Хүй ертөнцөд ирсэн шинэ хүний анхны зоог нь эхийн ангир уураг байдаг билээ. Монголчууд хүүхдийг эхийн хөхөөр хоолохыг эрхэмд тооцдог заншилтай, түүнийгээ ч хэрэгжүүлж чаддаг байсан. Шинэ хүний хувьд өлсөх, даарах, өвдөх, айж, цочих тэргүүнтэнг өөрөө бүрэн илэрхийлж үл чадах тул гагцхүү эцэг эх цаг тухайд нь мэдэрч асран сувилдаг.
Монгол оточ нар нэгэн хүүхдийн өвдөх нь зуун эхийн өвчинтэй, нэгэн эхийн өвдөх нь мянган эрийн өвчинтэй тэнцэнэ хэмээн үзэж, эх үрсийн эрүүл мэндэд онцгой анхаардаг байжээ. Иймд нялхсыг асарч сувилах ач тус нь тэнгэрээс өндөр, дэлхийгээс зузаан, далайгаас гүн, уулнаас хүнд буянт үйл хэмээн судар бичигт тэмдэглэжээ.
Хүүхэд сурч хүмүүжих үйл хэрэг эхийн хэвлийд, эхийн хэвлийн гадна адилхан л явагддаг үйл явц юм. Харин хүүхэд эхийн хэвлийд сурч боловсрохдоо гадны цочролыг хүнээр дамжуулж авдаг л онцлогтой. Үүнийг харгалзан Монголчууд хэвлий дэх хүүхэд айна хэмээн жирэмсэн эхэд улай үл үзүүлнэ. Бие давхар эх хүнийг хайч, хутга, хөрөө, сүх зэрэг мэс дээгүүр алхахыг цээрлэдэг. Энэ нь хурц зүйлээс болгоомжилсон хэрэг юм. Төрөх хүүхэд ууртай, ярдаг зантай болно хэмээн эх хүнийг ширүүн дориун хөдөлгөх, уурлуулж уцаарлуулахаас болгоомжилно.
Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр хөндлөн гарахыг хориглоно. Энэ нь ирээдүйн шинэ хүнийг эрхэмлэн хүндэтгэдгийн илэрхийлэл юм.
Гурваас дээш хүүхэдтэй гэр бүлийг төгс утгат гэр бүл гэх нь бий. Хүүхдүүдэд нь ахмад , дунд, отгон, хүүхдийн давуу ба сул, сайн ба муу тал тодорч, бие биедээ нөлөөлж, хүмүүний ертөнцөд бусадтай харилцах цогц шинж бүрэлдэнэ . Нөгөө талаар гурваас дээш хүүхэд бие биедээ түшигтэй, удам залгамжлах бат найдвартай. Хожим халуун элгэн саданаар дутагдахын зовлонгүй .
Монголчууд хоёр хүүхдийг нэгд бод, нэг хүүхдийг оргүйд тооц гэсэн хатуу үгийг зүгээр хэлээгүй буй заа.
Эх сурвалж:Зүрхэн нутаг танин мэдэхүйн сэтгүүлийн 2016 оны 7 дугаар сар