Монголчуудын усыг дээдлэн шүтдэг ухаан

Монголчууд “уусан ус рашаан, унасан шороо алт” гэж үр хойчоо сургаж хүмүүжүүлдэг

Ус бол хөрст дэлхийн амин судас, хүн төрөлхтөн, амьд амьтны амин тэжээл болдог. Өвөг дээдсийн маань оюун ухаан ус мөрнөө хайрлаж гамнан ашигладаг зохицол нь одоо ч гэсэн цаг үе, нийгмийн хөгжлөөс хоцроогүй нь маш гайхалтай, омогшмоор.

Монголчууд “урсгал ус өмхийрдөггүй” бат ёсыг тодорхой эзэмшиж, энэхүү агуу чанараар алс ирээдүй, үр хойчоо “урсгал ус мэт өнөд ширгэшгүй хэмээн тунгалаг болтугай” гэж ерөөн бэлгэддэг билээ. Үйлдвэрлэл амьдралынхаа бүхий л явцад усны тухай маш олон цээр ёсыг тогтоон хэрэгжүүлж, өөрөө жишээчээр журамлан гүйцэтгэж, хойч үеийнхэндээ хэв дуурайл болгон хүмүүжүүлдэг зан заншилтай. Жишээлэхэд, уух усны ариун цэвэр байдлыг батлах, усыг үргэлж хэмнэж гамнан хэрэглэх, удсан ус ундыг ууж эдлэхгүй байх гэх мэтийн олон арван ёс заншилтай билээ.

Монголчууд таван хошуу малаа маллаж, бэлчээр ус дагаж нүүдэллэж явахдаа дөрвөн улирлын буудал суудал, хашаа саравч төвхнүүлэхдээ гол мөрөн, урсгал ус, булаг шанд, худаг усны доор талд байрлахыг журамлан гүйцэтгэдэг заншилтай юм. Монголчууд нялх хүүхэд гол мөрөн, урсгал ус, булаг шанд, худаг шагайхыг цээрлэж, хүүхэд өөрөөсөө айж, цочно гэдэг. Ховоогоор ус татаж байх үед хүүхэд багачуудыг худгийн ойрхон ирүүлэхгүй, ховооны оосорт татагдана хэмээдэг. Үүнээс гадна томчууд, хүүхэд багачуул эрэгтэй эмэгтэй ялгалгүй бүгд гол мөрөн, урсгал ус, булаг шанд, худгийн усанд нус шүлсээ хийхийг цээрлэж, лусын эзэн хилэгнэнэ гэж үздэг. Гол мөрөн, урсгал ус, булаг шандад орж бие угаах, хөл угаах, хиртэй хувцас хунар угаахыг цээрлэдэг. Ойр хавьд нь бие засах зэргийг ч цээрлэж, лусын эзэн гомдоно гэдэг. Ус голоо дээдлэх эдгээр ёс дүрэм одоо болтол монголчуудын дунд уламжлагдсаар байгаа юм.

Монголчууд уух усаа зөөж уудаг заншилтай. Энэ нь нүүдлийн мал аж ахуйн амьдралын шаардлагаас тогтоогдсон зүйл байж таарна. Нөгөө талаар уух усаа хэзээ ямагт хэмнэж гамнан зарж хэрэглэдэг сурталтай. Зарим хүн энэ нь монголчууд усыг зөөж уудгаасаа шалтгаалсан байх гэдэг ч олонх хүн ус бол эрхэм нандин зүйл болохоор арвич гамтай хэрэглэх нь маш зүй ёстой үйл гэж үздэг билээ. Монголчууд эрт дээр үеэсээ худаг ус малтахдаа нутаг усныхаа нэр хүндтэй ахмад настнаас учир явдлаа ярьж, худаг малтах газраа шинжүүлээд малтдаг, харин дур зоргоороо худаг ус малтдаггүй заншилтай.

Малтсан худаг усыг нь хэн ч хэрэглэж болдог. Ганцаараа эзэрхэж болдоггүй. Үүнд маш олон шинжлэх ухаанч ёс зүй агуулагдаж байгаа нь илхэн. Наад захдаа усны эх сурвалжийг зүй зохистой нээж ашиглах ёс учир агуулагдаж байгаа нь тодорхой харагдана. Буурлуудын минь бор ухаан гэж энэ буюу.

Эх сурвалж: Шилийнголын өдрийн сонин

Санал болгох мэдээ

Шуудангийн зардлаа төлөөд номоо захиалан унших боломжийг “Залуусын номын сан” олгож байна

Монголын Залуучуудын Холбооны салбар холбоо болох ХБНГУ-ын залуучуудын холбооноос санаачлан “Залуусын номын сан”-г бий болгосон …