“Авзага”-ын П.Мэндбаяр хотын “А” зэрэглэлийн газар л байвал дээрэмдээд авахаас сийхгүй болсон нь олон тохиолдол дээр харагдаж байгаа юм. Бид өмнө нь түүний хууль бус барилгуудын тухай мэдээлж байсан. П.Мэндбаярын ээлжит газрын дээрэмдэлт нь Сүхбаатар дүүргийн тавдугаар хороонд орших VI сургуулийн биеийн тамирын талбай юм.
Тэрбээр чанх урд талд нь байрлах 15 давхар барилгын ажил эхлүүлэхээр суурийг нь тавиад байгаа. Уг газрыг яаралтай чөлөөл хэмээн хотын захирагч өнгөрсөн оны аравдугаар сарын 3-ны өдөр захирамж гаргасан байдаг.
Анх 1998 онд “Авзага трейд” компани хоёр га газар худалдаж авахаар хөөцөлдөж байсан ч тухайн үеийн Нийслэлийн Засаг дарга 1200 ам.метр газар олгосон байна. Гэтэл тус компанийнхан хажуу талд нь байрлах сургуулийн зориулалттай газарт дур мэдэн барилга барьж ийнхүү хэл ам татлах болсон юм. Энэ нь Газрын тухай хууль зөрчсөн үйлдэл болсон.
Гэтэл өнөөг хүртэл П.Мэндбаяр захирал энэхүү тушаал шийдвэрийг зөрчсөөр гараа ч хөдөлгөөгүйгээр үл барам хэд хоногийн өмнө барилгын ажлыг эхлүүлэхээр бужигнаж эхэлсэн байна. Хэл амтай байгаа уг газрын төлөө зэргэлдээ орших VI сургуулийн багш ажилчид тэмцсээр байгаа юм.
Иргэдийн гайхаж буй зүйл нь хагас жил болоход уг барилгын суурийг яагаад МХЕГ-ынхан буулгах арга хэмжээ авахгүй байгаа юм бол гэх хардлага юм.
Энэ тухай VI сургуулийн захирал Н.Алтангэрэлээс асуухад “Энэ барилгын талаар их ярьж байна даа. Сургуулийн зүгээс П.Мэндбаяр захиралд олон удаа шаардлага хүргүүлсэн. Ганцхан хэлдэг үг нь “Миний хувийн өмч, та нарт хамаагүй” гэдэг хоёрхон үгийг л хэлдэг. Тус компанийнхан манай сургуулийн биеийн тамирын талбай, хөлбөмбөгийн талбай хоёрын үерийн ус зайлуулдаг шугам дээр барилгаа барьсан шүү дээ. Үүний улмаас өнгөрсөн хоногуудад орсон бороонд талбай тэр чигээрээ усанд автаж нэлээд ажил хийлгэсэн дээ, биднээр. Одоо энэ хавиар явбал нэл шалбааг болоод хүүхдүүдэд хүртэл их хүндрэл учруулж байгаа юм.
Хүүхдийн гэсэн тодотголтой зүйлийг П.Мэндбаяр захирал үлдээх л ёстой байхгүй юу. Тиймээс яагаад өдий болтол барилгын суурийг буулгахгүй байгаа юм бол гэж гайхаад барахгүй байна” гэлээ. Өмнөх дугаартаа ч бид мэдээлж байсан. П.Мэндбаяр захирал юунд тэгтлээ их найдаад сургуулийн урд талбайг булааж байгаа юм бол.
Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр барилга эхлүүлэх зөвшөөрлөө авах гээд холбогдох хүмүүстэй уулзаад явж байгаа гэнэ. Түүнчлэн нэгэнт босгосон суурийг хөрөнгө орсон гэдэг үүднээс заавал ч үгүй барилгын зөвшөөрлийг авч байж салах хүн гэв. Тийм зэргийн сүйхээ түүнд байгаа гэж ярьж байна.
Тэгэхээр хэзээнээс л эрх мэдэлтнүүдийг зусардаж ирсэн П.Мэндбаяр захирал нөгөө л нэг хэдэн бор төгрөгөөр холбогдох албаныхныг хахуулдчих юм биш байгаа гэх айдас сургуулийн удирдлагуудад төрөөд байгаа ажээ.
Тэгэхээр мөнгөнд найдаж энэ алдаагаа засахыг ч хүсэхгүй байгаа П.Мэндбаяр захиралд хэн гэдэг эрх мэдэлтэн туслаад байна гэдэг нь бас сонин. Хэрвээ тухайн барилгыг барих бол заавал оршин суугчид болон ойр тойрон нь амьдарч байгаа хүмүүсээс зөвшөөрөл авч байж барилгын ажил эхлүүлэх шинэ тогтолцоонд орсон. Учир нь албаныхан оршин суугчдын эрх ашгийг хөндсөн асуудал үүсгэж болохгүй гэдгийг анхааруулаад байгаа.
Гэтэл өдгөө барилгын компанийн захирлууд П.Мэндбаяр шиг аашлах нь улам ихсэх болоод байгаа билээ. Энэ бүх хууль бус үйлдлийг таслан зогсохын тулд Э.Бат-Үүл дарга оны өмнө нэлээд хэдэн барилгын ажлыг зогсоох шийдвэр гаргасан. Даанч харамсалтай нь мөнгөнд эрдсэн П.Мэндбаяртангуудад дээрх захирамж шийдвэрүүд үйлчлэхгүй байгаа нь хэргийн гол учир.
Товчхондоо П.Мэндбаяр оршин суугчдын эрх ашгийг зөрчөөд зогсохгүй сургуулийн хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх талбайг нь булааж байгаа нь хууль бус үйлдэл гэхээс өөр юу гэх билээ. Энэ бүх үйлдлийн цаана П.Мэндбаярт тусладаг эрх мэдэлтэн байгааг үгүйсгэх аргагүй.
Энэ хууль бус гэх барилгын талаар Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас асуухад ““Авзага” трейд компанийн барилгын суурийн ажил бол хууль бус. Тэгээд ч уг барилгын суурийг босгохдоо ямар ч захирамж зөвшөөрөл аваагүй. Удахгүй арга хэмжээ авч суурийн ажлыг бага дээр нь буулгах талаар холбогдох албаны хүмүүстэйгээ ярилцаж байгаа” гэв.
Бизнесийн хүрээнийнхэндээ зальтайгаараа алдаршсан П.Мэндбаяр захирал ямар хүний нөмөр нөөлөгөнд орж хотын “А” зэрэглэлийн бүсийн газрыг дээрэмдэх шахуу авч байгаа нь олон хүний сонирхолыг татахаас ч өөр аргагүй.
Хотын даргын хууль бус гэсэн газарт баригдаж буй барилгын жагсаалтанд энэхүү барилга дээгүүр жагсаж буйг хүн болгон мэднэ. Тэгэхээр сургуулийн хүүхдийн биеийн тамирын талбайг яаралтай чөлөөлөх арга хэмжээ авахгүй бол П.Мэндбаяр захирал нэг л шөнө барилгаа сүндэрлүүлж мэдэх сүйхээтэй нэгэн гэдгийг хотын удирдлагууд эрх биш мэдэж л байх учиртай.
Хууль бус барилгын ажлаас болж оршин суугчид хохирч байна шүү гэдгийг хаа, хаанаа мэдэхэд илүүдэхгүй л байх.
Р.Саруул
Эх сурвалж: