Х.Баттулга:Монгол төрийн наадам ургах нарнаас, шингэх наран хүртэл ёслол төгөлдөр болж өндөрлөлөө

Монгол Улсын ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үг

Эрхэм хүндэт наадамчид аа,

Эрхэм хүндэт зочид оо, 

Монгол төрийн их баяр наадам ургах нарнаас шингэх наран хүртэлх уудам их газарт ёслол төгөлдөр сайхан болж, монгол хүн бүрийн сэтгэлийн галыг бадраан өндөрлөж байна.

Эр бяртай бөхчүүд маань уран хурц мэхийг уралдуулан барилдаж ид хаваа гайхуулцгаалаа. Уяачийн эрдэм төгс, хүүхдүүдийн жавхаа төгөлдөр байж хүлэг морьд маань иртэй сайхан уралдлаа. Эрхийдээ эрчтэй харваачид маань сэц мэргэн харвалаа.

Монголчууд бид нэгдэж нягтарсан цагтаа ялан дийлж, хөгжин бадарч явсан аугаа түүхтэй ард түмэн. Тусгаар тогтнол, эрх чөлөөгөө хайрлан хамгаалж, эвийн хүч, эрдэм мэдлэгийг эрхэмлэн дээдэлж, шударга ёс, үүрэг хариуцлагыг ухамсарлан улам илүү хичээцгээе. Хүчирхэг Монголыг цогцлоохын төлөө хүн бүр чадахын хэрээр зүтгэж, хөдөлмөр зүтгэлээ өрх гэрийнхээ болоод, улс орныхоо ирээдүйн сайн сайхны төлөө зориулж, хамтын хүчээр амжилтын төлөө зүтгэцгээе.

Монгол хүн бүр эрүүл бие, саруул ухаан, эрдэм төгс, хийморь золбоотой байж, эх орон маань цэцэглэн хөгжихийн бэлгэ ерөөл өргөж, үндэсний их баяр наадам өндөрлөж байгааг уламжилъя.

Хөх Монгол мандан бадраг ээ.


Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …