Б.Лхагвадорж: “Хөх хот-2017” боловсролын үзэсгэлэнд оролцсноор бид хилийн чинадад өөрсдийгөө сурталчлах болно

“Монгол Хятадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэг”-ийн захирал, доктор /Ph.D/ Б.Лхагвадоржтой  06 сарын  сарын 23-24 өдөр БНХАУ-ын ӨМӨЗО–ны Хөт хотын Их сургууль дээр зохион байгуулагдах   “Боловсролын үзэсгэлэн- 2017” өдөрлөгийн талаар ярилцлаа.

– “Монгол, Хятадын соёлын харилцааг дэмжих нийгэмлэг”-ийг үүсгэн байгуулсан зорилгын тухайд яриагаа эхэлье ?

– Манай нийгэмлэг нь Өвөр Монголын Их Сургуульд докторантур магистрантурт суралцаж байсан, одоо бүгд сургуулиа төгссөн, хэсэг залуучууд санаа нийлэн 2011 онд Монгол улсад байгуулсан. Тухайн үед хоёр улсын эдийн засаг, улс төрийн салбар дахь харилцаа холбоог соёл боловсролын салбарын солилцоо гүйцэхгүй байсан нь бидэнд тодорхой харагдаж байсан. Уг нь соёл боловсролын солилцоо нь улс түмнүүдийг ойлголцолд хөтөлдөг зүй тогтолтой. Гэтэл энэ чухал салбараа Хятад, Монголын тал аль нь ч гэсэн төдийлөн ойшоохгүй байсан тийм л нөхцөлөөс үүдэн бид энэ салбарт ажиллах сэдэл төрсөн гэж хэлж болно.

– Тэгвэл өнөөгийн Монгол-Хятадын соёлын салбарын харилцаа хир ахицтай явж байна бэ ?

2014 онд Монгол, Хятадын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн шатанд шилжиж, БНХАУ-ын эдийн засгийн хүчин чадал өсөн нэмэгдэхийн хирээр Монгол улсын олон тооны залуучууд тэтгэлэгтэйгээр  Хятадын өнцөг булан бүрт суралцаж буй нь хоёр улсын соёл, боловсролын салбарыг хөгжүүлэх улмаар ард иргэд ойлголцох сайхан завшаан  юм.

– Нийгэмлэгийн үйл ажиллагааны тухай тодруулвал ?

– Бид хоёр улсын хооронд соёл боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд Монгол улсын судлаачидын хувьд хэлний бэрхшээлээс үүдэлтэйгээр хятадын эрдэмтэдийн судалгаа, шинжилгээний ололт амжилтыг төдийлөн ашиглаж чадахгүй байсаар ирсэн нь нууц биш юм. Иймд манай нийгэмлэгийн зүгээс хоёр улсын эрдэмтдийн судалгаа шинжилгээний ололт амжилтыг харилцан солилцох зорилгын хүрээнд “Хятад дахь Монгол судлал”,  “Хятадын Хөдөө аж ахуйн ололт” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлүүдийг ӨМИС-ийн Монгол судлалын төв, Өвөр Монголын Тариалангийн их сургуультай хамтран эрхлэн гаргаж байна.

– “Хөх хот-2017” Монгол улсын боловсролын үзэсгэлэнгийн талаар мэдээлэл өгөхгүй юу ?

– Манай нийгэмлэг болон Хөх хотод сургууль төгсөгчдийн холбоо, Өвөр Монголын их сургуультай  хамтран зохион байгуулж буй “Хөх хот-2017” боловсролын үзэсгэлэн нь 6 дугаар сарын 23-24 ны өдрүүдэд 10:00-17:00 цагийн хооронд БНХАУ-ын ӨМӨЗО-ны төв Хөх хотод Өвөр Монголын их сургуулийн хүрээнд задгай талбайд зохион байгуулагдана. Монгол улсын их дээд сургуулиуд анх удаа нэгдсэн зохион байгуулалттайгаар Хөх хотод хийж буйд үзэсгэлэнгийн онцлог оршино. Үзэсгэлэн дээр оюутан, сурагчдыг мэргэжлээ зөв сонгох, чанартай боловсрол эзэмшихэд нь туслалцаа үзүүлэх, монгол улсын их дээд сургуулиудад элсэхэд бүртгүүлэх материалын мэдээлэл өгөх, виз авахад бүрдүүлэх зүйлсийн талаар мэдээлэл хийх болно. Элсэлт зохион байгуулахгүй. Хөх хот-2017” боловсролын үзэсгэлэнд оролцсноор манай их дээд сургуулиуд өөрсдийгөө хилийн чинадад   сурталчлах боломжтой юм.

– Яагаад заавал Хөх хотод Монгол улсын боловсролын үзэсгэлэн зохион байгуулах болсон тухайгаа тайлбарлаж өгөхгүй юу?

Монгол-Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн тунхаглалын хүрээнд Монгол улсын сурагч, оюутнууд БНХАУ-д тэтгэлэгтэй болон хувийн зардлаар олон тоотой суралцаж байгаа тухай би дээр дурьдсан. Гэтэл БНХАУ-ын өмнөд муж орон буюу хятад үндэстэний уугуул нутгаас гэлтгүй, монгол угсаатнууд амьдран суудаг Өвөр Монголын өөртөө засах орон, Шинжаан Уйгарын өөртөө засах орон, Хар мөрөн, Гирин, Хөхнуур, Ганьсу, Хэбэй мужаас манай улсад ирж суралцаж буй сурагч оюутнууд СУИС-ийг эс тооцвол маш цөөн байгаа юм. Үнэндээ эдгээр Монголчууд бид бүхэнтэй угсаа гарвал нэгтэй, соёл, шашин, эрхлэх аж ахуй адил мах цусны тасархайнууд маань шүү дээ. Бид тэгтэл өдийг хүртэл энэ чиглэлд сайн ажиллаж чадахгүй, амжилт муутай байсаар ирсэн нь нууц биш. Эдгээр оюутнууд нь Монгол хэл соёлыг суралцаж буцаж нутагтаа харьсанаар  хоёр улсын соёлын харилцаанд эерэг нөлөө үзүүлэх нь дамжиггүй юм.

– “Хөт хот-2017” Боловсролын үзэсгэлэнд оролцохыг сонирхосон Монголын Их дээд сургуулиуд  хаана  хандах вэ? 

– Тус үзэсгэлэнд оролцож, өөрийн сургуулийн мэдээллийг БНХАУ-ын ӨМӨЗО-ны  төгсөгчидөд хүргэхийг  зорьж байгаа манай Их дэдэ сургуулиуд 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 15:00 цаг хүртэл бидэнтэй холбогдон бүртгүүлэн оролцох боломж Монгол улсын төрийн болон хувийн өмчийн бүх их дээд сургууль, сургалтын төвүүдэд нээлттэй. Бидэнтэй  99795989, 99202478  утсаар холбогдож нэмэлт мэдээлэл авах, оролцох тухайгаа мэдэгдэх боломжтой.

-Монгол улсын төрийн болон төрийн бус өмчийн их дээд сургуулиуд үзэсгэлэнд оролцсоны ач холбогдлыг хэрхэн дүгнэж байна вэ?

2017 онд ӨМӨЗО-нд 199.000 сурагч их дээд сургуулийн элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд 6 дугаар сарын 7-14 ны хооронд шалгалтаа өгч байна. Манай улсын Их дээд сургуулиуд тус үзэсгэлэнд оролцсоноор сургуулиудын хувьд нэр хүндээ өсгөх, өөрийн сургуулиа хилийн чинадад сурталчлах, Дэлхийн хоёр дахь эдийн засагтай, 1 тэрбум 380 сая хүн амтай БНХАУ-ын боловсролын салбарт нэвтрэх боломжийг нээх төдийгүй, бакалавр, магистр, докторын түвшинд оюутан элсүүлэх нөхцөл боломжийг газар дээр нь судлах зэрэг бодит ач холбогдлуудыг хүртэх юм. Үүнээс гадна  хүмүүнлэгийн салбарын ашиг тусыг дурьдаж барахгүй юм.

– Танай нийгэмлэгийн зүгээс цаашид ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ?

– Манай байгууллагын зүгээс Монголын соёлыг Хятадад, Хятадын соёлыг Монголд таниулах сурталчлах зорилгын хүрээнд соёлын олон талт арга хэмжээг цаашид тогтмол хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Энэ дашрамд д Хөх хотод суугаа Монгол Улсын Ерөнхий Консулын газар хамтран ажиллаж биднийг дэмжиж ирсэнд талархаж явдагаа илэрхийлье.

– Та бүхний ажилт амжилт хүсье

А.Ариун

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …