Хаана очвол илүү сэтгэл хангалуун баярлах бол

Манай улс хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг албан ёсоор тэмдэглэдэг болсоор бүтэн жарныг үджээ. Бүр үндэсний хэмжээний баярын өдөр болгон тэмдэглэж, энэ өдөр амрахаар хуульчилсан цөөн орны нэг юм. Хүүхдийн баярыг Албани, Армен, Азербайжан, Ангол, Австрали, Болгар, Куба, Чех, Эквадор, Лаос, Вьетнам, Герман, Мозамбек, Польш, Румынь, Танзани, Йемен, Португал зэрэг олон улс оронд буюу дэлхийн өнцөг булан бүрд тэмдэглэдэг.

Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг ч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учраас анх 1924 онд Хүүхдийн эрхийн тухай тунхаглалыг Женевт баталжээ. Энэ цаг үеэс эхлэн хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай хууль ёсны ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон байна. Үүний дараа 1959 онд НҮБ-ын Ерөнхий ассамблей Хүүхдийн эрхийн тунхаглалыг баталсан түүхтэй.

Дээрх тунхаглалд “Хүүхэд нь бие бялдрын болон оюун ухааны хувьд төгс боловсроогүй байдлыг харгалзан түүнийг төрөхийн өмнө ч, төрсний дараа ч тусгай асрамж, хамгаалалт, үүний дотор эрх зүйн зохих хамгаалалт шаардана” гэж заасныг НҮБ анхааралдаа авч, хүүхдийн эрхийн тусгай конвенц байх шаардлагатай гэж үзэн 1989 онд баталсан юм. Энэхүү конвенцийг дэлхийн 191 орон хүлээн зөвшөөрч нэгджээ. Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэдэг болсон түүхээс товчхон өгүүлэхэд ийм.

Дайн байлдаан, үймээн самуунгүй манай улсын хувьд энэ өдрийг анхнаасаа баяр ёслолын байдалтай тэмдэглээд хэвшчихсэн. Гэхдээ “хүн хэлэхээс нааш анзаарахгүй, цаас чичихээс нааш цоорохгүй” гэгчээр энэ баярыг хэтэрхий улиг болсон аргаараа тэмдэглэдэг нь хүүхэд, эцэг эхчүүдийн аль алинд ядаргаатай, залхмаар санагддаг нь нууц биш. Зургаадугаар сарын 1-ний өглөө Төв талбай, Үндэсний соёл амралтын хүрээлэнг ёс юм шиг зорьж очоод халуун наранд нозоорч, олны хөлд уймарч ядарсан хүүхдүүд хэтэрхий өрөвдөлтэй харагддаг. Үнэндээ зарим нь ямар утга учиртай арга хэмжээнд яах гэж ирснээ ч мэддэггүй.

Уг нь паркийн тоглоомон дээр хэзээ л бол хэзээ тоглох боломжтой. Заавал зургаадугаар сарын 1-нд урт дараалал үүсгэн байж тоглох гэж зүтгэх, тэрэндээ ундууцах албагүй шүү дээ. Д.Сүхбаатарын талбайг ч хэзээ л бол хэзээ очиж үзэж болно. Магадгүй энэ өдөр хаана ямар арга хэмжээ болохыг мэддэггүй учраас уламжлал ёсоор “Юу ч болсон талбай, тэгээд парк оръё” гэдэг чиглэл эцэг эхчүүдийн олонход бий.

Тэгээд хүүхдүүдээ аваад гардаг. Орой нь замын түгжрэлд өдрийн дийлэнхийг өнгөрөөж, ядарч залхсан хүмүүс орж ирнэ. Баярлаад ч байгаа юм шиг, үгүй ч юм шиг сэтгэгдэл гэр бүлийн гишүүдийн хэн хэнд нь төрнө. Тэгвэл энэ өдрийг гэр бүлээрээ илүү үр дүнтэй өнгөрөөх хувилбар бас бий. Энэ өдрийн турш таны хөтөч “Монголын мэдээ” сонин байх болно.

ХАНХҮҮ, ГҮНЖҮҮДИЙН “HAPPY CHILDREN’S DAY” ШАНГРИ-ЛА МОЛЛД БОЛНО

Хэрэв хүүхэд тань нарны харшилтай, мөн жил болгон талбай явсаар байгаад залхчихсан бол энэ хувилбарыг танд санал болгож байна. Таны бяцхан ханхүү, гүнж нарт зориулаад Шангри-Ла моллын ах эгч нар нь өвөрмөц сонирхолтой арга хэмжээний хөтөлбөр бэлтгэжээ. Дээрээс нь эхний 1000 хүүхдэд итали зайрмаг үнэгүй гээд бод доо. Халуун өдрийн хачин гоё амт шүү. Тайзны арга хэмжээ 11 цагт “My little pony” мюзикл тоглолтоор эхэлнэ. Харин 14 цагт Pororo болон түүний найзууд ирж мюзикл тоглолтоо бяцхан ханхүү, гүнж нарт сонирхуулах юм байна.

Мөн 16 цагт “Бяцхан хатагтайн хүүхэлдэйн театр” бүрэн хэмжээний тоглолттой юм билээ. Дараа нь 17 цагт “Бяцхан чоно Энжи”-тэй юм байна. Бусад арга хэмжээний тухайд гэвэл I давхарт хүүхдийн ном, тоглоомын хямдралтай худалдаа болон үнэгүй тоглоомууд ч байх нь. II давхарт бяцхан хатагтай нарт зориулсан хумс будалт, үлгэрийн баатруудын дүрд хувиргах нүүр будалтын үйлчилгээтэй.

Мөн шаараар тоглоом урлагч үнэ төлбөргүйгээр хүүхдэд хүссэн амьтныг нь хийж үзүүлнэ. III давхарт дахиад шаараар тоглоом урлагч угтах ч энд фото зургийн бүхээг, хөгжилтэй зурагт хана ч байгаа. Дашрамд дуулгахад, энд зохион байгуулж буй арга хэмжээ ямар ч үнэ төлбөргүй. Дээрээс нь нэмээд бэлэгтэй. Гэхдээ бүх хүүхдэд биш. Эрт босдог хүүхдийг бурхан шагнадаг учраас түрүүлж ирсэн сэргэлэн цовоо багачууддаа 1,000 ширхэг итали зайрмаг бэлэглэхээр бэлджээ. Энэ мэтийн олон сюрпризээр хүүхдээ баярлуулахыг хүсвэл мөн асууж лавлах зүйл байвал 70101155 утсаар холбогдоорой.

XIII ЗУУНААР АЙЛЧЛААД ИРЭХ БОЛОМЖ Ч БИЙ

Олны ярьж заншсанаар лааны тосон музей буюу “Чингис хаан вакс музей” нь “Түүхэн үнэнийг урлагийн бүтээл болгоно” гэсэн уриатай ажилладаг. Хүүхэд аав ээжтэйгээ байхдаа л хамгийн их аз жаргалтай, сэтгэл хангалуун байдгийг судлаачид нотолсон нь бий. Тиймээс энэ үеийг хамгийн үр дүнтэй, чанартай ашиглах хэрэгтэй юм. Хүүхэд гэхээр л хэт нялхарч, дандаа эрхэлж байх ёстой юм биш. Гэр бүлээрээ үр өгөөжтэй, бас зугаатай бяцхан аялал хийхээр төлөвлөсөн бол таны очих газар “Говь” үйлдвэрийн зүүн талд байрлах тус музей байвал ямар вэ.

Энд ирснээр танай гэр бүлийнхэн Эзэн Чингис хааныхаа түүхтэй танилцан XIII зууны үеийн ахуйд айлчлаад ирэх болно. Монголын нууц товчооноос сэдэвлэн урласан их хаан болон хатад, хөлөг баатруудын 15 баримал энд бий. Мөн цэрэг дайны хар сүлд, есөн хөлт цагаан тугийг ч тосоор урлажээ. Хүсвэл түүхэн хүмүүстэй болон хар сүлд, есөн хөлт цагаан тугны өмнө, үндэсний хувцас өмсөн зургаа авхуулж болох нь.

Лааны тосон музейг том хүн 8,000 төгрөг, хүүхэд 5,000 төгрөгөөр үздэг юм байна. Харин мэргэжлийн гэрэл зураг авах бол 10 мянган төгрөг, видео камерын бичлэг хийх бол 25 мянган төгрөг, үндэсний хувцас өмсөж зураг авхуулбал 5,000 төгрөгийн үнэтэй аж. Энэ зуны турш амралтгүй ажиллана. Гэхдээ эхлээд заавал 99534013, 86864013, 94444013 утсаар холбоо бариарай.

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ БАГА НАСНЫХАНД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ

Хамгийн их үзэж харах зүйл, сонирхолтой үүх түүхтэй газар бол Богд хааны ордон музей гэдэгтэй маргах хүн үгүй биз. Энэ музей бол Монгол Улсын шашин төрийг хослон баригч хэмжээгүй эрхт эзэн хаан VIII богд Жавзандамба хутагтын амьдарч байсан өвлийн ордон юм. Энэхүү ордон музей нь муу ёрын сүнснүүдээс хамгаалсан Хаалттай хаалга буюу Ямпай хана, Богд хаан болон түүний хатан, ойр төрлийн садангийн хүмүүс нь ордог Нээлттэй хаалга буюу Асарт хаалгатай.

Мөн VIII Богдыг хэмжээгүй эрхт хаанаар өргөмжилсөн явдалд зориулж найман баганан дээр долоон давхар дээвэр хийж, нэг ч хадаас оруулалгүй 108 төрлийн оньсоор угсарч барьсан Амгалан энхийн хаалга гээд үүднээсээ эхлээд шашин соёлын түүхийг өгүүлнэ. Тус ордон музей хашаан дотроо зургаан сүм нэг асартай юм. Мөн Монголд хамгийн анх баригдсан хоёр давхар европ загварын байшин ч бий.

Хэрэв музейг үзэж сонирхохыг хүсвэл том хүн гадаад, монгол ялгаагүй 8,000 төгрөг, оюутан бичиг баримтаа авчраад 3,000 төгрөг, сургуулийн насны хүүхэд 1,500 төгрөг, таваас доош насны хүүхэд үнэ төлбөргүй үздэг юм байна.

XIII-XX ЗУУНЫ ҮЕИЙН МОНГОЛ ХУВЦАСНЫ ГАЙХАМШИГ

Монголын үндэсний музей “Хүүхдийн баяр”-аар бяцхан багачууддаа зориулан “Баатрууд боловсролын хөтөлбөр”-ийг бэлтгэсэн гэнэ. Хөтөлбөрийн хүрээнд XIII-XIV зууны үе болон XVII-XX зууны үеийн хүмүүсийн хувцас, баатруудын хувцсыг өмсөж, зургаа үнэ төлбөргүй авхуулах боломжтой аж. Тус музей нь монгол нутагт хүн анх аж төрөх болсон хуучин чулуун зэвсгийн үеэс эдүгээ хүртэлх нүүдэлчдийн түүх, соёл, өв дурсгал, угсаатны зүй, уламжлалт зан заншлыг товчлон үзүүлсэн үзвэрийн 10 танхимтай.

Мөн музейн сан хөмрөгтөө 56 мянган үзмэртэй юм байна. Харин тус өдөр 09:00-19:00 цаг хүртэл ажиллах бөгөөд ЕБС-ийн сурагчид 1,000 төгрөг, гэр бүлийн тасалбар 6,000, цэцэрлэгийн багачууд үнэ төлбөргүй үйлчлүүлж болно гэнэ лээ. Монголын үндэсний музей нь Төрийн ордны баруун талд байрладаг. 100-3,000 төгрөгөөр хүссэн тоглоомоо тогло Зургаадугаар сарын 1-нд Тэнгис кино театрт ирсэн хүн бүр азтан болох боломжтой.

Тодруулбал, энэ өдөр хүрэлцэн ирсэн хүмүүсийн дундаас 10 азтан шалгаруулж, “Карибын тэнгисийн дээрэмчин” киноны уран бүтээлчдийн бэлтгэсэн гарын бэлгийг өгөх гэнэ. Харин тус кино театрт байрлах “UB Game” тоглоомын газар 10:30- 23:00 цаг хүртэл ажиллана.

Энд бяцхан дүү нар маань 30 гаруй төрлийн тоглоомоос сонгох боломжтой. Тухайлбал, машин, мотоцикл, буудлага гэх мэт хөдөлгөөнт тоглоом байгаа аж. Харин үнийн хувьд 100-3,000 төгрөгөөр хүссэн тоглоомоо тоглоно.

ХҮҮХЭД БҮР ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН МУЗЕЙД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ СААТААРАЙ

Монголын үлэг гүрвэлийн төв музейд зургаадугаар сарын 1-нд зочлон очсоноор Цэрдийн Галавын Гайхамшгийг сонирхохоос гадна алдарт Т.Батаарын үзмэрийг үнэ төлбөргүй сонирхох болно. Мөн музейн хамт олноос зарласан “Дино сэлфи” уралдааны бяцхан ялагчид тодорч, бэлгээ гардан авах юм байна. Түүнчлэн хүүхдийн баярын үйл ажиллагааны хүрээнд хүрэлцэн ирсэн хүүхэд багачуудын дунд гар зургийн уралдааныг ч явуулах гэнэ. Тус музей 10:00-19:00 цаг хүртэл ажиллах бөгөөд Тэнгис кино театрын зүүн талд байрладаг.

ОЙН ХҮРЭН БААВГАЙ, ЦӨӨВӨР ЧОНО, ШҮЛҮҮСНИЙ ХҮРЭЭЛЭН

Хэрвээ та хүүхдээ аваад агаар салхинд гарч, хотын түгжрэлээс холдохыг хүсэж буй бол Төв аймгийн Баянчандмань сумыг зориорой. Тэнд та хүүхдээ хэзээ ч мартахааргүй дурсамжтай зүйлийг үзүүлж чадна. Тодруулбал, Монголдоо цор ганцад тооцогдож байсан амьтны хүрээлэнд тэнд үйл ажиллагаа явуулаад багагүй хугацаа өнгөрчээ. Энэхүү амьтны хүрээлэн 2015 оны долдугаар сараас эхэлж Баянчандмань суманд үйл ажиллагаагаа эхэлж хүүхэд багачуудын нүдийг баясгаж байгаа юм.

ОХУ-аас ирсэн могой, баавгай, цөөвөр чоно, мануул, шилүүс зэрэг Монгол оронд болон дэлхий дахинд нэн ховордсон амьтдыг та мэргэжлийн хөтөч, тайлбарлагчийн тусламжтайгаар үзэх боломжтой. Тус амьтны хүрээлэн одоогоор 40 гаруй төрлийн 100-гаад амьтныг хүүхэд багачууддаа үзүүлж байна.

Харин үнийн хувьд хүүхэд: 2,500, том хүн 3,000 төгрөгөөр үзүүлж байгаа бөгөөд амьтадтай зураг татуулах үйлчилгээ ч байгаа аж.

“ХАРИЛЦААНЫ ЗОО ПАРК” 30 ХУВИЙН ХЯМДРАЛТАЙ

Бяцхан үрсээ сонирхолтой, мартагдашгүй дурсамжтайгаар баярлуулахыг хүсвэл амьтны хүрээлэнг зориод үзээрэй. Монголд анхныд тооцогдох “Харилцааны зоо парк” “Хүннү малл” их дэлгүүрийн гурван давхарт байрлаж байгаа. “Харилцааны” гэж тодотгосны учир гэвэл сонирхсон амьтдаа нэг удаа хараад өнгөрөх бус хүрч, илж, тэвэрч, хооллож, бүр үнсэх ч боломжтой гэдгээрээ онцлог юм.

Тэнд үе удмаараа амьтны хүрээлэн, үржүүлгийн газраар дамжсан элбэнх, үхэр зараа, үен, хэрэм, суусар, могой, үнэг, “Симба” хүүхэлдэйн кинонд гардаг Тимон, “Бэнби”-д гардаг өмхий хүрэн гэх мэтчилэн 29 төрлийн 60 гаруй амьтан байдаг бөгөөд тун удахгүй сармагчин, хэд хэдэн төрлийн мэрэгч амьтдаар бүл нэмэх гэнэ. Хамгийн гол нь, тэдгээр амьтад гаднах орчныг мэдэхгүй хүний гар дээр өссөн учир ямар ч аюулгүй гэдгийг ажилтнууд нь тодотгосон юм.

Гэхдээ амьтан учраас махчин төрлийн амьтдыг ойроос харахыг хүсвэл харгалзах хүнтэй хамт орж харах боломжтой аж. Харин олон улсын хүүхдийн баярт зориулсан үйл ажиллагааны тухайд тус парк зургаадугаар сарын 1-нд хүүхдүүдэд 30 хувь, 2-нд 20 хувийн хямдрал үзүүлэх юм байна.

Энгийн үед “Харилцааны зоо парк” хүүхэд 12 мянга, том хүн 15 мянга гэсэн тарифтай байдаг бөгөөд зөвхөн дээрх өдрүүдэд 8,400-9,600 төгрөг болон хямдарна.

Мөн гурав хүртэлх насны хүүхдэд үнэгүй. Гурваас дээш хүүхэдтэй гэр бүл, анги хамт олонд тухайн өдрөөс шалтгаалан 20 хүртэлх хувийн хямдрал үзүүлдэг юм байна. Түүнчлэн, амьтдын хоолыг зөвхөн дотроос авах бөгөөд үнэ нь 2,500 байдаг аж.

“НЕМО” МИНИ ЗОО ПАРКИЙН ГАДНАХ ТАЛБАЙД ЗАГАС БАРИХ ТЭМЦЭЭН БОЛНО

Өнөөдрийн хүртэл нийслэлд амьтны хүрээлэн төдийлөн их байсангүй. Харин сүүлийн үед шинэ содон амьтадтай, мини амьтдын хүрээлэн хүүхэд багачуудын өмнө ээлж дараалан хаалгаа нээсээр байна. Тодруулбал, бидний нэрлэж заншсанаар “Вива сити” хорооллын “Фермерүүд” захын баруун талд “Немо” амьтны дэлгүүр, мини зоо парк үйл ажиллагаагаа явуулж байна. “Хүннү молл” их дэлгүүрээс холгүй орших энэхүү мини хүрээлэн харьцангуй хямд үнэтэй аж.

Тодруулбал, хүүхэд 1,500, том хүн 2,500 төгрөгийн үнэтэй. Гэхдээ тухайн амьтдад хүрч, хооллож, тэвэрч болохгүй гэдгээрээ ялгаатай юм байна.

Мини хүрээлэнд матар, сармагчин, гүрвэл, тоть, төрөл бүрийн загас гэх мэтчилэн 20 гаруй төрлийн амьтад байдаг аж. Үнийн хувьд харьцангуй хямд учраас хүүхдийн баярыг тохиолдуулан тусгай хямдрал зарлахгүй гэнэ. Гэхдээ гаднах талбайдаа тун сонирхолтой үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Тус мини амьтны хүрээлэнгийн гадаах талбайд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр томоохон хэмжээний цөөрөм байгуулж, загаснууд хийх бөгөөд зорин очсон хүүхдүүдийн дунд “Загас хэн сайн барих вэ” уралдааныг зохион байгуулах гэнэ. Оролцсон хүүхдүүд жижиг уургаар загас барьж, түүнийгээ буцаан тавих зэргээр хөгжилдөх боломжийг тэд олгож байна. Мөн энэ үеэр “Хэн хамгийн олон загас барих вэ”, “Хэн хамгийн том загас барьсан бэ” зэрэг уралдаан тэмцээн болох юм байна. Мэдээж, хүүхдийн баяр учраас сонирхсон хүүхдүүд ямар нэг хураамж төлөхгүйгээр үнэ төлбөргүй оролцох боломжтой. Загас барих тэмцээн зургаадугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …