А.Ганбаатар: Монгол Улсын талаар сурталчилж, ажил, амьдралаа зориулсан нөр хөдөлмөрийг нь үнэлж Монголын төр шагнаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар өнөөдөр ОХУ-ын иргэн Нина Санджариковна Уланова, Цырендаши Эрдынеевич Доржиев, Ооржак Ошку-Саар Аракчаевна, Комбу Алдын-Кыс Чамзырыновна, БНХАУ-ын иргэн Чи Булаг, Дашдонровын Баярбаатар нарыг Алтангадас одонгоор шагналаа.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатараас тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж монгол туургатан түмний төлөөлөл болсон зарим хүнд Монгол төрийн дээд шагнал Алтангадас одон хүртээлээ. Энэ талаар тодруулж ярина уу?

– Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар ОХУ болон БНХАУ-ын зарим иргэд төрийн дээд одон Алтангадас одонгоор шагнууллаа. Өнөөдөр нийт 6 хүн шагналаа авлаа. Мөн бидний сайн мэддэг БНХАУ-ын иргэн, дуучин Тэнгэр хүндэтгэх шалтгаанаар ирж амжсангүй. ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгуг шагнахаар болсон. Тус улсын хувьд төр, засгийн өндөр албан тушаалтан гадаадын төр, засгаас шагнал хүртэхдээ дээд байгууллагаасаа зөвшөөрөл авдаг ёс байдаг юм байна. Энэ зөвшөөрөл ирэхэд шагнана гэдгээ илэрхийлсэн.

-Эдгээр хүмүүсийг шагнах болсон шалтгаан юу вэ?

– Өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг урлаг, спорт, эрдэм шинжилгээний салбарт эдгээр хүмүүс Монгол Улсын талаар сурталчилж, ажил, амьдралаа зориулж, он удаан жил ажилласан учир энэ их нөр хөдөлмөрийг нь үнэлж Монголын төр шагнаж байна гэж ойлгож болно.

 

president.mn

Санал болгох мэдээ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг …