Олон улсын Сэргээгдэх эрчим хүчний агентлаг, Монгол Улсын Эрчим хүчний яам хамтран “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдал” сэдэвт хэлэлцүүлгийг 2013 оны есдүгээр сарын 3-4-ний өдрүүдэд Туушин зочид буудалд зохион байгууллаа.
Энэ оны нэгдүгээр сард Абу Даби хотноо болсон ОУСЭХА-ын III ассемблейд Эрчим хүчний сайд М.Сономпил оролцох үеэрээ Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний бэлэн байдлын судалгаа хийж дээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Үүний дагуу энэ удаагийн хэлэлцүүлэг өрнөж байгаа юм.
Хэлэлцүүлэгийн нээлтэд УИХ-ын гишүүн, Байгал орчин ногоон хөгжлийн сайд С.Оюун, УИХ-ын гишүүн Г.Баярсайхан, Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв, ОУСЭХА-ын Хамтын ажиллагааны газрын захирал, хатагтай Гаури Синг нар болон албаны бусад хүмүүс оролцлоо.
Хэлэлцүүлгийг нээж Эрчим хүчний дэд сайд Д.Доржпүрэв хэлэхдээ “Монгол орон сэргээгдэх эрчим хүчний арвин баян нөөцтэй бөгөөд шинэчлэлийн засгийн газар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийг тэргүүлэх зэргийн зорилт болгон тавиад байгаа билээ. Өнөөдрийн байдлаар нийт эрчим хүчний үйлдвэрлэлд сэргээгдэх эрчим хүчний эзлэх хувь бага байгаа боловч цаашид 20 хувьд хүргэх зорилт тавин ажиллаж байна. Баруун бүс нутгийн эрчим хүчний хэрэглээний 20 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангаж байгаа нь бидэнд бүрэн боломж байгааг илтгэж байна. Сүүлийн жилүүдэд монгол улсад цөлжилт эрчимтэй нэмэгдэж байна. Үүний нөлөөллийг багасгахад сэргээгдэх эрчим хүч ихээхэн нөлөөлнө. Хөдөө орон нутагт малчид гэрийнхээ гадаа самбар зоон нарны эрчим хүчийг ашиглаж цахилгаанаар хангагдаж, салхин сэнсийг өргөнөөр хэрэглээндээ нэвтрүүлсэн нь сайшаалтай. Харин үүнийг хотын хэрэглээ болгохын тулд энгийн сумын инженерээс эхлүүлээд эрдэмтэн мэргэд нэгдэн санал солилцох шаардлагатай байна” гэв.
Хэлэлцүүлэгт ОУСЭХА-ын болон бусад гадаад дотоодын шинжээч, мэргэжилтнүүд, оролцож Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний хөгжил, нөөц, цаашдын хөгжлийн гарц тодорхойлох талаар сэдэвчилсэн бүлгийн хурал хийж, тодорхой үнэлэлт, зөвлөмж гаргалаа.
Хэлэлцүүлгээс гаргасан зөвлөмжид “Монгол Улсын Засгийн газар сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх эрмэлзлэлтэй байна. Сэргээгдэх эрчим хүч хөгжих суурь бааз, эко систем бүрдсэн байна. Энэ нь Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний асар их нөөц, дамжуулах сүлжээтэй, хууль эрх зүйн таатай орчин бүрдсэн, дэмжих байгууллагуудын бүтэц бий болсон, хөрөнгө оруулагчдын сонирхолыг татаж байгаа зэргээр нотлогдож байна” гэж дурдсан байна. Иймд цаашид Монгол Улсад “Нарны дээвэр” гэсэн сэргээгдэх эрчим хүчний хөтөлбөрийг хэрэгжүүлэх цаг болжээ гэж зөвлөмжинд дурдсан байна.
Г.Энхбаатар