Мэтгэлцүүлье!!!

Яагаад?

Учир нь бид ТӨРИЙН ТЭРГҮҮНЭЭ сонгох гэж байна.

Ердөө 18 хоногт намын дэмжигчидтэй нь уулзуулсан болоод л Ерөнхийлөгчөө сонгож, ирээдүйгээ итгэн даатгадаг мундаг ард түмэн шүү бид. Аймаг, дүүргийн уулзалтад асуулт асуух цаггүй, амьдралын халуун цэг сум хороодод нэр дэвшигч нь очихгүй.

За нийгмийн бүлгүүд, хөвөгч хэсэгтэй уулзаж ярилцана гэж бодоод ч хэрэггүй.

Уудам тал шигээ тэнүүн сэтгэлтэй учир бид тоодоггүй л дээ. Гэвч эцэстээ энэ нь тэдний биш, бидний асуудал болж хувирдаг. Сонгуулийн маргааш сонголтоо шүүмжилдэг 25 жилийг үргэлжлүүлсээр л байх уу?

Үндсэн хуулийн гучин гуравдугаар бүлэгт зааснаар Ерөнхийлөгч гадаад харилцаанд улсаа бүрэн төлөөлөх, элчин сайд нарыг томилох, улс орны үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх, цэргийн дайчилгаа зарлаж, онц байдал тогтоох, шүүх засаглалын томилгоонд оролцох, хууль санаачлах, засгийн газарт чиглэл өгөх гээд томоохон эрх мэдэлтэй.

Уг нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалд төрийн эрх мэдэлд хуваарилагддаг ч, манайд ерөнхий сайдаас илүү томилгооны эрх мэдэлтэй, парламентын гишүүнээс илүү хууль санаачлах эрхтэй, дээд шүүхээс илүү хуулийн тогтолцоонд нөлөөлдөг эрх мэдэлтэн бол Ерөнхийлөгч юм.

За энэ ч дүүрч!!! Дэлхийд байхгүй үндсэн хуультай байгаа л биз.

Хамгийн аймшигтай нь энэ супер эрх мэдэлтнийг бид зуны дэлгэр цагт нэг л назгай сонгосоор өнөөдрийг хүрчээ. Өмнө нь ядаж хугацаа нь 45 хоног одоо бол 18 хоног.

Тиймээс л “Мэтгэлцүүлье” уриалга дэвшүүлсэн юм. Бид мэтгэлцдэг ш дээ гэж мэлзэх хүмүүс цөөнгүй. Гэхдээ “Гадаад бодлого, аюулгүй байдлын талаар таны төлөвлөгөө?” гэсэн асуултад “Ер нь дэмжих ёстой” гэж хариулдаг асуулт хариултын нэвтрүүлгийг олон улсад мэтгэлцээн гэж тооцохоо болиод хагас зуун жил өнгөрч байна.

Бусад улс мэргэжлийн сэлэлтээр урагшилж байхад бид л доороо нохой самардсаар…

Монгол хэмээх гэр бүлийн өрхийн тэргүүний бүрэн эрхэд зайлшгүй хамааралтай асуудлуудыг хамгийн багаар багцлахад

1.    Хууль эрх зүй шударга ёс (хүний эрх эрх чөлөө, үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, авилгын эсрэг тэмцэх арга зам, төрийн албан хаагчдын эрхзүйн байдал гэх мэт)

2.    Нийгэм, эдийн засгийн хөгжил (хүний хөгжил, хүүхэд гэр бүл, боловсрол, эрүүл мэнд, байгаль орчин, эдийн засгийн тэргүүлэх салбар, уул уурхайн том төслүүд, татварын бодлого гэх мэт )

3.    Аюулгүй байдал, гадаад бодлого (хоёр хөршийн асуудал, даяаршил ба дангааршил, үндэсний өв соёл, гадаад болон дотоод дүр төрх

гэж хуваагдаж таарна. Мөн иргэдийн дунд хардлага төрүүлж, хариулт хүлээж буй халуун сэдвүүдэд нэр дэвшигчид хариулт өгөх учиртай.

Ямар ч ухаалаг тархи ийм олон асуудлуудыг нэг мэтгэлцээнээр хариулт өгөх боломжгүй. Нэр дэвшигчийн дотоод итгэл үнэмшил буй нь мэтгэлцээний үед нүдний харц, нүүрний хувирлаар илэрдэг тул худал хариулах боломжгүй байдаг.

Энэ удаагийн сонгуулийн 10, 17, 24-ний хагас сайн өдрүүдэд дээрх 3 сэдвээр мэтгэлцэх боломж байсан ч, нээлттэй ил тод байдал, хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн асуух болон мэдэх эрхийг уриалсаар ирсэн Ардчилсан нам урьдчилж мэдээгүй хэмээн мэлзсэн нь мэдээлэл хөгжсөн өнөөдрийн нийгэмд үндэслэл тааруу л шалтаг.

Мэтгэлцээн аль ч нэр дэвшигчид давуу болон сул тал үүсгэж болох. Нэр дэвшигчээс өөрсдөөс нь л хамаарах асуудал.

Хамгийн чухал нь улс төрд шинэ соёл тогтож үлдэнэ. Иргэд мэтгэлцээнээр сонголтоо хийдэг болчихвол өнгө алагласан сонгуулийн сурталчилгаа утгаа алдаж, мөнгө тараадаг улс төрчид адаглаад хааяа ном эргүүлж харахгүй бол авралгүй болно.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар уриалсан. Одоо ч чин сэтгэлээсээ уриалж байна.
Сайн засаглалд алхам урагшлах боломжийг хэн нэгэн хаах эрхгүй.

Арай ч мэдээгүй гэж одоо мэлзэхгүй байх
Ахиад 7 хоног хамт шаардацгаая!!!

2017 оны 6 сарын 12

Санал болгох мэдээ

Ногоон автобусны “нэрээр“ төсвийн хөрөнгийг завшигсдад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэе

  Ногоон автобусны хэрэг явдал дэлхийн дэвжээнд нэгэнт гарлаа. Энэ бол Монгол улсад бусармаг үйл …