2013 оноос хойш зохион байгуулагдсан “Алтан хальс” индепендент кино наадмын дээд шагналыг Монгол кино анх удаа хүртлээ. Тодруулбал Д.Золбаярын бүтээл “Өөрөөсөө харсан өөр хүмүүс” кино наадмын дээд шагналыг авсан талаар “Алтан хальс” холбоо мэдээллээ. 2015 оноос олон улсын шинж чанартай болж эхэлсэн кино наадамд энэ удаад 60 улсаас 260 орчим бүтээл ирснээс 25 бүтээлийг сонгожээ.
Мөн Монгол болон гадаадын хүүрнэлт, баримтат, эксперименталь болон хүүхэлдэйн кинонуудыг тодруулсан аж. “Алтан хальс” индепендент кино наадамд кино урлагийн ерөнхий чиг хандлагаас эрс ялгарах, цэвэр арилжааны зорилгоор бүтээгээгүй болон зохиолч, найруулагчийн хувийн бүтээлч чанарыг агуулсан киног өрсөлдүүлдэг онцлогтой. Наадмын дээд шагналыг өмнөх жилүүдэд гадаадын уран бүтээлчид авч байсан юм. Энэ оны наадамд шилдгээр шалгарсан уран бүтээлчид Америкийн томоохон кино наадмуудын нэг “Афины кино наадам”-д нэр дэвших зорилгоор бүтээлээ илгээх эрхтэй болж байна.
BloombergTV.mn