ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, Цагдаагийн хурандаа П.Батбаатартай цаг үеийн асуудлаар цөөн хором ярилцлаа.
-Он гарсаар нэлээд хугацаа өнгөрчээ. Өөрөөр хэлбэл, хагас жил шахуу. Эрүүгийн нөхцөл байдал энэ хугацаанд ямар байв?
-Монгол Улсын хэмжээнд оны эхний таван сарын байдлаар 11022 гэмт хэрэг бүртгэгдсэний 7036 нь Улаанбаатар хотод, үлдсэн нь орон нутагт гарчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал гэмт хэрэг 11.7 хувиар буурсан үзүүлэлт юм. Гарсан гэмт хэргийн илрүүлэлт 59,5 хувьтай байна. Энэ нь хэрэг илрүүлэлт 3.2 хувиар өссөн гэсэн үг. Гарсан гэмт хэргийг одоогийн мөрдөж байгаа хуулиар авч үзвэл хөнгөн гэмт хэрэг 8.2 хувиар, хүндэвтэр гэмт хэрэг 16 хувиар, хүнд гэмт хэрэг 8.1 хувиар, онц хүнд гэмт хэрэг 8.8 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна. Жилд ойролцоогоор 26-28 мянган гэмт хэрэг бүртгэгддэг тоо баримт бий. Гэхдээ бид олон арга хэмжээг авч хэрэгжүүлсний үр дүнд гэмт хэргийн гаралт буурсан. Жишээлбэл, шөнийн цагаар гэмт хэрэг гарах магадлал өндөр байдаг учраас шөнийн эргүүлийг зохион байгуулж ажилласан. Ингэснээр тодорхой хэмжээгээр гэмт хэргийн гаралтыг буруулсан гэж үзэж байгаа.
Мөн дугуйт эргүүл, морьт эргүүл, сургуулийн эргүүл, оюутан цагдаа зэрэг шинэ төрлийн эргүүлийг зохион байгуулсан нь үр дүнгээ өгч байна.
Цагдаагийн албаны хууль шинээр батлагдаж гарсантай холбогдуулж цагдаагийн байгууллага бүтэц зохион байгуулалтаа хуульдаа зохицуулж шинэчилсэн.
Мөн нийт гэмт хэргийн 30-40 хувийг эзэлдэг хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх газар, сүүлийн үед нэлээд ихсэх хандлагатай болж байгаа хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлттэй тэмцэх чиглэлээр Хар тамхитай тэмцэх газар болон ЦЕГ-ын бүтцэд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг шинээр байгуулсан зэрэг тодорхой ажлууд хийгдсэн. Цагдаагийн албаны хууль батлагдсанаар цагдаагийн байгууллага нь төрийн тусгай алба болон хуульчлагдаж өмнө нь дүрэм, журам заавраар зохицуулагдаж байсан алба хаагчийн үүргээ гүйцэтгэх эрх үүргийн зохицуулалтуудыг хуульчилж өгснөөр алба хаагчид албандаа итгэх итгэл, ажлаа хэвийн гүйцэтгэх баталгаатай болсон.
-Сургуулийн гадна сүүлийн үед бага ангийн хүүхдийг эцэг, эхэд нь хүлээлгэж өгдөг болсон. Заавал гарын үсэг зурж хүлээлгэж өгнө гэдэг нь ажил эрхэлдэг эцэг, эхчүүдэд хүндрэл учруулж байна гэх шүүмжлэл бий. Цаашид энэ зохион байгуулалтаараа явах уу?
-ЦЕГ-т Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийг байгуулсан гэж хэлсэн. Уг хэлтэс дотроо Хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх нэгжтэйгээр үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ нь 2017 оны хоёрдугаар сарын 1-ээс Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль шинээр мөрдөгдөж ирсэнтэй холбоотой. Тус хэлтсээс хийж буй ажлуудын нэг нь таны хэлсэн зүйл. Хуульдаа бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гудамж замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх заалттай. Хуулийн заалтыг хангуулах чиглэлээр хийгдэж байгаа ажил. Ер нь дэлхийн жишигт ч ийм л байдаг.
-Сонгуулийн санал тоолох машиныг худалдаж авах оролдлого хийсэн гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. Үүнтэй холбоотой хяналт, шалгалтыг танайхаас хийж байгаа юу?
-Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвөөс цагдаагийн байгууллагад “Сонгуулийн ерөнхий хороотой хамтарч ажилладаг Канад улсын “Доминион вөүтинг системс” гэх компанид “Шинэ яармаг” ХХК-ийн захирал, Монгол Улсын иргэн У сонгуулийн санал тоолох машиныг худалдаж авах, хамтарч ажиллах хүсэлт тавьсан байдал нь Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооноос тус компанитай байгуулсан гэрээг зөрчсөн учир шалгаж өгнө үү” гэсэн хүсэлт тавьсан. Хүсэлтийг үндэслэн Эрүүгийн цагдаагийн алба шалгаж байна. Ер нь сонгуультай холбоотой нийт 17 гомдол ирснийг цагдаагийн байгууллага шалгаж байна.
-Тухайлбал?
– “Улаан тарианы хүүхдүүд” нэртэй нэвтрүүлэг цацагдаж 200 хүний толгойг авна гэх мэтчилэн хууль зөрчсөн иргэдийн тархийг угаах зорилготой мэдээ мэдээлэлтэй холбоотой хэргийг шалгаж байгаа.
-Сонгуультай холбоотойгоор цахим орчинд нэг нэгийгээ үндэс угсаагаар нь доромжлох асуудал газар авч байна. Энэ байдал нь хууль зөрчсөн явдал мөн үү?
-Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулаад нэр дэвшигч болон нэр дэвшүүлсэн хуулийн этгээдүүдээс, дэмжигчдээс нэр дэвшигчдийг ор үндэсгүй гүтгэх, доромжлох асуудал газар авах хандлагатай байна. Энэ нь нэгдүгээрт, Сонгуулийн хууль, тогтоомжууд, сонгууль явуулах зарчим, шударга байх, хуулиа дээдлэх зэрэг зарчмыг зөрчиж байна. Хоёрдугаарт, Эрүүгийн хуулийн тодорхой зүйл ангиуд болох гүтгэх, доромжлох, үндэсний эв нэгдлийг бусниулах, зандачлах гэх мэт зүйл ангиудыг зөрчсөн үйлдэл нэлээд гарах болсон. Жишээлбэл, Сүхбаатарын талбайд приус машин шатаасан үйлдэл нь төрийн албан тушаалтныг тодорхой шийдвэр гаргуулахаар, гаргасан шийдвэрийг цуцлуулах зорилгоор олон нийтэд аюултай аргаар зандачлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байна. Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль болохтой холбогдуулж нэр дэвшигчид, нам эвслүүд ард түмнийг талцуулах, хагаралдуулах байдал нь Эрүүгийн хуулийн 86 дугаар зүйл ангид үндэсний эв нэгдлийг бусниулах гэмт хэргийн шинжийг агуулж байгаа. Монгол Улсын Үндсэн хуульд Монгол Улсын Ерөнхийлөгч бол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч мөн гэж заасан байдаг. Гэтэл эв нэгдлийг илэрхийлэл болсон албан тушаалын төлөө өрсөлдөж байгаа зарим нэр дэвшигчдийн зүгээс ард түмнийг хагалан бутаргах, талцуулах зорилготой ухуулга, сурталчилгааг цахим орчинд ихээр түгээж байх шиг.
–Сошиал орчинд “Цэнхэр халим” гэх тоглоом нийгмийг цочроогоод эхэллээ. Манай улсад аль хэдийнэ ороод ирсэн гэх. Цагдаагийн байгууллагад энэ тал дээр тодорхой шалгалт хийж, хяналт тавьж байна уу?
-Цагдаагийн байгууллагын Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс энэ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байгаа. “Цэнхэр халим” гэх тоглоом анх ОХУ-д дэлгэрч эхэлснээс хойш манай цагдаагийн байгууллага Монголд орж ирж болзошгүй гэж үзэж энэ чиглэлээр хяналт тавьж эхэлсэн. “Цэнхэр халим”-д уриалан дуудсан дөрвөн фейсбүүк хуудсыг устгаж, хууль бус гэдэг сануулга, анхааруулга өгч цахим ертөнцөд энэ талаар мэдээ, мэдээлэл оруулахгүй байх хяналт тавьсны үр дүнд Монгол Улсад энэ төрлийн тоглоомд донтож, хууртагдсан, хохирсон тохиолдол гараагүй.
-Сонгуультай холбоотойгоор цагдаагийн байгууллагаас хэрхэн зохион байгуулалтай ажиллах вэ. Сонгууль болох үеэр долоодугаар сарын 1-ий үймээн самуун давтагдахвий гэсэн айдас нийгэмд байдаг?
-Цагдаагийн байгууллага сонгуулийн тухай хууль тогтоомжид зааснаар саналын хуудас хэвлэгдэх үеэс эхлэн саналын хуудас болон санал тоолох автомат төхөөрөмжийг санал авах тойрог хэсгийн хороодод хүргэх үеийн хамгаалалт, тойрог хэсгийн хороодод саналын хуудас болон төхөөрөмж хүргэгдсэн үеэс эхлэн цагдаагийн байгууллага 24 цагийн хамгаалалтад авдаг. Мөн сонгуулийн үеэр бүх алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж ажилладаг. Энэ жишгийн дагуу бэлтгэл ажил хийгдээд, удирдамж төлөвлөгөө гараад тодорхой ажлуудыг хийж бэлтгэлээ бүрэн хангасан.
-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль гээд шинээр хуулиуд батлагдсан. Эдгээр хууль батлагдсаны ач холбогдол юу вэ?
-Дээрх дөрвөн хууль батлагдаад долоодугаар сарын 1-ээс мөрдөгдөхөөр хуульчлагдсан. Цагдаагийн байгууллагын зүгээс хуулийн сургалт, сурталчилгааны ажлыг Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулж байна. Эдгээр хуулийн ач холбогдол гэвэл, Зөрчлийн хууль өмнө нь 200, 300 салбар болгоны хуульд хариуцлага тооцохоор салангид орсон байсан зүйл заалтуудыг нэгтгэж нэг хууль болгосноороо иргэдэд ойлгомжтой болсон. Мөн хэрэгжүүлэгч байгууллагууд нэг хуулийг нэг мөр болгож үйл ажиллагаа явуулахад давуу талтай болсон. Гэх мэт шинэлэг хуулиуд болсон гэж харж байгаа. Нэгэнт батлагдсан хуулийг дагаж мөрдөөд хэрэгжүүлэх бүхий л боломжтой ажил арга хэмжээг зохион байгуулаад үнэхээр амьдралд нийцэхгүй, манай хөрсөнд буугаагүй зүйл заалтууд байвал явцын дунд эрх бүхий байгууллагад нь саналаа тавьж өөрчлөх, шинэчлэх боломжтой тул цагдаагийн байгууллага хуулийг нэг мөр хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна.
Эх сурвалж: “Өдрийн сонин”
Д.Сүрэн