Орон нутагт авто үйлчилгээний ангилал тогтоож эхэлсэнтэй холбогдуулан Автотээврийн үндэсний төвийн Авто үйлчилгээний хэлтсийн дарга Б.Мөнхжаргалтай ярилцлаа.
Авто үйлчилгээний байгууллагад ангилал тогтоож байгаа гэсэн үүний талаар мэдээлэл өгнө үү?
-Манай байгууллага нь чиг үүргийнхээ хүрээнд орон нутагт авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад ангилал тогтоох ажлыг 2017 оны 3 сараас эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд 21 аймаг, Замын-Үүд суманд авто үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай биечлэн танилцаж, газар дээр нь зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж, олон нийтэд сурталчлан таниулах ажлыг хийсэн.
Орон нутагт ажиллах явцад авто үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдэд ямар хүндрэлтэй асуудал дутагдалтай талууд байсан бэ?
– Орон нутагт тулгамдаж буй гол асуудал нь мэргэжлийн ажилчин дутмаг, үйлчилгээг зориулалтын бус байр талбайд явуулдгаас болж үйлчлүүлэгчид сэтгэл ханамжтай, баталгаатай үйлчилгээ авч чаддаггүйн улмаас төвлөрсөн төв газар буюу нийслэлд ирж үйлчилгээ авах нь элбэг байдаг. Бид энэ асуудлыг цэгцлэх зорилгоор орон нутагт үйлчилгээ явуулдаг засварын газрууд болон иргэдэд мэргэжлийн чадавхид суурилсан онолын мэдлэг өгөхөөр хэд хэдэн газруудтай хамтран үе шаттай сургалтуудыг зохион байгуулж байна. Мөн орон нутгийн Стандартчилал хэмжил зүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хөгжлийн бодлогын хэлтсүүдтэй хамтран ажиллахаар шийдвэрлэсэн ба авто үйлчилгээний байгууллагуудад газар дээр нь зөвлөгөө өгч ангилал тогтоох үйл ажиллагааг эхлүүлээд байна. Дээрх ажлуудыг цогцоор нь үе шаттай хэрэгжүүлснээр авто үйлчилгээний чанар сайжирч, улмаар хүний амь нас, эрүүл, мэнд, байгаль орчин, хор хөнөөл багатай үйлчилгээ буй болно.
Авто үйлчилгээний байгууллагыг хэрхэн яаж ангилдаг вэ? Ач холбогдлын талаар тодруулна уу.
-Авто үйлчилгээний байгууллагуудыг явуулж буй үйл ажиллагааны төрлөөс нь хамааруулан А, В, С гэсэн 3 хүрээгээр ангилдаг бөгөөд энэ нь сайн муу гэдэг ч юмуу тэр утгаар үнэлсэн хэрэг биш юм. Жишээ нь: А ангилалд хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлөх засвар үйлчилгээг төрөлжсөн болон хэсэгчлэн хийх, В ангилалд хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөхгүй боловч хүн ам, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлэхтэй холбогдсон засвар үйлчилгээг төрөлжсөн болон хэсэгчлэн хийх, С ангилалд автомашин худалдаалах, тос тосолгооны болон бусад сэлбэг хэрэгслийн худалдаа, автозогсоолын үйлчилгээ хамрагдаж байгаа. Ангилал тогтоолгосон авто үйлчилгээний байгууллагууд нь тохирлын үнэлгээнд хамрагдаж стандартын шаардлагад нийцсэн байр талбай, зориулалтын тоног төхөөрөмж, мэргэжлийн боловсон хүчинтэй болох тул үйлчилгээ нь чанартай, баталгаатай байх болно. Үүний үр дүнд иргэд чанартай, баталгаатай үйлчилгээ авдаг болох ба авто үйлчилгээний байгууллагуудын үйлчлүүлэгчдийн тоо нэмэгдэж үр өгөөж нь дээшилж, авто үйлчилгээний байгууллагуудад олон улсын жишгийн дагуу чанарын удирдлагын тогтолцоо нэвтрэх боломж бүрдэнэ.
Тээврийн хэрэгсэл эзэмшигч өөрийн машины засварын түүхийг хардаг боломж бүрдэнэ гэж байсан энэ талаар
-Энэ бол олон улсын жишиг юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд “Тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээний мэдээллийн сан”-тай байна гэж заасан. Үүнийг энгийнээр тайлбарлавал тухайн тээврийн хэрэгслийн засвар, үйлчилгээ хийлгэж байсан түүх, бүр цаашлаад ямар засварын газраар хэн гэдэг засварчнаар ямар засвар, үйлчилгээ хийлгэж байсан, аваарь, осолд орж байсан уу үгүй юу, даатгалаас ямар хэмжээний нөхөн төлбөр авч байсан болон байгалийн ямар нэгэн гамшигт өртөж байсан зэрэг мэдээллийг багтаасан нэгдсэн сан юм. Ийм санг манай байгууллага энэ оны 07 дугаар сард ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Иргэд худалдан авах гэж байгаа тээврийн хэрэгслийнхээ үнэн зөв, бүрэн мэдээллийг уг сангаас авах боломжтой болох юм. Харин мэдээллийн санд бүртгэлгүй тээврийн хэрэгслийг цаашид худалдан авах нь багасах болов уу гэж бодож байна. Иймд ангилал тогтоолгосон авто үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж, өөрийн тээврийн хэрэгслийнхээ цахим түүхийг үүсгэж байхыг иргэд та бүхнээс хүсч бас уриалж байна.
– Ярилцсанд баярлалаа.