Амралт, сувилалд амрах ахмадуудад олгодог хөнгөлөлтийн мөнгө шилжүүлэх журмыг хялбаршуулав

big_ahmaduud-middle Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр болж, 30-аад асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Амралт, сувилалд амрах ахмадуудад олгодог хөнгөлөлтийн мөнгө шилжүүлэх журмыг хялбаршууллаа

Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан 10 хоног амрахад нийгмийн халамжийн сангаас 150,000 төгрөг олгож, үлдсэн 100,000 төгрөгийг өөрөө гаргахаар Засгийн газрын 2013 оны 19 дүгээр тогтоолоор зохицуулсан юм. Энэ журамд заалт нэмж, бүгдэд адил тэгш хүртээмжтэй байх уян хатан зохицуулалт оруулж өөрчиллөө.

Шинэ зохицуулалтаар эрхийн бичгийн үнийг урьдчилан бүрэн төлөх боломжгүй ахмад настан шаардлагатай баримт бичиг, нэхэмжлэлийг сум, хорооны нийгмийн ажилтанд бүрдүүлээд өгчихвөл хөнгөлөлтийг нь тухайн амралт, сувиллын газрын дансанд шилжүүлдэг болж байна. Өмнө нь нийгмийн халамжийн сангаас төлөх хэсгийг заавал тооцоо нийлсний дараа шилжүүлдэг байсан юм. Өмнөх зохицуулалтаар амарсан хүний тоо, зарцуулсан хөрөнгийг нийгмийн халамжийн байгууллага хянах боломж бүрдсэн ч зөвхөн мөнгөө бүрэн төлж чадах ахмадууд хамрагдаж, амьжиргааны түвшин доогуур, орлого багатай нь эрхээ эдлэх боломжийг хязгаарлаад байна гэж холбогдох байгууллагаас санал дэвшүүлсэн тул дээрх шийдвэрийг гаргасан юм.

Хилийн бүсийг түймрээс хамгаалахад хойд хөрштэй хамтран ажиллана

Монгол, ОХУ-ын Засгийн газар хооронд “Ойг түймрээс хамгаалах тухай” хэлэлцээр байгуулахаар шийдвэрлэлээ. Хил орчмын нутагт ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, унтраах, учрах хохирлыг багасгах, түймэртэй тэмцэхэд хамтран ажиллахад энэ хэлэлцээр чиглэгдэх юм.

Сэлэнгэ, Булган, Хөвсгөл аймаг ОХУ-ын Буриад улстай 1248 км, Хөвсгөл, Завхан, Увс аймаг Тува улстай 587 км, Дорнод, Хэнтий аймаг Өвөр Байгалийн хязгаартай 355 км, нийт 2190 км ой, хээрийн бүсээр хоёр улс хиллэдэг. Хилийн энэ шугамаас дотогш 10 км өргөн зурвасыг талууд түймрээс хамтран хамгаалах бүс гэж тогтоолоо.

Сүүлийн жилүүдэд Монгол-Оросын хил дагуух бүс нутгаар ой, хээрийн түймэр олон удаа гарч, зарим тохиолдолд хил дамнасан том түймэр болон тэлж хоёр улсын хил орчмын байгаль экологи-эдийн засагт үлэмж хэмжээний хохирол учруулж байна. 2006-2009 онд Дорнод, Хэнтий, Сэлэнгэ, Хөвсгөл, Увс, Завхан аймгийн улсын хилийн дагуух бүс нутгаар 39 удаагийн түймэрт 4 сая орчим ой, хээрийн талбай шатаж, 5,4 тэрбум төгрөгийн хохирол учруулжээ.

Иймд хилийн цаана гарсан түймрийгцаг алдалгүйунтраах, хамгаалалт хийх зэрэг арга хэмжээ авч, улсын хилээр нэвтрүүлэхгүй байх ажлыг тогтмол хэрэгжүүлнэ. Хэлэлцээрт тусгасан ажлуудыг хэрэгжүүлэхэд Оросын талаас Ойн аж ахуйн агентлаг, Монголын талаас Байгаль орчин, ногоон хөгжлийн яам тэргүүтэй төрийн болон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагууд гол үүрэгтэй ажиллана.

Онон, Балж – Амар мөрний орчмын

хил дамнасан дархан газар байгуулна

Монголын Онон-Балж, Оросын Амар мөрний эхийг хамарсан хил дамнасан шим мандлын дархан газар байгуулах Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар шийдвэрлэлээ.

Онон-Балж, Сохонд (Амар мөрний эх)-ын хилийг хоёр улсын тусгай хамгаалалтад авснаар Хойд мөсөн далай, Номхон далайн ай савд багтах цэвэр цэнгэг усны эх үүсвэр, түүнийг зохицуулан барьж буй өмнөд Сибирийн тайгын экосистем, хил дамжин нүүдэллэн амьдардаг ховор амьтан, ургамлуудыг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн энэ бүс дэх байгаль, түүхийн дурсгалт газруудыг түшиглэн хоёр тал аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой. Энэ бүсэд аялал жуулчлал хөгжүүлэхэд Чингис хаантай холбоотой түүхийн дурсгалт газрууд томоохон байр суурь эзэлнэ.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын Хүрээлэн буй орчны асуудлаар хамтран ажиллах 1994 оны хэлэлцээрт хил дамнасан тусгай хамгаалалттай газруудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, үйл ажиллагааг уялдуулах, хамтарсан дархан газар байгуулахаар тусгасан байдаг. 2009 онд ОХУ-ын Ерөнхийлөгч Д.А.Медведевийн манай улсад хийсэн айлчлалын үеэр ч энэ асуудлыг хөндөж, Увс нуурын ай савын дархан цаазат газар, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг хил дамнасан тусгай хамгаалалттай бүс болгохоор хэлэлцсэн юм.

Цаашид хоёр улс хамтран хамгаалах шаардлагатай хилийн дагуух бүс нутагт  Сийлхэмийн нуруу, Хөвсгөл, Хан-Хэнтий, Монгол Дагуурын ДЦГ-ууд, ОХУ-ын талаас Увс нуурын хотгор, Түнхэн, Даурийн тал багтаж байна.

Итали улстай визийн шаардлагаас

чөлөөлөх хэлэлцээр байгуулна

Дипломат паспорт эзэмшигчдийг виз авах шаардлагаас чөлөөлөх тухай Монгол, Италийн Засгийн газар хоорондын хэлэлцээрийг дэмжиж, байгуулахаар тогтлоо.

Хэлэлцээр батлагдвал дипломат паспорт эзэмшигч 6 хүртэлх сарын хугацаанд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчдог болно. Мөн Монгол Улс бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогынхоо хүрээнд Европын холбоо, Олон улсын хамтын нийгэмлэгийн чухал улсын нэг Италитай харилцан ашигтай хамтын ажиллагаа хөгжүүлэхэд дорвитой алхам болно гэж үзэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  2011 оны 10 дугаар сард Итали улсад айлчлах үеэр энэ талаар анхлан ярилцаж байсан юм.

Монгол Улс одоогийн байдлаар 20 оронтой дипломат, албан паспорт эзэмшигчид визгүй зорчих, Герман, Чех улстай дипломат паспорт эзэмшигчид визгүй зорчих хэлэлцээр байгуулаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …