Үндэсний Статистикийн Хорооноос өнөөдөр 2017 оны тавдугаар сарын нэгдсэн статистик мэдээллийг танилцууллаа. Танилцуулгад Монголчуудын сарын дундаж цалингийн мэдээллийг гаргажээ.
Нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2017 оны 1 дүгээр улирлын байдлаар 959.1 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 87.7 (10.1%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 16.2 (1.7%) мянган төгрөгөөр нэмэгдсэн байна.
Харин Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан 566,722 ажиллагчдын медиан цалин нь 684.8 мянган төгрөг байна.
Аж ахуйн нэгж, байгууллагын ажиллагчдын тооны бүлгээр авч үзэхэд 1-9 ажиллагчидтай ААНБ-ын ажиллагчдын сарын дундаж цалин 628.6 мянган төгрөг, 10-49 ажиллагчтайнх 755.8 мянган төгрөг, 50-99 ажиллагчтайнх 866.3 мянган төгрөг, 100-199 ажиллагчтайнх 984.6 мянган төгрөг, 200, түүнээс дээш ажиллагчтайнх 1 сая 391.2 мянган төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл, уул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын сарын дундаж цалин хамгийн их буюу 2 сая 481.2 мянган төгрөг, харин урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарынх хамгийн бага буюу 600.6 мянган төгрөг байна.
Эх сурвалж: ҮСХ