Зээлээ зориулалтын бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ил болгоно

 

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн. Энэ асуудлаар УИХ дахь АН-ын бүлэг завсарлага аваад байсан юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ талаар “Уг шалгалт Монголбанкны хараат бус байдалд халдсан, Төвбанкны бодлогыг арилжааны банкныхтай адилтгасан, тухайн үед хэрэгжүүлсэн бодлогыг ойлголгүй хариуцлагагүй дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна. Мөн Монголбанкны удирдлагад хариуцлага тооцох тухай үндэслэлээ асуудал нотлогдоогүй байхад шүүхийн ялын тогтоол шиг шийдвэр гаргасан. Иймд энэ асуудлыг хэлэлцэх шаардлагагүй гэсэн санал гаргаж байна” гэв. Уг саналтай холбогдуулж санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 78.6 хувийн саналаар дэмжигдсэнгүй.

Тиймээс уг асуудлыг үргэлж­лүүлэн хэлэлцсэн. Хэлэлцүүлгийн шатанд гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт тодруулга авсныг хүргэе.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Монголбанк хуримтлагдсан алдагдалтай ажилласан гэсэн дүгнэлтийг ажлын хэсгээс гаргасан байна. Энэхүү алдагдлын хэд нь хариуцлагагүйгээс, хэд нь бодлогын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд гаргасан зардал гэж үзэж байна вэ. Монголбанк өөрөө шууд гэрээ байгуулаад зээл олгосон уу?

Монголбанкны удирдлагууд: Монголбанк аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулаагүй. Арилжааны банкуудтай гэрээ байгуулсан. Жил бүр Монголбанк хөндлөнгийн аудит ордог. Тэрхүү аудитын дүгнэлтээр 3 их наяд төгрөгийн алдагдалтай ажилласан гэж гарсан.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Монголбанкны Хяналтын зөвлөл, Мөнгөний бодлогын зөвлөл гэх мэт хяналтын байгууллагууд ажиллаж байгаа боловч Ерөнхийлөгч нь голлон шийдвэрээ гаргадаг юм билээ. Зөвхөн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн хүрээнд гэхэд 369 тэрбум төгрөгийг зориулалтын бусаар зарцуулсан байх жишээтэй. Зээлээ зориулалт бусаар ашигласан аж ахуйн нэгжүүдийн нэрсийг ажлын хэсгээс ил болгоно. Нийт 45 аж ахуйн нэгж зөрчилтэй ажилласан байна.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир: Зээл аваад өгөөгүй байгаа байгууллагуудыг нэрлэх хэрэгтэй. Нууцлах шаардлагагүй.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Байгууллагын нууц нэрээр олон мэдээллээ нууцалсан. Байгууллагын нууцыг төрийн нууцтай адилтгаж байна. Хууль бус журам баталсан байсан. Үүний цаана 75 мэдээллийг нууцалсан байсан юм.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: МАН үүнийг улстөржүүлж байна. Өнөөдрийн бүх хэвлэлд МАН-ын төлбөртэй нийтлэл гарсан. Монголбанк бол төрийн бодлого явагддаг газар. Монголбанкны одоогийн ерөн­хийлөгч Н.Баяртсайхан­ыг өмнөх ерөнхийлөгч Н.Золжаргалыг их хэмжээний мөнгө шамшигдуулсан гэж шүүхэд өг гэсэн хатгалга явуулаад байна. Нэг хүнийг ялласан тогтоол хэдэн удаа гаргах юм бэ? Энэ банк хамтын удирдлагатай явж байсан. Өнөөдөр Б.Жавхланг дуугүй байгааг би ойлгож байна. Монголбанкаар өөрөөр нь ерөнхийлөгчийг нь яллуулах гэж байна. Яагаад бид ОУВС-гийн бага хүүтэй долларын төлөө явчихаад дотоодын компаниудаа яллах гээд байна. Энэ тогтоолыг хэн, яах гэж боловсруулсан бэ?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны тогтоолоор ажлын хэсэг байгуулсан. 2012-2016 оны Монголбанкны үйл ажиллагаанд шалгалт хийх зорилготой ажлын хэсэг. Н.Баяртсайханаар Н.Золжаргалыг яллуулах гэсэн зүйлгүй. Шалгаад үзэхэд хохирогч нь Монголбанк.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Хохирогч нь Монголбанк юм бол өөрсдөө хууль хяналтын байгууллагадаа хандана биз. Хуулийн ямар заалтыг зөрчсөнийг гаргах хэрэгтэй. Үүнийг улстөржихгүйгээр ярих ёстой. Нууц гээд байгаа зүйлээ ил болго. Аж ахуйн нэгжүүдийн сонгон шалгаруулалтыг яаж хийснийг би асуугаад байгаа юм. Аль нэг намын дэмжлэгтэй аж ахуйн нэгж л тендэр, зээл авдаг.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан: Өмнө УИХ-ын үед Зөвлөлийн зарчмаар хуралдаад шийдээрэй гэж Ерөнхийлөгчид үүрэг өгсөн байж магадгүй. Гэхдээ тийм байж чадаагүй шүү. Төвбанкны ерөнхийлөгч өөрийн эрх үүргийн хүрээнд гурван ерөнхийлөгчийнхөө чиг үүргийг тогтоож өгдөг. Би дотоод асуудал буюу IT хариуцсан чиг үүргийг хүлээж байсан. Шалгалтын материалд миний мэдэхгүй олон тоо байна. 3.1 их наяд төгрөгийн алдагдлын 1.7 их наяд нь 2016 онд бий болсон. Үүнийг задлаад харахаар 2016 оны эхний зургадугаар сард болсон гэрээ хэлэлцээрүүдтэй холбоотой юм байна. Үүнийг л бодит уу, бодит бус уу гэдгийг ялгаж харах хэрэгтэй.

Өглөөний сонин

Санал болгох мэдээ

С.Баяр, С.Баярцогт нарын хилийн хоригийг цуцаллаа

С.Баяр нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны …