Олон нийт “халамжийнхан” гэдэг тодотголтой хэргүүдийн талаар хариу хүлээж байна. Нийгмийн халамж нэрээр улсын төсвөөс их хэмжээгээр урсдаг мөнгө жинхэнэ эздэдээ очсон эсэхийг тогтооход цаг хугацаа, мөрдөн шалгалтын чимхлүүр ажиллагаа шаардагддаг. Ийм ч учраас нэлээд уддаг. Хоёр жил гаруйн өмнө Нийгмийн халамж үйлчилгээний ерөнхий газрын дарга асан Д.Баярсайхан, Санхүү бүртгэл, төлөвлөлтийн газрын дарга асан Ч.Эрдэнэбулган, түүний төрсөн дүү болох Ч.Эрдэнэсувд нарыг их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй хэмээн хуулийнхан хорьж шуугиан дэгдэж байсан. Яг үүнтэй зэрэг шахуу Налайх дүүргийн Нийгмийн халамж үйлчилгээний хэлтсийн даргаар ажиллаж байсан П.Чинбат, нягтлан бодогч Я.Алтанэцэг нарын гэх хэрэг яригдаж байсан. Тухайн үед экс дарга, нягтлан хоёрыг Засгийн газрын “Журам батлах тухай” 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг зөрчин Дүүргийн халамжийн сангийн данснаас “Зоог трейд” ХХК-ийн данс руу 2014 оны 2 -р сарын 21-ний өдөр 6.000.000 төгрөг, 2014 оны 7-р сарын 10-ны өдөр 3.000.000 төгрөг, “Андын өгөөмөр тус” ТББ-ын данс руу 2014 оны 5 -р сарын 1-ний өдөр 5.200.000 төгрөг, 2015 оны 3-р сарын 31-ний өдөр 3.000.000 төгрөг, “Радонтхайрхан” ХХК-ийн данс руу 2014 оны 11-р сарын 3 -ны өдөр 5.000.000 төгрөг, “Саруул орчлон” ХХК-ийн данс руу 2014 оны 2-р сарын 21-ний өдөр 5.000.000 төгрөг, 2014 оны 10-р сарын 31-ний өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 2-р сарын 13-ны өдөр 2.000.000 төгрөг, 2015 оны 3-р сарын 3-ны өдөр 2.000.000 төгрөг, “Ихэр арслан” ХХК-ийн данс руу 2014 оны 8-р сарын 13-ны өдөр 5.000.000 төгрөг, 2015 оны 2-р сарын 13-ны өдөр 3.000.000 төгрөг, иргэн Бадамцэцэгийн данс руу 2014 оны 10 -р сарын 15-ны өдөр 570.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 44.770.000 төгрөгт ортопед, тусгай хэрэгслүүд, гурил бэлтгэн, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, байгууллагад хүнд хор уршиг учруулсан хэрэгт буруутгагдсан.
Уг журамд ахмад настан нь ортопед болон тусгай хэрэгслийг өөрөө сонгож авахаар тусгасан ч дарга нягтлан хоёр сонголтыг нь өмнөөс нь хийчихжээ. Энэ хэрэг “Халамжийн” Д.Баярсайханы хэрэг шиг нэлээд удсан ч арай ч түүн шиг замхрах талдаа ороогүй. Удсан гол шалтгаан нь хохирлын хэмжээний талаархи маргаан гэнэ. Гурван шалгалтаар 30 сая, 35,5 сая мөн 14 сая гурван өөр дүн гарчээ. Гэхдээ улсын яллагчийн мэдэгдсэнээр 30 сая нь П.Чинбат, Я.Алтанцэцэг нарын хамаарал бүхий компаниуд руу шилжүүлсэн мөнгөн дүн, дараахь нь Нийслэлийн халамж үйлчилгээний газрын дарга Ч.Очирхүүгийн мэдүүлсэн дүн агаад одоогоор нийт хохирол гэх 44,7 сая нь 2014-2015 онуудад Нийгмийн халамжийн тухай хууль, холбогдох бусад тогтоол, дүрэм, журмыг зөрчин бэлнээр болон шилжүүлгээр гаргаж авсан мөнгөн дүн гэнэ. Уг 44.7 саяар зорилтот бүлгийн хүмүүст зориулан ортопед, тусгай хэрэгслүүд, гурил зэргийг бэлтгэн тараажээ. Яг тараасан эсэхийг тогтоох гэж цагдаа нар Налайхын халамжинд хамрагддаг айл бүрээр орж цаг хүч их зарсан. Нийтдээ 30 гаруй саяар нь ортопед, тусгай хэрэгслүүд, гурил тарааж үлдэгдэл 11 саяын бараа агуулахад нь хадгалагдаж байсан. Үүнээс хууль зөрчсөн гэх хоёр асуудал яригдсан. Эхнийх нь хэрэгт холбогдогчид ахмадуудын өмнөөс сонголт хийх эрхтэй эсэх мөн ортопед, тусгай хэрэгслийн нөөц бүрдүүлэх үүрэгтэй эсэхэд байгаа юм. Журманд ахмадууд нь халамжийнхантай гэрээ байгуулсан компаниудаас өөрсдөө сонгохоор тусгасан бол халамжийн сангаас мөнгө гарган их хэмжээний ортопед тусгай хэрэгслийн нөөц үүсгэх бэлтгэх эрх мэдэл дүүргийн дарга нарт олгогдоогүй байжээ. Харин экс дарга нягтлан нар халамжийн мөнгөөр тараах ёстой зүйлийг нь тараасан, зорилтот бүлэгтээ хүрсэн, авсан ахмадууд гомдол гаргаагүй үлдэгдэл нь агуулахад байгаа, хохирол учраагүй хэмээн эсэргүүцдэг. Ийнхүү халамжийн сангаас их хэмжээний мөнгө бэлэн болон бэлэн бусаар гарч хувийн компани, хувь хүн болон ТББ руу шилжжээ. Мөн улсын яллагчийн мэдэгдсэнээр дээрхи мөнгө нь эргэн гарч сэжигтнүүдийн нарын гар дээр очсон болох нь тухайн компаниудын захирлуудыг гэрчээр байцаасан байцаалт “Ихэр арслан”, “Саруул орчлон”, “Зоог трейд”, “Радонт хайрхан” ХХК, “Андын өгөөмөр тус” ТББ-ын дансны гүйлгээний хуулгууд зэрэг нотлох баримтуудаар шалгагдаж тогтоогдсон гэнэ.
НУУЦ.мн