Чингэлтэйгээ жишиг дүүрэг болгон хөгжүүлэх үйлсэд хамтран ажиллахаар бүсгүйчүүд санал нэгдлээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Нийгмийн ардчилал монголын эмэгтэйчүүдийн холбооноос “Эмэгтэйчүүдийн нийгмийн хамгаалал” сэдэвт уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Чингэлтэй дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн М.Оюунчимэг, НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө, ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн захирал, доктор Ж.Туяацэцэг, дүүргийн НАМЭХ-ны тэргүүн М.Эрдэнэтуяа, “Хөдөлмөр, хамгаалал хүний хөгжлийн төв” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал С.Дуламсүрэн, Чингэлтэй дүүргийн удирдлагууд  оролцож нийгмийн хамгааллын чиглэлээр явуулж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг танилцуулж, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсон юм.


Уулзалтыг нээж, УИХ-ын гишүүн М.Оюучимэг үг хэллээ. Тэрбээр “Энэ парламент нэг жилийн хугацаанд эмэгтэйчүүд, хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн олон хууль тогтоомжийг батлан гаргасан. УИХ-ын дарга, Монгол Ардын намын дарга Миеэгомбын Энхболд эмэгтэй гишүүдийн санал санаачилгыг маш сайн хүлээн авч дэмжиж ажилладаг. Тухайлбал, нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч гэлээ эмэгтэйчүүд рүү чиглэсэн бодлого, үйл ажиллагааны төсөв мөнгийг хасч болохгүй гэсэн эмэгтэй гишүүдийн саналыг хүлээж авсан. Хүүхдээ гурван нас хүртэл асарч буй ээжүүдийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тасалдуулахгүй байхаар хуульд тусгасан. “Цалинтай ээж” хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцүүлж байгаа. Ингэснээр 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа болон олон хүүхэдтэй, өрх толгойлсон эцэг, эхэд улирал тутамд нэг удаа, дөрөв хүртэлх насны ихэр хүүхэдтэй эцэг эхэд жилд нэг удаа, жирэмсэн эхчүүдэд таван сарын хугацаанд тэтгэмж олгох юм. Эдгээр хуулийг ирэх оны нэгдүгээр сараас хэрэгжүүлнэ. Үүнээс гадна жижиг, дунд, өрхийн бизнес эрхэлж байгаа эмэгтэйчүүд рүү чиглэсэн тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр нэгдсэн бодлогоор ажиллаж чадсаны үр дүнд Засгийн газар, УИХ-ын тогтоол, журам, шийдвэр гаргасан. Энэ бүхнийг ажил хэрэг болгохын тулд багаараа ажиллах нь чухал байна. Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар та бүхэнтэйгээ хамтарч, Чингэлтэйг улсын хэмжээнд жишиг дүүрэг болгож, хөгжүүлье” гэлээ. Мөн М.Оюунчимэг гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны гишүүний хувиар “Үдийн цайг” “Үдийн хоол” болгох асуудлаар доктор Ж.Туяацэцэг багшийн багтай хамтран ажилласны үр дүнд УИХ-ын тогтоол болон гарч, хэрэгжиж байгааг ч иргэдэд дуулгасан юм.

Үүний дараа УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа эмэгтэйчүүдийн өнөөгийн байдал болон тулгамдаж буй асуудал, тэднийг төрөөс хэрхэн дэмжих талаар илтгэл тавьсан. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг энэ Засгийн газар, УИХ-ын үед ач санах агуулга бүхий Ахмад настны тухай хуулийг баталж, Насны хишиг урамшууллыг ахмадуудад жилд хоёр удаа олгодог болсон, тэтгэврийн зээлийн хүүг 18-аас 15 болгож бууруулсан, тэтгэвэр авах банкаа ахмадууд өөрсдөө сонгодог болсон, 40-65 насныхныг элэгний В, С вирусийг тоолуулах оношилгоог үнэ төлбөргүй өгөх, таван жилд нэг удаа эмнэлгийн иж бүрэн шинжилгээнд хамруулах боломжоор ханган ажиллаж байгааг дурдлаа.

ШУТИС-ийн Үйлдвэрлэл технологийн сургуулийн захирал, доктор Ж.Туяацэцэгийн хүүхдийн хоол хүнсний талаар тавьсан илтгэл олны талархлыг хүлээсэн юм. Тэрбээр  “Бид улсын хэмжээнд гурван сургуулийг сонгон шим тэжээлтэй, амин дэм агуулсан хоолны үйлчилгээг тодорхой хугацаанд үзүүлсэн. Ингэснээр хүүхдүүд хичээл таслахаа больж, улирлын чанартай өвчлөлд өртөхөө больсон. Монгол хүн хоол тэжээлээр авах шаардлагатай амин дэмээ авч чадахгүй байгаа учраа эрдэс бодисын дутагдалд орж, элдэв өвчлөлд өртөх нь нэмэгдсэн. Үүний нэг шалтгаан нь хүнсний хэрэгцээний 70 гаруй хувийг гаднаас авч байгаа явдал. Өвлийн улиралд хүүхдийн өвчлөл ихэсч, эмнэлгийн ор хүрэлцэхгүй байх явдал олон гарч байгаа. Хүүхдийг багаас нь амин дэмлэг хоол хүнсээр хангах асуудлыг төр бодлогоор анхаарах цаг болсон. Тиймээс цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны асуудлын талаар тодорхой эрх зүйн орчинтой болох үүднээс эмэгтэй гишүүдтэй хамтарч ажиллаж байна” гэлээ.

С.Юмсүрэн

Санал болгох мэдээ

Сэлэнгэ аймаг: Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна

Сэлэнгэ аймгийн Хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд “Менторын хөтөлбөр” хэрэгжиж байна. Тус хөтөлбөр нь Хүүхдийн …