Үндэсний их баяр наадмын түүхээс….

Түүх

Монгол орны зун цаг эртнээс найр наадмын уламжлалтай байв. 13-р зууны МНТ-д бичигдсэнээр наадам “хуран сар”-д (долоодугаар сар) болдог байсныг тэмдэглэсэн. Чингисийн чулууны бичигт Чингис хаан Сартуул улсыг байлдан дагуулж буцах замд найрлахад Хасарын хүү Есүнгэ 500 алд газар харвасныг тэмдэглэсэн.[2]

Долоон хошуу даншиг

Жил бүр тогтмол явагдах болсон нь 1639 онд Өндөр гэгээн Занабазарт зориулсан даншиг наадмаас эхэлсэн. Ширээт цагаан нуурын энэ наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор донир гэгчийн морь магнайлсан нь тэмдэглэгдэн үлджээ. 1696 онд Долоннуурт том наадам болсон. 1911 онд Монгол улс тусгаар тогтноход даншиг наадмыг болиулсан.[2]

Арван засгийн наадам

1772 онд Хэнтий уулыг тахих их наадам болов. Үүнийг Арван засгийн наадам гэнэ. Алдаг оног хийдэг байсан Арван засгийн наадам 1912 оноос жил бүр хийгдэх төрийн наадам боллоо. Богд хаан нас барах хүртэл буюу 1925 он хүртэл Арван засгийн наадам төрийн наадам болов. Арван засгийн наадмыг нийт 125 удаа хийжээ.[2]

Ардын төрийн наадам

1922 оноос Цэргийн наадам тэмдэглэх болов. Бургас цавчих зэрэг цэргийн урлаг номер үзүүлдэг тэр наадмыг Богдыг хаан ширээнд дахин залсан ба “Ардын” засаг тогтсоныг тэмдэглэж зуны тэргүүн сарын 6-нд наадахаар заасан. Тэр жилийн Цэргийн ба Арван засгийн наадамд хоюуланд нь Вандан аварга түрүүлсэн. БНМАУ тогтсны дараа хоёр наадмыг хамтруулах шийдвэр 1925 оны 5-р сарын 15-нд Засгийн газрын хуралдаанаас гарч, наадмын товыг 7-р сарын 11 гэж заажээ.[2] Энэ үеэс “Ардын наадам” гэж байгаад Монгол улс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөнөөс буюу 1946 оноос хойш “Ардын хувсгал ялсны ой” гэж тодотгох болсон. 1951, 1961, 1971, 1981 оны наадам Ардын хувсгал ялсны тэгш ой тохиосон учир их ач холбогдол өгч тэмдэглэж байв.

Үндэсний их баяр наадам

1990 оноос хойш МАХН, АН хоёр нам наадмын тодотгол дээр сөргөлдөх болсон. 1996 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан хүчин ялснаар тэр жилийн наадам Монголын тулгар байгуулагдсны 790 жилийн ой гэж тэмдэглэгдэв. 2006 онд «Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ой» болгон тэмдэглэсэн. 2015 оны байдлаар Хүннү улс нэгдсэн оноос эхлэн наадмын тодотголыг «Тулгар төрийн 2224 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 809 жил, Ардын хувьсгалын 94 жилийн ойн Үндэсний их баяр наадам» гэдэг болсон байв.

Тэмцээн уралдаан

Бөх барилдах, морь уралдуулах, нум сум харвахыг дээр үеэс «Эрийн гурван наадам» хэмээн холбожээ. Одоо дөрвөн төрлөөр нааддаг.

Бөх барилдаан

 Төв цэнгэлдэх хүрээлэн. Улсын наадмын бөх барилдаан.

Монголчууд багаасаа бөх барилдаж өсдөг уламжлалтай. Бөх барилдааны хийц нь газар газарт адилгүй байна. Үүнийг ялгавал:

  • буриад бөх (буриадад үүсч хөгжиж буй, буриад үсгээр «бүхэ барилдаан» гэнэ)
  • бух ноололдоон (дундад зууны ойрдын дунд дэлгэрч байсан, одоогийн барилдаануудад зай тавьж мөхсөн барилдаан)
  • монгол бөх (Монголд «үндэсний бөх» гэдэг; дундад зууны халхад үүсч хөгжсөн, одоо Монгол улсын үндсэн барилдаан)
  • өвөр монгол бөх (эртнээс үзэмчинд хөгжиж дэлгэрсэн, «үзэмчин бөх», «зангиат бөхийн барилдаан» гэж бас хэлнэ)
  • халимаг бөх (дүрэм нь бух ноололдооноос гаралтай, өмсгөл нь чөлөөт бөхөөс авсан шинээр хөгжиж буй барилдаан)

Морин уралдаан

 Хурдан морины уралдааны бариа

Монголчууд эртнээс моринд эрэмгий, морины нуруун дээр сандайлж дэлхийд мөрөө тамгалсан ард түмэн билээ.

Хурдан морийг эрхэмлэх бөгөөд “Сайн морь эзний чимэг, сайн эхнэр гэрийн чимэг”[3] гэж хэлдэг.

Хурдан морийг нас насаар нь уралдуулдаг: Үүнд

  • Даага – 2 настай
  • Шүдлэн – 3 настай
  • Хязаалан – 4 настай
  • Соёолон – 5 настай
  • Азарга – 7-оос дээш настай буюу Нас гүйцсэн
  • Их нас (Бүдүүн морь) – 7-оос дээш настай буюу Нас гүйцсэн

Монгол нутгийн адуу холд тэсвэртэй бөгөөд нас насаар нь ялгаж 10-30 км газар уралдуулдаг.

Сур харваа

Монголчууд эртнээс дайтах намнахад дадсан, «Эрхийдээ эрчтэй»[4] мэргэн харваачид билээ.

Өдгөө энэ нь эгнүүлэн тавьсан сурыг алсын зайнаас нум сумаар онож харвах спорт болон өвлөгджээ. Хэд хэдэн янз байна:

  • Буриад харваа
  • Халх харваа (Үндэсний сур харваа)
  • Урианхай харваа

Шагай харваа

Монголчууд малынхаа үр шимийг хүртэн ирсэн. Сүү сааль, үс ноос, яс цус нэгийг ч хаялгүй ашигладгийн нэг нь шагай юм.

Шагайн наадгайны олон зүйлээс шагайн харваа энэ цагт наадмын нэгэн төрөл болжээ. Дотроо хэдэн янз байна:

  • Боржигон харваа
  • Халх харваа
  • Урианхай харваа

Газар газрын наадам

Монгол улс

Монгол оронд зун цаг ирж, жил бүрийн долоодугаар, наймдугаар сар наадмын цаг, есдүгээр сар хурим найрын цаг болно.

Монгол улсад наадмыг зохион байгуулах комисс улс, аймаг, сумын наадмаа тус тус зохион байгуулж ард түмэн цуглан баярладаг.

Монгол улсын наадам засаг захиргааны зохион байгуулалттай уялдан цол, зэрэг, чимэг нь уялдсан байдаг.

Санал болгох мэдээ

С. Амарсайхан: 25 тэрбум төгрөгөөр ОБЕГ-т гал унтраах дрон, хувцас, тоног төхөөрөмж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан …