Жирийн дэглэмтэй хорих 421 дүгээр ангид 200 хүмүүжигч ял эдэлж байна.
Манай сурвалжлах баг Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Амгалан дахь хорих 421 дүгээр ангийг зорилоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын /ШШГЕГ/ харьяа жирийн дэглэмтэй эл хорих ангид эдүгээ 200 гаруй хүмүүжигч ял эдэлж байна. Тэд эхнээсээ мэргэжилтэй болж байна гэх чихэнд чимэгтэй сайхан мэдээ сонсогдов.
Биднийг тус хорих ангид очиход өндөр хана, өргөст тороор эрхээ хязгаарлуулсан 100 хүмүүжигч хорих ангийнхаа хашаанд эрийтэл жагссан харагдав.
Тэдний нүдэнд гуниг харуусал бус баярын оч гийж, нүүрэнд нь инээмсэглэл тодрох аж.
Учир нь хүмүүжигчдийг ял эдэлж байх хугацаанд нь нийгэмшүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох улмаар төрөл бүрийн сургалтад хамруулж ажлын байраар хангах үүднээс ШШГЕГ-аас “Амгалан” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулсан байна.
Энэхүү төвийг анх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 124, 125 дугаар зүйлийг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор Хөдөлмөр халамж үйлчилгээний газар болон ШШГЕГ-ын даргын тушаалаар “Мэргэжил эзэмшүүлэх төв” нэртэйгээр 2009 онд байгуулж байжээ.
Улмаар эл төвийг өргөжүүлэх тухай Засгийн газрын тогтоол гарч энэ жилээс эхлэн “Амгалан” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв болгон нэрийг нь өөрчлөн өргөжүүлсэн байна. Харин эхний ээлжийн 100 хүмүүжигч барилгын сантехникч, бетон арматурчин, засал чимэглэлч, өрлөг угсралт, гагнуурчин зэрэг мэргэжлээр таван сарын турш номын дуу сонсож ийнхүү мэргэжлийн үнэмлэхээ авахад бэлэн болоод байгаа нь энэ аж.
Тодруулбал дээрх 100 хүмүүжигч нэг ангид 20 суралцагчтайгаар өнгөрсөн гуравдугаар сарын 7-ноос эхлэн хоёр сарын турш номын дуу сонсож үлдсэн гурван сард нь ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад үйлдвэрлэлийн дадлага хийсэн байна.
Харин хоёрдугаар ээлжийн мэргэжил олгох сургалтыг өнгөрсөн тавдугаар сараас эхлүүлсэн бөгөөд хоёр сар онолын хичээл зааж дуусаад байгаа аж.
Хүмүүжигч нарын ярьж буйгаар тэд хэдий алдаа хийгээд ороод ирсэн ч мэргэжил олгох сургалтад хамруулж мэргэжлийн үнэмлэхтэй болгож байгаад баяртай байгаагаа хэлж байв.
Б.Цогжаргал: Хүмүүжигчид сургалтад идэвхтэй хамрагдаж байгаа
ШШГЕГ-ын харьяа хорих 421 дүгээр ангийн дарга, дэд хурандаа Б.Цогжаргалаас дараах зүйлийг тодруулсан юм.
-ШШГЕГ-ын харьяа “Амгалан” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв анхны төгсөлтийнхөө 100 хүмүүжигчдэд мэргэжлийн үнэмлэхийг нь гардуулж өглөө. Өмнө нь ял эдэлж байгаа хүмүүжигчид “Мэргэжил эзэмшүүлэх төв” нэртэйгээр мэргэжил олгодог байсан шүү дээ?
-Өмнө нь бид зөвхөн сургалт явуулдаг байсан. Харин энэ жилээс хүмүүжигч нарт мэргэжил эзэмшүүлж байгаа. Эхний ээлжинд гагнуурчин, цахилгаанчин, бетончин, сантехникч зэрэг найман мэргэжлээр 100 хүмүүжигчид мэргэжлийн үнэмлэх олголоо.
Өмнө нь бид чадамжийн гэрчилгээ олгодог байсан. Харин энэ жилээс тэд мэргэжлийн үнэмлэхтэй болж, суллагдаад хаана ч ажиллах боломжтой болж байгаа юм.
-Энэхүү мэргэжил эзэмшүүлэх сургалтад чанга болон жирийн дэглэмтэйгээр ялгаж сургах зэрэг ангилсан зүйл бий юу?
-Байхгүй. Хамгийн эхэнд бид хүмүүжигчдийн хүсэл сонирхолыг харгалзан үзэж байгаа. Улмаар хамрагдахыг хүссэн хүмүүжигчдийн дунд судалгаа явуулсаны үндсэн дээр сургалт явуулдаг.
Сургалт хоёр хэлбэрээр явагдана. Нэг нь “Амгалан” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суурин явагддаг бол нөгөө нь хорих ангиудаар явуулын байдалтай хийгддэг.
Харин хэргийн хувьд тийм хэрэг хийсэн хүнийг хамруулна, ийм хэрэг хийсэн хүний хамруулахгүй гэхгүй. Тиймээс ямар ч хүмүүжигч хамрагдах боломжтой, бас эрхтэй.
-Хүмүүжигчид ял эдэлж байх хугацаандаа мэргэжилтэй болж байгаа нь сайн хэрэг. Тэгэхээр энд олгогдож байгаа мэргэжлийн үнэмлэх хорихоос суллагдаад ямар ч байгууллагад ажилд ороход үйлчилнэ гэж ойлгож болох уу?
-Нийгэмд олгогдож байгаа сургалтын дагуу олгодог гэрчилгээтэй яг адилхан. Олон улсын жишиг, стандартад ч заасан байдаг юм. Тэр нь хорих ангид хүмүүжигчид ял эдэлж байх хугацаандаа гэрчилгээ, мэргэжлийн үнэмлэх авбал түүн дээр хууль хяналтынханы тамга, тэмдэглэгээ байх ёсгүй гэж заасан байдаг.
Яг л энэхүү жишгээр явдаг болохоор шоронгоос гараад ч мэргэжлээрээ ажиллахад ямар нэгэн хүндрэл гарахгүй.
-Хүмүүжигчид мэргэжил олгох сургалтад хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?
-Сүүлийн үед ял эдэлж байгаа иргэдийн ухамсар өөр болсон байна. Тэр ч утгаараа мэргэжил эзэмших сургалтад хамрагдах хүсэлтэй хүмүүжигч олон байгаа. Бид эхний удаа 100 хүмүүжигчийг мэргэжилтэй болголоо. Цаашид ч энэ маягаар сургалт маань үргэлжлэх болно.
Хүмүүжигч Б: Хөнгөн бетон дээр гурван сар дадлага хийсэн
Дараа нь бид “Амгалан” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн анхны төгсөгч, хорих 421 дүгээр ангийн хүмүүжигч Б-тэй уулзав. Тэрбээр нэр ус болоод нүүр царайгаа сонинд гаргахгүй байхыг хүссэн юм.
-Та хэдэн жил сууж байна вэ?
-12 жил.
-Хэзээ суллагдах юм?
-Ирэх оны хоёрдугаар сард магадланд орно.
-Ямар мэргэжлээр суралцаж төгсөв?
-Барилгын гагнуурчин мэргэжлээр хагас жил орчим суралцаад төгслөө. Дөрөвдүгээр зэрэгтэй.
-Дөрөвдүгээр зэрэг гэхээр өмнө нь барилгын гагнуурчин мэргэжилтэй байсан гэсэн үг үү?
-Суурь мэдлэг бол байсан.
-Суралцаж байх хугацаандаа дадлагаа хаана хийв?
-Хөнгөн бетон дээр гурван сар дадлага хийсэн. Түүнийхээ үр шимийг өнөөдөр /өчигдөр/ үзэж байна даа. Мэргэжлийнхээ үнэмлэхийг авлаа.
-Яах вэ, мэргэжил олгох сургалтад суралцаад төгсчихдөг юм байж. Гэтэл гараад ажлын байр хэр хангалттай байх бол?
-Бид гараад шууд л ажилтай шүү дээ. Сая дадлага хийсэн газраа гагнуурчин мэргэжлээрээ ажиллах гэж байгаа.
-Цалин хөлсний хувьд хэр боломжийн бэ?
-Хангалттай л гэж хэлэх байна. Эхний нэг, хоёр жил тогтсон цалинтай. Дараагийнхаас нь нэмэгдээд явна гэсэн.