Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын дарга У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах салбар комиссын дарга С.Батболд тэргүүтэй албаны хүмүүс өнөөдөр наадмын бэлтгэл ажилтай танилцлаа. Тэд эхлээд төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллав.
Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын бэлтгэл ажил 60 хувьтай байгааг цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Т.Нямдаваа хэллээ. Цэнгэлдэхийн гадна талын авто замын асфальтыг сольж, 1500 автомашины зогсоол барьж байгаагаас гадна дотор гүйлтийн замыг орчин үеийн стандартын замаар солих ажил хийгдэж байна. Мөн үзэгчдийн суудлыг угааж, засварлах, төв асарт 230 ширхэг сандал шинээр суурилуулах ажил хийгдэж байгааг комиссын гишүүдэд танилцууллаа.
Баяр наадмыг зохион байгуулахад 2 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Энэ нь өнгөрсөн жилийн хэмжээнд байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Тэрбээр “Бид жил бүр тодорхой асуудлыг шийдвэрлэж байна. Тухайлбал, 2015 онд төв талбайгаа орчин үеийн стандартын хөл бөмбөгийн талбай болгосон. Энэ жил гадуурх тойрог замыг стандартад нийцсэн замаар сольж байна. Ирэх жил цэнгэлдэхийн гэрэлтүүлгийг солих төлөвлөгөөтэй байна” хэмээв.
Мөн нийтийн бие засах газар, сүүдрэвч зэргийг шинээр хийснээс гадна шагайн асарт иж бүрэн засвар хийж байгааг танилцууллаа. НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун хэлэхдээ “Бид газын байгууллагуудтай гэрээ хийсэн. Онцгой байдлын газраас аюулгүй ажиллагаанд хяналт тавина. Хоол үйлдвэрлэлийн стандарт журам батлагдсан. Энэ жил энэхүү журмын дагуу аж ахуйн нэгж байгууллагуудыг шалгаруулна. Үйлдвэрлэлийн технологийн багаж тоног төхөөрөмжийн шаардлага хангасан эсэхийг харгалзан, ихэвчлэн нийтийн хоол үйлдвэрлэлээр аж ахуйн нэгжид зөвшөөрөл олгохоор тооцоолж байна. Мөн худалдааг хүүхдийн тоглоом гэх зэргээр төрөлжүүлнэ.” хэмээлээ.
Монголчуудын дийлэнх хувь нь гэртээ цэнхэр дэлгэцээрээ наадмын нээлтээ үздэг. Тиймээс баяр наадмын нээлтийг сурвалжлах хэвлэл мэдээллийн байгууллагынхны зохион байгуулалтад анхаарахыг хотын дарга санууллаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.