Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран тавдугаар зүйлийн 1, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.2 дахь хэсэг, Монгол Улсын Шүүхийн тухай хулийн 17 дугаар зүйлийн 17.3.7, 25 дугаар зүйлийн 25.2.9, 25.3 дахь хэсэгт зааснаар Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнийг хийж, Намжил овогтой Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлснээ Улсын Их Хуралд санал болгосон талаар Улсын Дээд шүүхийн Иргэний танхимын тэргүүн Х.Сонинбаяр нэгдсэн хуралдаанд танилцуулав.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнд Р.Гончигдорж, Н.Чинбат, Д.Зүмбэрэллхам, Ж.Дашдорж нар нэрээ дэвшүүлж, зөвлөгөөний үеэр Ц.Сарантуяагийн нэрийг шүүгч санал болгожээ. Тэдгээрээс Д.Зүмбэрэллхам албан бичгээр нэрээ татаж, санал хураалтад Р.Гончигдорж, Н.Чинбат, Ж.Дашдорж, Ц.Сарантуяа нар өрсөлдсөнөөс Н.Чинбат нь Улсын Дээд шүүхийн шүүгчдийн олонхийн буюу 78.2 хувийн санал авсан тул Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлж, Улсын Их Хуралд санал болгохоор тогтжээ.
Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшигч Н.Чинбат нь 1956 онд Улаанбаатар хотод төрсөн, эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1979 онд МУИС төгссөн хуульч, эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй. 1979-1990 онд МУИС-д хууль зүйн багш, Хууль зүйн тэнхмийн орлогч эрхлэгч, 1990-1993 онд Улсын Дээд шүүхийн орлогч дарга, Иргэний хэрэг эрхэлсэн шүүх коллегийн дарга, 1993-1996 онд Улсын Их Хурлын даргын Хуулийн бодлогын зөвлөх, 1998-2004 онд Үндсэн хуулийн цэцийн орон тооны бус гишүүн, 2016 онд Оюуны өмчийн газрын дарга, 2016 оноос Хууль зүй, дотоод хэргийн сайдын зөвлөхөөр ажиллаж байгаа аж.
Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо энэ сарын 07-ны өдрийн хуралдаанаараа Үндсэн хуулийн цэцийн гишүүнд нэр дэвшүүлэх тухай Улсын Дээд шүүхийн саналыг хэлэлцээд дэмжсэн байна. Энэ тухай Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцуулсан юм.
Улсын Дээд шүүхийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ц.Даваасүрэн, Г.Занданшатар, Н.Цэрэнбат, Я.Содбаатар, Г.Тэмүүлэн нар үг хэлж нэр дэвшигч Н.Чинбат нь хууль зүйн салбарт олон жил ажилласан, төрийн ажлын арвин туршлагатай, ноён нуруутай хуульч учраас дэмжиж буйгаа илэрхийлээд асуудалд голч шударга, зарчимчаар хандаж, Үндсэн хуульдаа үнэнч ажиллахыг захиж байв.
Ингээд Намжилын Чинбатыг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилох санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.9 хувь нь дэмжив. Иймээс энэ тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг батлагдсанд тооцохоор боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.