Үндэсний их баяр наадмын нээлтэд “Монголын сайхан орон” киноны ая эгшиглэнэ

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Штефан Дуппел өнөөдөр Шадар сайд У.Хүрэлсүхтэй уулзаж, Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг манай улсын талд хүлээлгэн өглөө.

Шадар сайд Үндэсний Их баяр наадмыг зохион байгуулах комиссыг ахалж ажилладаг бөгөөд энэ удаагийн баяр наадмын нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн  “Монголын сайхан орон” киноны аяыг эгшиглүүлэхээр төлөвлөж байгаа юм.

Монгол Улсын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Э.Чойдогийн “Монголын сайхан орон” киноны аяыг 1961 онд алдарт Дефа кино үйлдвэрийн симфони оркестрт бичүүлсэн боловч анхны партитур нь манай урлагийн сан хөмрөгт хадгалагдаж үлдээгүй байна. Тиймээс Дефа кино үйлдвэрийн архивт хадгалагдаж байгаа уг хөгжмийн партитурыг хувилан авч, Улсын баяр наадмын ёслолын үйл ажиллагаанд эгшиглүүлэх хүсэлтэй буйгаа Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх  ХБНГУ-ын талд илэрхийлээд байсан аж.

Шадар сайд өнөөдрийн уулзалт, үйл ажиллагааны үеэр “Нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагыг соргогоор мэдэрч бидний ажилд гүн туслалцаа үзүүлсэн Элчин сайд Штефан Дуппел, соёлын атташе ноён Кристиан Зайферт болон нийт Элчин сайдын яамны хамт олонд гүн талархал илэрхийлж байна. Монгол Улс хийгээд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын дипломат харилцаа, хамтын ажиллагаа улам бэхжихийн ерөөлийг дэвшүүлье” хэмээн талархлаа илэрхийлэв. Мөн ХБНГУ-ын элчин сайд болон албаныханд зориулан, алдарт зохиолчийн “Жаламхар” аязыг эгшиглүүлж, Морин хуур хөгжмийг бэлэг болгон өгөв.

Манай улс тус хөгжмийн зохиолын партитурыг хувилан авснаар хөгжмийн сан хөмрөг, архив баяжиж, Үндэсний их баяр наадмаар эгшиглүүлээд зогсохгүй Монголынхоо нэрт хөгжмийн зохиолчийн энэхүү  бүтээлийг партитурын дагуу анх удаа албан ёсоор тоглох нөхцөл бүрдэх юм.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …