Жар гаруй жилийн түүхтэй, дэлхийн дүрслэх урлагийн цөм гэгддэг “100 өдрийн музей –Документа”-ийн 14 дэх удаагийн олон улсын үзэсгэлэн “Афинаас суралцахуй” нэртэйгээр Грекийн Афинд дөрөвдүгээр сарын 8-нд, Германы Касселд зургадугаар сарын 10-нд нээлтээ хийлээ.
Таван жил тутамд нэг удаа зохион байгуулагддаг энэхүү өндөр зэрэглэлийн үзэсгэлэнд монгол уран бүтээлчид анх удаагаа оролцож байна.
Ерөнхий куратор Адам Чимчикийн урилгаар олон улсын 160 гаруй уран бүтээлчид тус үзэсгэлэнд оролцож Афин хотод 47, Касселд 30 гаруй байгууламж дотор бүтээлүүд нь дэлгэгджээ.
Түүнчлэн одоо амьд сэрүүн бус 120 гаруй уран бүтээлчдийн 1,000 гаруй бүтээл дэлхийн олон орны музейн цуглуулгаас ирж Афин, Кассел хотуудад байршжээ. Үүний дотор манай Марзан Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлүүд германы алдарт уран бүтээлч Жосеф Боиз болон бусад уран бүтээлчдийн бүтээлүүдтэй зэрэгцэн Касселын Neue Galerie-д байрлаж 5-р сарын 10-аас олны хүртээл болж эхлээд байна.
Куратор Адам Чимчикээс уран бүтээлч Болдын Номинд Марзан Шаравын “Монголын нэг өдөр”, “Өвлийн ордон” бүтээлүүдээс сэдэвлэн шинээр хоёр бүтээл туурвих хүсэлт ирүүлсний дагуу тэрээр өнөөгийн монгол орны амьдралыг харуулсан “Монголын нэг өдөр”, төрийн ордныг тойрон буй Улаанбаатар хотын амьдралыг харуулсан “Саарал ордон” хэмээх бүтээлээ монгол зургийн арга барилыг ашиглан туурвижээ.
Документагийн урилгаар урлаг судлаач Ц.Уранчимэг, Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа нар уран бүтээлч Б.Номин, Ц.Ариунтөгс нарын бүтээлийн талаар үзэсгэлэнгийн каталог болох Daybook-т зориулсан бичвэрийг бэлдсэн байна.
Афин болон Касселд болсон нээлтийн үйл ажиллагаанд Грек улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулос, Германы ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайер нар, түүнчлэн дэлхийн томоохон музейн захирлууд, дүрслэх урлагийн мэргэжилтнүүд, кураторууд, уран бүтээлчид болон 3,000 гаруй сэтгүүлчид иржээ.
Харин Германы Кассел хотод 5-р сарын 7-9-ны хооронд зохион байгуулагдсан хаалттай үзвэр болон 10-ны өдрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын засгийн газрыг төлөөлөн ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон бусад төлөөлөгчид, Документа 14-ын монгол дахь хамтрагч Монголын орчин үеийн урлагийг дэмжих холбооны тэргүүн Б.Гантуяа, уран бүтээлчдийн гэр бүлийнхэн оролцлоо.
Документа 14 олон улсын үзэсгэлэн Афинд дөрөвдүгээр сарын 8-наас долдугаар сарын 16 хүртэл, Касселд зургаадугаар сарын 10-наас есдүгээр сарын 17 хүртэл үргэлжлэх юм.