“Сонгууль дөхөх тусам элдэв гүтгэлэг, хардлага сэрдлэг худал мэдээлэл цацагдаж, олон нийтийг төөрөгдүүлж байна. “Тэрхүү ташаа мэдээлэл түгээгчид дунд асуудлыг хөндлөнгөөс үнэн зөв, бодитой дүгнэх үүрэг бүхий судлаач, шинжээчид ч багтаж байгаа нь харамсалтай” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар яриандаа тодотгосон юм. Бид түүнээс сүүлийн үед хэвлэн нийтлэгдсэн зарим мэдээллийг тодруулан ярилцлаа.
-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болоод түүний багийнхан МАН-аас нэр дэвшигчийг дэмжин ажиллаж байна гэсэн мэдээллийг нэгэн судлаач нийтлэлдээ дурджээ. Үүнд ямар нэгэн хариу өгөх вэ?
-Энэ бол дэмийрэл. Судлаач хэмээх Д.Ганхуяг өөрийн блогтоо бичиж хэвлүүлсэн нийтлэлдээ Монгол Улсын Ерөнхийлөгч, түүний зөвлөхүүдийн нэр хүндтэй холбоотой ташаа мэдээллийг олон нийтэд түгээж байна. Д.Ганхуяг тавдугаар сарын 17-ны өдөр нийтэлсэн “Ц.Элбэгдоржийн хойд дүр”, зургадугаар сарын 2-ны өдөр нийтэлсэн “Чөтгөрийн тойргийг эвдэхийн учир” нийтлэлүүддээ ор үндэслэлгүй мэдээллийг давтан мэдээлжээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, МАН-аас сонгуульд нэр дэвшсэн М.Энхболдтой улс төрийн тохироо хийж, өөрийн итгэлт хүн А.Ганбаатар болон бусад Пи Ар (PR)-ын багийн хүмүүсээ М.Энхболдыг дэмжих зорилгоор ажиллуулж байгаа гэсэн худал мэдээллийг цацжээ. Энэхүү мэдээлэл бол ор үндэслэлгүй, буруу ташаа мэдээлэл гэдгийг албан ёсоор няцааж байна. Сүүлийн үед судлаач нэрээр эрүүл эсэх нь эргэлзээтэй хүмүүс олширч байна шүү дээ. /Инээв/
-Та тэгээд юу хийгээд байна?
-Би Ерөнхийөгчийн зөвлөхийн үүрэг хүлээсэн ажлаа хийж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд бүрэн эрхийнхээ найман жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа тавьж, ард олноороо хэлэлцүүлдэг улс төрийн шинэ соёл жишиг тогтоож завгүй ажиллаж байна. Сүүлийн саруудад “Ардын үг” зөвлөлдөх уулзалтад анхаарал хандуулан ажиллаж байгааг хүмүүс анзаарсан биз ээ. Зөвлөлдөх уулзалтаар үндэсний аюулгүй байдал, гадаад бодлого, байгаль орчин ногоон бодлого, хууль, шүүхийн шинэчлэл, шууд ардчилал иргэний оролцоо, монголын дархлаа, монгол хүний үнэ цэнийг дэлхийн нийтэд өсгөх чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байна. “Ардын үг” төслийн дагуу хийж буй тайлан зургадугаар сарын 15-ны өдөр бүх цэргийн хар сүлдийг цэнгүүлснээр өндөрлөх юм. Энэхүү тайлангийн ажилд Ерөнхийлөгчийн зөвлөхүүд бүрэн төвлөрч ажиллаж байна. Тиймээс би энэ удаагийн сонгуулийн сурталчилгаа, Пи Ар-т ямар нэг байдлаар оролцоогүй. Харин бусад нэр дурдагдсан хүмүүсийн тухайд уран бүтээлийн чиглэлээр хамтарч ажиллаж байхыг үгүйсгэхгүй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр найман жил ажилласан хүний хувьд төрийн нэр хүндтэй ажлыг илүү хүндэтгэж, сонгуулиас хол байгаа гэдгээ албан ёсоор хэлье.
-Таны хувьд сонгуульд оролцохгүй байна гэхээр үнэмшихэд бэрх санагдаж байна. Жаахан тодруулаач?
-Миний хувьд 2000 оноос хойшхи бүх сонгуульд Ардчилсан намын олон нийтийн харилцаа PR-ыг хариуцан ажилласан. Үүнийг маань Ардчилсан намынхан төдийгүй олон хүн мэдэх биз ээ. Гэтэл ийм хүнийг өөр намын сурталчилгаанд ажиллаж байна гэсэн хардлага, цуурхлыг хэсэг хүмүүс зорилготойгоор тарааж байгаа нь харамсалтай юм. Ардчилсан намд элссэнээс хойш өнөөг хүртэлх хугацаанд нэг чиг шугаман дээрээ баттай зогсож ирснээ журмын нөхдөдаа дашрамд дуулгая. Зүй нь бол намаас илүү төр гэж байна. Төрийн тэргүүн ажлаа тайлагнаж байхад зөвлөх нь тэр ажлыг орхигдуулаад өөр зүйлд санаа тавих нь зохимжгүй, ёс зүйгүй асуудал шүү дээ. Гэхдээ би намынхаа анхан шатны нэгжид хүлээсэн үүргээ биелүүлнэ.
-Төрийн өндөр дээд албан тушаалтнууд хийж хэрэгжүүлсэн ажлаа тайлагнаж байсан тохиолдол урьд өмнө нь байгаагүй. Ерөнхийлөгч бүтэн найман жилийн ажлаа олон нийтэд эргэн сануулсан, хийсэн бүтээснээ мэдээлсэн нь бусад улстөрчдөд ч сайн жишгийг тогтоож байна гэж ойлгож болох уу. Монголчууд мартамхай. Өнгөрсөн найман жилийн турш болсон үйл явдлыг аль хэдийнээ мартсан байдаг. Тэр бүгдийг эргэн сануулж, үнэлж цэгнэж буй хэрэг үү?
-Тэгэлгүй яахав. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрсөн найман жилд хийж хэрэгжүүлсэн ажлаа зургаан бүлэгт багцлан танилцуулж байна. Нийтдээ тов тодорхой зуу гаруй ажлын ард гарчээ.
“Ардын үг” төсөлд оролцож буй хүмүүс Ерөнхийлөгчийн хийсэн ажилд үнэлгээ дүгнэлт өгсөн. Зөвлөлдөх ардчиллын хэлбэрээр явуулж буй хэлэлцүүлгийн үеэр хүмүүс Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлсэн олон ажилд 10 онооноос наймаас дээш өгч байгаа нь хийж хэрэгжүүлсэн ажил нь олонд хүрсний илэрхийлэл юм.
Манайхан мартамхайгаас гадна өнөөдрийн мэдээллийг маргааш марттал мэдээллээр булж байна. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн бодлогыг хараар будах үүднээс худал гүтгэлэг цацсан нь ч багагүй. Тиймээс зөвлөлдөх хэлэлцүүлгээр хүмүүст үнэн зөв, бодит мэдээлэл хүргэж, хийж хэрэгжүүлсэн ажлуудыг эргэн сануулж байгаа нь цаг үеэ олсон юм болов уу гэж боддог.
-Зөвлөлдөх уулзалтад оролцож буй хүмүүсээ хэрхэн сонгосон бэ. Ерөнхийлөгч ажлаа тайлагнахдаа цөөн хүрээний, тухайн асуудлыг сайн мэддэг хүмүүсийг л оролцуулж байна гэсэн хардлага бас гарсан?
-Ерөнхийлөгчийн найман жилийн ажилд үнэлэлт, дүгнэлт өгөх ‘Ардын үг’ зөвлөлдөх аяныг Монголын медиа корпорациас зохион байгуулж байна. Миний ойлгосноор зөвлөлдөх уулзалтад оролцох хүмүүсийг түүврийн аргаар санаандгүй сонгодог гэсэн. Тэгэхээр танил тал, ойрын хүрээний гэдэг юм уу, зориудаар цуцлуулсан хүмүүсийн хүрээнд зөвлөлдөх уулзалт хийх боломжгүй. Эгэл жирийн иргэдийг санаандгүй байдлаар сонгон оролцуулж, үнэлгээг нууцаар авч байгаа болохоор зөвлөлдөх ардчиллыг өнөөдөр хамгийн шилдэг арга гэж би хувьдаа үнэлсэн.
Миний хувьд Ерөнхийлөгчийн бодлого, үйл ажиллагааг олон нийтэд хүргэх, олон нийтийн санал хүсэлт, сайн санаачлагыг Ерөнхийлөгчид танилцуулж тайлагнах, хийж хэрэгжүүлэх ажил, мөрийн хөтөлбөрт тусгуулах гэхчилэн нийгмийн бодлогын чиглэлийн өргөн хүрээнд ажиллалаа. Тухайлаад хэвлэл мэдээлэл, урлаг, соёл, спортын салбарыг дэмжих, энэхүү дэмжлэгээр дамжуулан Монгол орноо гадаадын улс орнуудад сурталчлах зөөлөн дипломатын аргыг өнгөрсөн хугацаанд чухалчилж ирсэн. Ганцхан жишээ дурьдахад Ерөнхийлөгч Монгол Улсын бахархал, монголчуудын бахархал болсон олимп, дэлхийн аваргын тэмцээнд амжилт гаргасан тамирчдадаа насан туршид нь урамшуулал олгодог зарлиг гаргасан нь үнэхээр зөв алхам болсныг спортын баатрууд маань өөрсдөө хүрэлцэн ирж илэрхийлж байсан. Мөн “Оюутан цэрэг” хөтөлбөр зэрэг олны таашаалд нийцсэн олон ажлыг хийж гүйцэтгэснийг онцлох байна. Өөр олон чухал чиглэлд хийсэн ажлуудын талаар манай бусад зөвлөхүүд бас тайлагнасан.
-Та бас Монголын Хөлбөмбөгийн Холбооны Ерөнхийлөгчөөр ажилладаг. Сүүлийн үед Азийн футзалын аваргад шилдэг наймд үлдсэн. Бас Пушкаш академид явсан хүүхдүүд, тухайлбал Г.Ганбаяр Европд Сүзүки цомд тоглож хүрэл медаль хүртсэн зэрэг амжилт дуулдсаар байна. Ажил урагштай байна уу?
– За хөлбөмбөгөө дараа нь тухтай ярья даа. /Яаруу байна гээд инээв/ Ганц л зүйл хэлье. Бид нэг баг, нэг зорилго тавиад ажиллаж байна. Үр дүнд нь амжилтын буухиа нэгэнт эхэлсэн. Зогсохгүй ээ!
Ярилцсан Д.ЦЭЭНЭ