Аялагчдын заавал үзэх ёстой Монгол орны үзэсгэлэнт газрууд /Цуврал -3/

Монгол Улс аялахад хамгийн тохиромжтой 10 орны нэгээр нэрлэгджээ. Өргөн уудам нутаг, үзэсгэлэнт байгаль, аж амьдрал, зан заншил үүнд нөлөөлсөн нь гарцаагүй биз. Тэгвэл аялагчиддаа зориулан Монголын үзэсгэлэнт газруудыг цувралаар хүргэж байна. Үүргэвчээ үүрээд аялахад бэлдээрэй.

Архангай аймаг

Нутаг дэвсгэр :                      55.3 мянган км.кв

Далайн түвшнээс дээш :      2414 м / дунджаар /

Хамгийн өндөр цэг :              3539 м / Харлагтайн сарьдаг /

Хамгийн нам цэг :                  1290 м / Орхон-Тамирын бэлчир /

Аймгийн төв :                       Цэцэрлэг хот / Эрдэнэбулган сум / .Улаанбаатар хотоос 480 км.

        Аймгийн бүх нутаг далайн түвшнээс 1200-3600 м өндөрт өргөгдсөн Хангайн нурууны салбар уулс, мөн ойт хээр, тал хээрийн бүсээс бүрдэнэ.

      Тус аймгийн нутагт Суварга хайрхан, Цогт сүмбэр, Хутаг, Гялгар, Харлагтай, Хан өндөр, Баянбайшир, Дулаан хан, Бүрэн хан, Ноён хангай, Халзан Бүрэгтэй зэрэг өндөр уулс, Бөхөн шар, Чингэлтэй, Тарвагатай, Бугат, Хичгэнэ, Тамирын өвч битүү ой тайгаар хучигдсан уул нурууд, Тамч, Тонгорго, Хөл сая, Хайрхан, Замт, Эг, Загастай, Хилзах, Согоот, Солонгот, Бумбат, Цагаан даваа зэрэг алдарт их даваанууд, Хонгорж, Тоглох, Хөшиг, Өгийн уудам тал, Хаалга, Мандах, Хануй, Хүнүй, Хөшөөт, Цайдам, Донгойн өргөн хөндийнүүд байдаг.

      Хөрсний бүтэц нь их төлөв ойт уулсын саарал, хар шороон хөрс, уулын хар хүрэн хөрс, уулын ам хөндийн хар бараан хөрстэй хослосон хүрэн, хар хүрэн хөрс, нилээд хэсгийг тал хээрийн хүрэн, цайвар хүрэн хөрс, нуга, намгийн хар хөрс, багахан хэсгийг, уулын хяр хад, асга, цасан дорх хөрс ялимгүй хэсгийг эзлэнэ.

    Аймгийн бүх нутгийн 70.7 хувийг малын бэлчээр, 1.8 хувийг хадлангийн талбай, 0.6 хувийг тариалангийн талбай, 15.7 хувийг ой мод тус тус эзэлдэг. Энд хуш, гацуур, хар мод, хус, улиас, хайлаас, бургас зэрэг шилмүүст, навчит мод, буриагуул, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, тавилгана, монос, шар мод, далан хайлс, жимст модод зэрэг 50 гаруй төрлийн модлог бут ургамал ургадаг юм. Мөн бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаа, поврон зэрэг цайны ургамал, улаалзгана, гүзээлзгэнэ, долоогоно зэрэг олон төрлийн жимс, жимсгэнэ, гичгэнэ, тарна, сонгино, халиар, мангина, хүнхээл, зэрлэг жууцай, янз бүрийн гогод, хүмүүл, таана зэрэг хүнсний аминдэмт ургамал арвин их бий.

     Архангайн нутагт алтан хундага, бамбай, нохойн хошуу, алтан гагнуур, царван, вансэмбэрүү, ванжингярваа, мягмансанжаа, хунчир, монгол туйплан, олон янзын дэгд зэрэг 200 шахам нэр төрлийн эмийн ургамал, банздоо, хөвөн оройт, мөөг, самар зэрэг хүнсний болон бусад чухал ургамал ургадаг. Үүний хамт арц, даль, агь, ганга гэх зэрэг таван төрлийн үнэртэн бүх нутагт байна. Зуны улиралд жамьянмядаг, сэржмядаг, яргуй, удвал, улаалзай, алтан зул, намуу, сарнай, цээний ягаан, цагаан лабай, бэр цэцэг, багваахай цэцэг өнгө жигдэрч байх нь үзэж ханашгүй сонин байдаг билээ.

     Хангайн нуруунаас эх авсан хойт урд хоёр Тамир, Хануй, Хүнүй, Чулуут, Орхон, Суман, Мөрөн зэрэг олон гол мөрөн, Өгий, Холбоо, Дөрөө, Тэрхийн цагаан, Хөх, Их, Хөдөө, Цайдам, Буйлан, Дуут нуур, Баян-Улаан зэрэг их бага нуур бий. Эдгээр гол мөрнүүд Архангайн нутгаар 280-350 км газар урсахдаа олон мянган га бэлчээр хадлан, тариалангийн талбайг усаар хангаж 16-34 салаа их бага гол горхийг ай савандаа нэгтгэдэг юм. Архангайн нутагт эмчилгээ сувиллын ач холбогдолтой Ноён хангай, Чулуут, Шивэртэй, Бор тал, Цэнхэр, Цагаан сүм, Хадат, Бэлх, Хан өндөр, Бумбат хайрхан, Алтан овоо, Мухар хужирт, Гялаан, Ангархай, Ороох, Цүүр, Бор бургас зэрэг 40 гаруй халуун хүйтэн рашаан, рашаан төст булагууд бий.

    Архангай аймагт байгалийн арвин их баялаг бий. Өгийнуур, Хотонт, Хашаат суманд шатах занар, бараг бүх сумын нутгаар хүлэр зэрэг түлшний нөөц, Цэцэрлэг хотын орчим, Хашаат, Тариат, Булган, Ихтамир, Цэнхэр сумдын нутгаар төмөр, соронзон гүрийн хүдэр, зэс, хар тугалга зэрэг металийн хүдэр, цагаан тугалга, Хангай, Тариат, Цэнхэр, Батцэнгэл зэрэг сумдад цахиуржсан мана, цагаан гантиг, усан ба утаат болор, бэлт чулуу, кальцийн жонш, хээрийн жонш, хайлуур жонш зэрэг ашигт малтмал, гялтгануур, гөлтгөнө, шохойн чулуу, боржин, наанги шавар, билүү, хүрмэн чулуу, өнгө бүрийн зос будаг зэрэг барилгын үнэт материалын нөөц бүхий олон орд судлагдсан байна.

     Архангайн нутагт унтарсан галт уулсын чулуулаг, солир, арслан заан, үлэг, гүрвэл, хярс, одос гэх мэт аварга амьтдын чулуужсан яс, яст мэлхий, хясаа зэрэг амьтдын үлдэгдэл чулуужсан мод мэт ховор сонин олдвор элбэг тохиолддог. Мөн Дөрөө нуур, Хөдөө нуур, Эрх нуур, Цайдам нуурын хужир шүү, Хангай, Тариат сумдын нутгаас жамц давсыг өргөн ашигладаг юм.

    Хангайн нуруунд аргал угалз, янгир ямаа, ирвэс, шүлүүс, ой хөвч нутгаар бор гөрөөс, буга согоо, гахай хүдэр, дорго, зээх, хэрэм, бүх нутгаар тарвага, үнэг, чоно, мануул, хярс, туулай, чандага, жирх, солонго, цагаан үен, зурам зэрэг ан амьтад оршино.

     Жигүүртнээс сойр, хур, ёл, тас, сар, бүргэд, бэгбаатар, ууль, харцага, шар шувуу, хойлог, тоншуул, хэрээ, тагтаа, шаазгай, болжмор, ятга шаазгай, ятуу, ногтруу зэрэг нутгийн шувуу, турлиах, элээ, алагтуу, галуу, нугас, ангир, хун, цахлай, хотон тоодог, тогоруу, хөх, шар цөцгий, хөхөө, өвөөлж, өрөвтас, зуун хурга зэрэг нүүдлийн шувууд бий. Гол мөрөн нуурын усанд зэвэг, тул, хайрс, хадран, цурхай, алгана зэрэг агнуурын загаснууд элбэг байдаг.

Арц Богд уул 

 Өвөрхангай аймгийн Богд сумын нутагт орших Арц богд уул нь Бага Богд уулын зүүн хоолойгоор зааглагдаж, баруун үзүүр нь Бага Богд уултай 20 гаруй километр газраар зөрсөн байдаг. Уулсын ар тал нь эгц, нилээд хадархаг говийн шинжтэй.

  Ноён оргил нь далайн төвшнөөс дээш 2477 метр өндөр Их баян уул. Уулын өвөр тал нь нилээд налуу, олон салбар уулстай. Тухайлбал, Дулаан богд уул 2094 метр, Зост уул 1580 метр, салбар уулсын зүүн хэсэг нь Халзан хайрхан уулаар төгсдөг. Ийнхүү Арц богд уул нь салбар уулсын хамт 180 километр үргэлжилдэг.

  Зүүн өвөрт нь Их булаг, Бага булаг, Бумба, Сөөг, Туруухай, Цагаан хад, Баруун Зүүн хөөвөр гэх мэт задгай устай. Харин баруун өвөртөө Авдрантай, Зүүн баруун Ялаатай, Гэгээт, Ямаан ус, Харангад, Хөөвөр, Мансруй зэрэг задгай устай. Ийм их гол горхи булаг шандтай учраас Арц богд ууланд жилийн дөрвөн улиралд манан татаж, хур буун эдгээр усан сангуудаа эргээд усаар тэтгэж байдаг.

Ачит нуур

Ачит нуур нь Увс, Баян-Өлгий аймгийн дунд орших цэнгэг уст нуур бөгөөд нуурын эрэг нь тал нутаг байх бөгөөд баруун хойд, зүүн хойд талдаа намгархаг гадургуутай. Энэ нуур Монгол Алтайн нурууны томоохон салбар Сийлхэм,Хархираа Түргэний уулсын хур цас, мөсөн голоос эх авч урсах Цагаан нуурын гол, Хатуугийн гол , Бөх мөрөн гол, Улиастай голуудын усаар тэжээгдэнэ.

Achit-Nuur_Lake,_Mongolia,_Landsat-7,_2007-08-13

     Ачит нуур нь илүүдэл усаа Усан хоолой нэртэй ганц голоор Ховд голд өгдөг. Ачит нуурын усны ил талбай 311 хавт.дөр.км, хамгийн урт нь хойноосоо урагш 30 км, өргөн 16 км хүрэх ба ДТД 1464 метрийн өндөрт оршино.

achit lake

      Ачит нуурын Дэвэлийн арал орчмоор 158 зүйл шувуу бүртгэгдсэн байдаг ба монгол орны Улаан номонд орсон хар өрөвтас, гангар хун, хээрийн галуу, хошуу галуу, цагаан сүүлт нөмрөг, зэрлэг гургуул, хонин тоодог, жороо тоодог, Азийн цацууль, итэлгэн цахлай зэрэг ховор шувуудтай. Ачит нуурын хөвөөний зэгсэнд зэрлэг гахай цөөн тоотой байна. Ядуу ардууд дээр үед нэг том загас бариад идэж цадаад ач буянтай гэдэг утгаар “Ачит” гэдэг нэрийг өгсөн гэж домоглодог. Ачит нуураас баруун хойш орших Шанаган хэмээх газраас түрэгийн бичигт хөшөө олдсон. Нуурын эргэн тойронд ихэвчлэн дөрвөд, хасаг үндэстнүүд амьдардаг.

mn087800

mn087801

5lutccnrd2ptivjjnte0hgrkmn

Харуул овоо

Ховд аймгийн Булган сумын төвөөс зүүн урд чигт 15 км-т Үенч сумын төвөөс хойд зүгт 25 км-т  Жаргалан нэртэй уулын өвөр, орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж буйг нутгийнхан Харуул овоо  хэмээн нэрлэж иржээ. Хар саарал өнгийн занарлаг чулууг хавтгайгаар нь өрж үелүүлэн энэ овоог босгохдоо дунд зэргийн шургааг модыг 1.5 метрийн зайтайгаар зангилаа углуурга байдлаар бэхэлгээ болгож хийсэн нь модны ил гарсан үзүүрүүдээс харагддаг.

haruul ovoo

haruul ovoo1

     Овоо нь гурван үе бөгөөд доод үеэрээ цүлхгэр бүдүүн, дээшээ нэгэн жигд хэмээр нарийсаж  цамхаг хэлбэрээр босгожээ. Овооны өндөр нь 10 гаруй метр орчим, суурийн голч нь 7 метр орчим  юм. Дурсгалын нэрний байдлаас авч үзэхэд уг байгууламжийг нутгийн хил хязгаарын тэмдэг юм уу,  ямар нэгэн дохио тэмдэг болгох зорилгоор байгуулсан болох нь тодорхой байна. Нутгийн ард олны дунд уг дурсгалтай холбоотой домог ярианы хэд хэдэн хувилбар байдаг. Энэ дурсгал нь XVII-XVIII зууны  үед холбогдох цөөн тооны чулуун байгууламжуудын нэг юм.

    Энэхүү дурсгал нь Монгол орны говийн бүсэд өргөнөөр тархсан харуулын шивээний нэг хувилбар бөгөөд эдүгээ 40 орчим тооны шивээ бидний судалгааны бүртгэлд байдаг. Харуул овоо хэмээн нэрийдсэн хэрэглэгдэхүүн нь харуулын байгууламж бөгөөд ямарваа довтолгоо аюулыг урьдчилан алсаас ажиглан харж мэдээд сэргийлэх, гал утаа, дуу, буухиа бусад хэрэгсэл, хэрэглүүрээр дохио өгөх, тулааныг ажиглах зориулалтай дурсгал мөн. Харуул овоо, Хацын овоо, Сангийн овоо, Өндөр овоо, Гүрвэлт овоо зэрэг овоодын тухай олон домгийн мэдээ байдаг бөгөөд Шинжаан Уйгур, Казакстаны нутагт ийм төрлийн 20 орчим дурсгал бий.

     Дэлхий дээр Манж гэгч гүрэн гарч ирээд Монгол, Ойрадуудын нутаг, баялагт шунаад зүйл бүрээр гоочлоод байхаар Ойрад хүмүүс хэдэн саам (удаа) өөрийн элчээ Бээжинд илгээж буруу зөвөө ололцох гэхэд Манж улс манай элчийг Цагаан хэрэмний боомт гэдгээс элдвээр уран арга зохиож оруулалгүй буцаагаад байжээ. Тэгэхээр нь Ойрад нийтээр зөвөлгөөн хийж Данжаа хошууч, Явган мэргэн, Дүгэр зайсан гэдэг нэрээр гурван баатрыг элчээр заржээ. Тэр гурав Бээжин очих замдаа: “Хүн оруулдаггүй боомтоор бид очихгүй Бээжингийн зүгт шулуун замаар одоод тэр айхтар Цагаан хэрэм гэдгийг нь сэт харваад орцгооѐ” хэмээн зөвлөлдөн Цагаан хэрэм гэдэгт хүрэхэд тэр хэрэм нь цаад наад хоѐр талдаа арай бага шиг, бас хоѐр дааган (давхар) хэрэмтэй гурван давхар хэрэм байсныг Явган мэргэн гурвууланг нь сэт харваж зам гаргаад шууд Бээжинд хүрээд очиход Манж нар ихэд сандран ингэж асуув: “Ойрадын баатрууд манай алдартай Цагаан хэрмийн хаагуур нь даваад хэл мэдээгүй ингэж ороод ирэв” гэжээ.        Данжаа хошууч хээв нэг инээж:“Аа! Танай Цагаан хэрмийн үүд хаалга нь олдохгүй хайж явтал танай хэрэм дээр чинь нэг муу ѐрын муухай том хар шувуу суучихаад босохгүй болохоор нь манай Явган мэргэн алдаж харваад хайран сайхан хэрмийг нураасан тусгүй юм боллоо. Чи хичээж харвахгүй яасан юм бэ?” гэж Явган мэргэнийг зэмлэх байдлаар ширвэж харахад Манж нар:“Хай бид мэдлээ Ойрадын Явган мэргэн гэгч та бий. Та ѐстой хүчтэй харвасан байна. Хай! Тэр ѐстой муухай шувууг дор нь алсан бол!” хэмээн харамсах дүр үзүүлээд тэднийг Манжийн хааны “Халуунаас зайлах ордонд” урьж аваачаад Ойрадын баатруудыг дээд хүндэтгэлээр дайлж хар архиар согтоож Явган мэргэнийг тусад нь байрлуулж унтуулагч нь болж баруун гарыг нь хуудас хаатай нь огтлож аваад дөрвөн хэсэг таслаж Бээжингийн дөрвөн их хаалганы босгон дор хавтгай чулуугаар дарж булаад Ойрадын баатар чиний “мэргэн” гар Манж хүний хөлд гишгэгдэх заяатай гар санж гээд тавлахад Ойрадын баатрууд өрөөсөн гаргүй Явган мэргэнээ аваад өмнөө гэрэл гаргаж хойноо харанхуй будан татуулсаар нутаг руугаа зугтаж Алтай нутагтаа ирэхэд Явган мэргэний бие муудан 13 удаа ухаан алдан унавч шүд зууж хөл дээрээ боссоор явж Ойрад нутагтаа хүрч Жимсээр гэдэг ууланд шархны халуунд туйлдан таалал болжээ.

      Дүгэр зайсан Ойрадын хаанд бүх учрыг айлтгаж мэдүүлэхэд Ойрадын хаан зарлиг болж Тугч Харбаатар, Сандаг зайсан хоѐрт тус бүр нэг түмэн цэрэг захируулж Ойрадын алдартай баатрын хойлогт оролцуулахаар илгээн ирүүлэхэд Данжаа хошууч ихэд гашуудан тангараг тавьсан нь:

“Хүний нутгийн шороо дэрлэлгүй
Хүч шавхан үхэлтэй тэмцсээр
Алаг Алтайнхаа өвөр түшсэнд
Арван гурван овоо гэрээслэж
Ам орон алдаж байна хэмээн
Аялгуут их дуугаар хашгирахад
Цаст уулын ирвэс цочин
Цавчих илд өрөө огшив” гэжээ.

      Ингэж элэг эмтрэн гашуудаж байтал Манжийн Цагаан баатар гэгч түмэн цэрэгтэй Ойрадуудын баатруудын хойноос нэхэж ирээд, Ойрадын баатруудтай өдөр шөнөгүй тулалдсаны эцэст Ойрадууд Цагаан баатарыг барьж авахад Тугч баатар “одоо үүнийг яах вэ?” гэж асуухад Данжаа хошууч “хариу өчиж яахыг би мэдье. Явган мэргэний алтан цогцосны өмнө миний өргөсөн тангараг бий. Манжууд манай баатрын амьгүй хааг хөл дороо гишгэн доромжилсон бол бид тэдний баатарыг амьдаар нь уулын оройд овоо босгож, дөчин түмэн Монгол, дөрвөн түмэн Ойрадын түүхэнд үлдэх дөчин тохой өндөр чулуун овоо босгон, Манжаас сэрэмжлэх үүдээ мануулж харуулж болгон дархлая” хэмээн тангараг тавиад нэг түмэн цэргийг Жаргалангийн голоос уулын орой хүртэл цувуулан зогсоогоод шавар, ус зөөлгөн, бас нэг түмэн цэргээр чулуу авхуулан Манжийн баатрыг элгэнд нь бул хар чулуу тэврүүлэн морийг нь буруу харуулан унуулж, овооны голд зогсоож байгаад ганц хоногт овоог өрж дуусгаад, орой дээр Цагаан баатарыг Тугч Харбаатар дийлсэний тэмдэг болгож цагаан чулууг хар чулуугаар дарж орхичихоод явсан гэдэг. Ойрадын Тугч Харбаатар гэж сүрхий хүн байсан гэдэг. Түүний үр удмыг одоогийн Захчины нутгаас олох учиртай гэж Ван ноѐн айлдаж байсан бүлгээ. Данжаа хошууч Явган мэргэний хойлог дээр ам гаргасан тангарагаа гүйцэлдүүлэхээр болж, эхний овоог “Харуул овоо бол“ хэмээн шивнэж үүнээс эхлэн наран шингэх зүгт цувуулан Харуул овооны дараа Хацын овоо, Сангийн овоо, Өндөр овоо, Гүрвэлт овоо… овоонууд босгосон байна.

haruul ovoo2

Өөш манхан

Дундговь аймгийн төвөөс урагш 130 гаруй км яваад  Өөш манханд хүрнэ.  Өлзийт сумын нутаг дахь  энэ манхан олон жилийн элсний нүүдэл, цөлжилтийг үл ажран  нэг км урт, зуу гаруй метр өндөр элсэн уул хөндөлсөн шаргалтсаар заг, бударганат говио чимэглэж байна. Хөлийн аясаар урсан нурах   элсэн уулын оройд мацан гарвал  оройн ирмэг хутганы ир шиг агаад  хялгана ч үл хөдлөх салхигүй атал шар торгон мяндас  хийсэх адил  торгон элс намиатан байх аж.  Элсэн уулын оройгоос  загийн шугуй бүхий Өөш, Номгоны их говь, Загийн усны хоолой  алсран цэлийж  харагдана.

22

Өөш манхан элсний эргэн тойронд ховордсон амьтан болох аргаль угалз, янгир, хуланг харахаас гадна Цагаансуварга хэмээх газрын мөргөцөг бүхий үзэсгэлэнт газар, Тагтааны агуй, Моринтолгойн цав зэрэг байгалийн үзэсгэлэнт газруудаар аялж, говийн улаан наран хэрхэн мандахыг харах нь үнэхээрийн гайхамшигтай юм.

5169416921_ee5f07940a

Аймгийн нутаг дахь цорын ганц энэ элсэн уулыг түшиглэн  нутгийн унаган хүү Ж.Наранцацралт агсны санаачилга зүтгэлээр “Өөш тур”  бөөрний сувилал байгуулагдсан бөгөөд зургаа, долоодугаар сард үйлчлүүлэгчдээ хүлээн авдаг.  Нарны идэвхижил хамгийн тохиромжтой энэ үед халуун элсний  эмчилгээний үр дүн илүү тул сувилуулагсад халуун элсэнд нүцгэн биеэ булж   бас ингэний сүү, хоормогоор ундаалж өвчин, эмгэг эмчилнэ.

e60d0845d702f7c3bigff99662c11f79420big


Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …