээр байна.
ЭЭЖҮҮДДЭЭ СЭТГЭЛИЙН ҮГЭЭ ХЭЛЛЭЭ
Х.Авирмэд:
Ээж маань чин үнэнийг хэлдэг хүн бий. Миний дуулж байгааг сонсож чаддаггүй хүн байх. Яагаад гэвэл алдчих вий гэж их айдаг. Дараа нь миний алдааг чин үнэнээр нь хэлдэг. Ээждээ маш их хайртай шүү.
Т.Цогсогмаа:
Миний ээж багаас минь намайг ойлгож, бүхий л зураг авалт, тоглолтын ард намайг дэмжиж, тусалж суудаг, миний ард бат зогсдог хүн. Урлагт их хайртай. Клипэнд ээжтэйгээ хамт тоглосон. Тоглолт дээр энэ мундаг дуучинтай ээжийнхээ өмнө дуулах гэж байгаадаа маш их баяртай байна.
Э.Мөнхцэцэг:
Ээж маань миний хамгийн сайн найз, хатуу үнэнийг хэлдэг хүн. Хамгийн сайн найздаа, хайртай ээждээ маш их баярлалаа, хайртай шүү. Маш зарчимч хатуу хүн байдаг. Гэхдээ охиндоо хамгийн зөөлнөөрөө ханддаг, миний хамгийн сайн туслагч, зөвлөгч.
Т.Дэлгэрмөрөн:
Хүнд байдаг хамгийн том шинжлэх ухааныг би оюун ухаан гэж боддог. Орших бие мөнх бус ч оюун ухаан мөнх байдаг учраас би ээжийгээ байгаа гэдэгт итгэлтэй байдаг. Миний ээж байгаа учраас би энэ хорвоо дээр оршиж байна. Ээжийнхээ үргэлжлэл болсон Т.Дэлгэрмөрөн би ээжийнхээ, хайртай бүсгүйнхээ, охин үрийнхээ төлөө амьдарч байна.
Намайг сонсож харж байгааг би сэтгэлээрээ мэдэрдэг. Би л харахгүй байгаа болохоос. Тандаа маш их хайртай шүү. Намайг энэ хорвоод төрүүлж, өсгөсөн нинжин сэтгэлийг би нар мэт авч явж байгаа шүү. Би ганцаархнаа энэ амьдралыг зовлонгоор хараагүй. Мянга мянган залуус аав ээжээсээ хагацсан. Гэхдээ таны хажууд аав тань, ижий тань байгаа. Эх үрсийн баярын мэнд хүргэе!
Тоглолт зургаадугаар сарын 1-ний өдөр Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн Хар Сувд хөлөг онгоцон дээр 20:00 цагт эхэлнэ.