Энэ сарын 25-аас зургаадугаар сарын 3-ыг хүртэл эх үрсийн баярт зориулж “Хөрш гурав” нэртэй тоглолт хийхээр болжээ. Уг тоглолтыг “Шинэ цирк” төвөөс зохион байгуулж байгаа бөгөөд Хятадын циркийн жүжигчид, Москвагийн циркийн жүжигчид, сургуультай амьтдын хамт тоглох гэнэ.
Хоёр цагийн хугацаанд тоглогдох үзүүлбэрүүдийн дийлэнхийг Оросын сургуультай амьтдын үзүүлбэр эзлэх юм. Тус улсын таван баавгай, нэг чоно, гурван нохой, 20 гаруй галуу, хоёр сармагчин, тахиа гээд 40 гаруй сургуультай амьтад ирж манай бяцхан хүүхэд багачуудыг хөгжөөх юм.
Сургуультай Сибирийн хүрэн баавгай болон Канадаас авчирсан том баавгайнууд хоёр хөл дээрээ зогсохоор гурван метр өндөр болдог аж. Баавгайнууд хоёр хөл дээрээ зогсох, дугуй унах, бүжиглэх, нарийн утсан дээр зогсох зэрэг олон сонирхолтой үзүүлбэрүүд үзүүлнэ. Харин галуунуудын хувьд гулгаж, саадтай төмөр дээгүүр харайж, сургуультай морьдын үзүүлбэрийг дуурайн хийж олныг баясгах юм байна. Мөн Оросын циркийн сургуультай сармагчин, тахианууд ч үзэгчдийг уйдаахгүй. “Хөрш гурав” тоглолт Улаанбаатар хотноо тоглогдож дуусаад Дархан Эрдэнэт хотуудаар тоглогдох төлөвлөсөн байна.
Билетийн хувьд хүүхэд /0-4 наснаас дээш/-10.000₮, том хүн-15.000₮, VIP суудал-30.000₮ бөгөөд циркийн кассаар болон “Ачлал” их дэлгүүрийн урд байрлах явуулын кассаар худалдаалж байна.
Д.Эни Ugluu.mn