Бар, цэнгээний газрууд удаа дараа хууль зөрчвөл дулаан, цахилгааныг нь тасална

a1437df0bf45e7cebig Өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаар нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал, нийслэлийн Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ч.Жаргалсайхан нар мэдээлэл хийлээ. Өнгөрсөн 14 хоногт нийслэлийн Цагдаагийн газарт 695 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 32,8 хувиар нэмэгдсэн байна. Нийслэлийн Замын цагдаагийн газарт бүртгэгдсэн зам тээврийн осол, гэмт хэргийн гаралтын тоо буурсан ч зам тээврийн ослоор амь насаа алдсан иргэдийн тоо 38,4 хувиар нэмэгджээ. Нийслэлийн Засаг дарга “Гэмт хэргийн гаралт өссөн шалтгааныг тогтоосон, эсэх, шөнийн цэнгээний газруудад баасан, бямба, ням гарагт 03 цаг хүртэл ажиллах эрх олгосон нь гэмт хэргийн гаралтад нөлөөлсөн, эсэх,  шөнийн цэнгээний газрууд хуулийн дагуу ажиллахад ямар хяналт тавьж байгаа” талаар холбогдох албан тушаалтнуудаас тодрууллаа.
НЦГ-ын дарга, цагдаагийн хурандаа Д.Батжаргал “Гэмт хэргийн гаралт өссөн нь цагдаагийн байгууллагын гэмт хэргийн илрүүлэлт сайжирсантай холбоотой гэж үзэж байгаа. 7 хоногийн 3 гарагт шөнийн цэнгээний газруудын ажиллах цагийн хуваарийг сунгасан нь гэмт хэргийн гаралтад нөлөөлөөгүй” гэлээ. Харин Улаанбаатар хотын ЗАА-ны Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга О.Нарантуяа “07 сарын 25, 26-нд шөнийн цэнгээний газруудад гэнэтийн шалгалт хийсэн. Шалгалтаар  00-03 цаг хүртэл үйл ажиллагаа явуулахдаа архи, согтууруулах ундаагаар үйлчлэхгүй байх журмыг зөрчсөн шөнийн цэнгээний газрыг хаах хүртэл арга хэмжээ авсан ч “Доргио”, “Faсе” зэрэг газрууд хуулийг үл тоон ажилласан. Энэ талаар хууль хяналтын байгууллагад хандаад байна” гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг сайтар хангаж, явган хүний болон  автомашины замын халтиргаа гулгааг арилгахад онцгой анхаарч,  хүн хүч, техник, хэрэгслээ сайтар бэлдэх шаардлагатай. Гэмт хэргийн гаралт нэмэгдсэнтэй холбогдуулан шөнийн цэнгээний газрууд хууль дүрмээ баримтлан ажиллах, удаа дараа хууль зөрчвөл дулаан, цахилгааны хэрэглээг нь хязгаарлах, гэмт хэргийн гаралтын шалтгаан нөхцлийг тодорхойлж, багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх”-ийг нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд үүрэг болголоо. Мөн нийслэлийн ИТХ-ын тогтоолоор нийслэлийн иргэдэд өмчлүүлэхээр болсон 52 байршилд дур  мэдэн хашаа хатгасан, байрласан иргэдийг албадан нүүлгэхийг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад үүрэг болголоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …