Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Г.Акимийг энэ удаагийн “Өөр зочин”-оор урилаа.
-Саяхан хэдэн ном гаргасан. Харь гаригийнхан Монголд ирж байжээ гэдгийг сонирхож судалсан юм. Хадны сүг зураг гээд бид мэднэ дээ. Тэнд чинь харь гаригийн хүнийг сууж ирсэн унаатай нь хамт зурчихсан байдаг юм шүү дээ. Маш тод үлдсэн байгаа юм. Үүнийг би зөвхөн өөрийн зүгээс сонирхолдоо хөтлөгдөж хийсэнгүй. Английн эрдэмтдийн 20 гаруй номыг, ОХУ-ын эрдэмтдийн 10-аад ном, Монголынхоо үлгэр, домог, академич Д.Цэрэнсодном гуайн эмхэтгэсэн “Домгийн чуулган”-ыг уншиж судалж байж хэдэн ном гаргасан. Энэ л миний сүүлд хийгээд байгаа бүтээл байна даа.
-Нисдэг тэрэг болон экскаватор хөлөглөсөн хүний дүрс зураг хаанахын ямар хадан дээр байдаг юм бэ?
-Монголын говь маш өвөрмөц, сонин, судлах юм ихтэй юм. Сонирхолтой сүг зураг бүхий хад, чулуу маш олон. Өөрийн чинь нутаг байх аа, танай Сүхбаатарын Эрдэнэцагаан суманд ч байна. Зотол хан уулаас баруун хойш сансрын нисгэгчийн малгай шиг толгойтой хүний дүрстэй хад байгаа. Ингээд үзэхээр дэлхийн эрдэмтэд хүн бичнээс үүссэн гэж үздэг нь худал юм.
-Яагаад, тэгээд харь гаригийнхнаас үүссэн гэж үү?
-Хүний хромсом, сармагчны хромсом өөр. Сармагчных 48, хүнийх 46. Тэгэхээр орчин үеийн биологичид Ч.Дарвинаас асууна, хоёр хромсом хаашаа алга болчхов оо. Сармагчны хромсом 48 юм чинь хүнийх ч ялгаагүй 48 л байна шүү дээ. Хромсомын тоо хувьслаар өөрчлөгддөггүй. Гэтэл хүнийх 46 байгаа шүү дээ. Хоёрдугаарт, сармагчнаас хүний ДНК-г хайгаад олдоогүй. Орчин үеийн биологийн шинжлэх ухааны юм шүү дээ энэ чинь. Үүгээр нь би хүн сармагчнаас үүсээгүй юм байна гэж дүгнэж байгаа. Хүн Африкт сармагчнаас үүсээд хаагуур ч юм бэ дамжсаар Төв Азид 4000 жилийн өмнө ирсэн гэдэг огт худал юм.
-Үүнийг юугаар батлах вэ, ямар баримт баталгаа байна?
-Хэнтий аймгийн Норовлин сумын нутгаас эртний хүний гавлын оройн яс олдсон байдаг. Тэр нь хомосапияс гэж ухаант хүний толгойн яс байгаа юм. Үүнийг Францын эрдэмтэд баталсан. Хомосапияс 250 мянгаас 100 мянган жилийн хооронд бий болсон гэж үздэг. 40 мянган жилийн өмнө хүн төв Азид ирсэн юм бол яагаад 250 мянган жилийн өмнөх яс тэндээс олдож байдаг юм бэ. Өөр нэг эх сурвалж бол Бээжингийн ойролцоогоос эртний хүний бас нэг яс олдсон, тэр мөн 250 мянган жилийн өмнөх хүнийх.
Ява арлаас бас ухаант хүний яс олдсон. Гэхдээ түүнийг Төв Азид хүн бий болоод Бээжин, Ява арал гэх мэтчилэн тал бүрд тарсан гэж эрдэмтэд үздэг шиг билээ. Үүнд бас л өмнөх хариултыг хэлэхэд 40 мянган жилийн өмнө хүн төв Азид ирсэн юм бол яагаад 250 мянган жилийн өмнөх яс тэндээс олдож байдаг юм бэ, тийм биз. Дэлхийн эрдэмтдийн үзэл онол энд буруу байна.
Энгийн үгээр хэлэхэд, “Монголын нууц товчоо” өрхний завсраар орж ирсэн шар гэрлээс ураг оллоо гэдэг илүү үнэнд ойр юм. Үүнийг юугаар тайлбарлаж болох вэ гэвэл, квантын физикт үздэг квантын шилжилтээр тайлбарлаж болох юм. Холливудын кинонд хүн явж байснаа гэнэт шингэнд хувирч урсч алга болоод эсвэл гэрэл болоод байдаг даа, квантын шилжилт тийм л юм. Магадгүй өөр гаригаас ирсэн гэрлэн хүнээс хүн үүссэн байж болзошгүй.
Алун гоо эх “Буха хатаги, Бухату салжи, Бодончар мунхаг гурвын эцэг тотгоор орж ирээд шар нохой мэт шарвалзан гарч одогч юм. Энэ хөвгүүд тэнгэрийн хөвгүүд биз ээ” гэж хэлсэн тухай “Монголын нууц товчоо”-д байдаг. Энд давхар утга байгаа нь хүн тэнгэрийн биетээс улбаатай юм биш биз гэсэн таамаг төрж байна. Энэ мэтчилэн олон зүйлийг би саяхан гаргасан номдоо илүү тодорхой бичсэн байгаа.
-Та бас саяхан болсон Зава Дамдин Лувсандаяан ламын 150 жилийн ойд зориулсан “Алтан дэвтэр” олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэгчээр оролцож байсан. Хурлын ач холбогдлыг юу гэж дүгнэж байгаа вэ?
-Зава Дамдингийн судлал бараг шинэ тутам юм. Өмнө нь академич Ш.Бира гуай “Алтан дэвтэр” судрын талаар нэг сэдэвт бүтээл бичсэнээс өөр бүтээл байгаагүй. Одоогоос арван жилийн өмнө буюу 140 жилийн ойгоор нь бид илтгэл тавьж хэлэлцүүлж байсан. Гол судалгааны ажил тэгж эхэлсэн. Зав Дамдин бол буддын таван ухаанд мэргэшсэн, буддын шашны таван үндсийг гаргуун мэддэгээрээ Зава гэж алдаршсан хүн шүү дээ. Тиймээс тэр таван ухаанаар нь задаргаа хийж, чиглэл тус бүрээр нь гэх юм уу илүү нарийн судлах цаг болсон. Түүний эхлэл нь сая 150 жилийн ойгоор нь тавигдлаа гэж харж байна.
Ойд зориулсан “Алтан дэвтэр” олон улсын эрдэм шинжилгээний хуралд тавьсан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном багшийн илтгэл, БНХАУ-ын Бээжингийн үндэсний их сургуулийн профессор, монголч эрдэмтэн Ч.Хишигтогтох багшийн илтгэл гэх мэт нэлээд жинтэй, хүмүүсийн сонирхол татсан судалгаанууд гарч ирж байна. Тухайлбал, би Хишигтэн /Хишигтогтох/ багшийн илтгэлийг их сонирхолтой гэж бодож байна. Зава Дамдин Лувсандаяан ламын хойт дүр залуу Зава Дамдин Лувсандаржаа ламтан мөн шинэ мэдээлэл, шинэлэг судалгааг сөхөж тавьсан.
Хамгийн гол нь шинэ мэдээллийг гаргаж тавих л чухал. Эрдмийн ажил зөвхөн эрдэмтдэд зориулсан байдаг юм биш, олон түмэндээ зориулагдаж байж сая жинхэнэ эрдмийн ажил болно. Манай зарим эрдэмтэн би эрдэмтдэдээ зориулж байна гэх нь бий. Тиймээс тэр нь хүнд ойлгогддоггүй, дотоодынхон нь ч тоодоггүй, гадаадынхан ч тоодоггүй. Хэчнээн сайн судалгаа байлаа ч бас ийм байх нь бий. Зава Дамдингийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал харин ийм байдлаас тэс өөр боллоо.
Эрдэмтэн, судлаачдаас гадна жирийн иргэд, малчид хүртэл ирээд суучихсан, хурал дундуур хэн нь ч гарахгүй, босож явахгүй идэвхтэй оролцож, чих тавин чагнаж байна. Энэ чинь тэр хүмүүсийн тархинд орж байна гэсэн шүү дээ. Ер нь эрдэм шинжилгээний хурлын ач холбогдол гэж өөрийн чинь асуугаад байгаа зүйл бол судалгааг гүнзгийрүүлэх, тэр сэдвийнхээ талаар шинэ сонин зүйлийг гаргаж ирэх юм шүү дээ. Түүн шиг өнөөдөр Зава Дамдин багшийг л нээх нь чухал. Тэр зорилгодоо түүний ойд зориулсан “Алтан дэвтэр” хурал хүрсэн гэж бодож байна.
-Зава Дамдинг судлагчид тэр их хүнийг нээх нь чухал хийгээд энэ зорилгод “Алтан дэвтэр” хурал хүрсэн гэж та хэллээ. Хүмүүс өмнөх дүрийн их эрдэмтэн Зава Дамдинг билгүүн номч гэдгээр мэднэ. Гэтэл зарим хүн хойт дүрийн залуу Зава Дамдин Лувсандаржаа Ринбүчийг ном эрдэмтэй атлаа тэрслүү хүн гэх нь бий. Энд ямар учир байдаг юм бол?
-Номтой хүн эрдүү байдаг юм. Би ч гэсэн онгирч л байгаа шүү дээ. Өөрийнхөө үзэл бодолд итгэлтэй бол хэнээс ч айх хэрэггүй шүү дээ. Тэр тийм л хүн. Өөртөө итгэлтэй байна шүү дээ, би үнэн юм ярьж байна, зөв зүйл хийж байна гэдэгтээ тэр хүн бат итгэлтэй байна. Түүнийгээ ч шулуухан хэлчихдэг. Энд юу нь буруу байх билээ.
-Хуна дөрвөлжин бичиг, ровеш сийлмэл үсэг хоёрын уялдааг судалсан таны судалгаа мөн сонирхолтой юм. Монголын түүхтэй ямар учир холбогдолтойг тайлбарлана уу?
-Би уржнан Унгар, Румын улс руу явж Атилла хааны удмынхантай уулзаж, тэдний зан заншил, амьдралын хэв маягийг сонирхсон юм. 2,000 гаруй жилийн өмнө тийшээ явсан улсыг судалсан зүйл байна уу, соёлд нь манайтай холбогдох юу байна гэдгийг судлахаар явсан юм. Тэгж яваад миний олсон нэг олз маань ровеш үсэг л дээ. Үүний тухай Монголд хэн ч хэлээгүй, бичээгүй цоо шинэ юм. Иймд энэ шинэ зүйлийг олон түмэндээ хүргэж, сонин сайхан мэдээлэл өгөхийг зорьж байна.
Ер нь зөвхөн ровеш бичиг ч бус өнөөгийн Атилла хааны удмынхан уулан дээр гарч нар мандахыг харж байгаад мөргөл үйлддэг. Ингэхдээ бас галын тахилга хийдэг шиг байна. Үүр цүүрээр уул руугаа очиж, уулынхаа бэлд гал түлж, түүдгээ тойрч зан үйл хийж байгаад, дээшээ өгсөж оройд нь гараад бас гал түлдэг, түүнийгээ яг нар мандах цагтай давхцуулдаг юм байна. Тэгэхээр нарны мөргөл, гал тахилгыг хамт хийж байна гэсэн үг.
-Тэгэхээр 2,000 жилийн өмнө тийшээ явсан Атилла хааны удам уул, гал хоёроо тахиж байсан гэсэн үг үү?
-Тэгж үзэж болно. Уул, гал тахиж байсан талаар түүхэн тэмдэглэл дотор ч бий. Ер нь гал бол хүн үүсэхтэй хамт бий болсон зүйл. Төв Азийн чээжинд хүн үүсэхэд гал үүссэн байж таарна. Яагаад гэвэл гал манах гэж монголчууд хэлэлцдэг, түүнтэй холбоотой түмэн хэлц үг бий шүү дээ. Дөнгөж гал гаргаад түүнээ удаавал юу болох билээ.
Тэгэхээр галаа манаж, цучил нэмээд хараад суух нь. Тэгэхээр гал, галын тахилга, гал шүтлэг нь хүн үүссэнтэй холбоотой. Сүүл рүүгээ галын тэнгэр, галайхан эх гэж нэрлээд явчихсан. Энэ мэтчилэн Атилла хаан, түүний залгамж халаа, хөвгүүд нь галаа, уулаа, нараа тахиж байсан байна. Тэгэхээр хос шүтлэгтэй байсан байгаа биз.
-Хуна дөрвөлжин бичиг, ровеш сийлмэл үсэг гэдэгт монгол, унгар хэлний үг хоорондоо ойролцоо бичлэг, дуудлагатай, утга ч дөхүү байна гэж та хэлсэн. Тухайлбал, ямар үгнүүд байна?
-Бела гэж хүн анх судлаад унгар хэлэнд гаднаас орж ирсэн гадны үг байгааг илрүүлсэн байгаа юм. Тэр хүн өөрөө инженер мэргэжилтэй ч сонирхлоороо хэл судлал руу орсон судлаач. Унгар хэлэнд байгаа гадаад үгсийн уг сурвалжийг судлаад Баруун Европын хэлнүүдийг үзэхэд тэнд байгаагүй. Скандинавын орнууд руу судалгаа хийхэд тэндхийх биш байсан. Сүүлд орос-монгол толь бичгийн ном олж үзэж л дээ. Гэтэл хайж байсан үгнүүд нь монголоор бичээтэй байж. Тиймээс монгол гаралтай үгнүүд болохыг мэдэж л дээ. Ингээд 4,000 гаруй үг илрүүлж гурван боть ном хийснээ надад явуулсан юм.
Ер нь бол монгол судлалын эхийг Байлент Габор гэж хүн анхлан тавьж, XVIII зууны сүүлчээр хүрээнд судалгаа хийж байсан байдаг. Тэр хүн монгол-унгар хэлний толь зохиосон гэх мэтчилэн судалбал их юм бий. Монгол судлалын олон зүйлүүд тэнд байгаа учир бид үүнийг орхиж болохгүй. Манай зарим судлаач хүннү хэлний судлагдахууныг тэс өөр газраас хайгаад байдаг. Гэтэл унгар хэлний чурга, монгол хэлэнд байгаа цорго хоёрыг ойлгоход мөн их амархан даа. Тиймээс хүннү монгол хэл бол Унгарт байна. Үүнийг залуу эрдэмтэд судлаасай.
-Ярилцлага маань энэ хүрээд өндөрлөж байна. Уг нь сэтгүүлзүйн талаар таны санаа бодлыг асууж байх атал огт өөр сэдвээр ярилцлаа. Танаас бид үг дуулмаар л байдаг?
-Би сэтгүүлзүйгээ орхиогүй, түүнийгээ л хийж яваа. Харин археологи, түүхтэй хослуулсан. Зөвхөн эрдэм шинжилгээний модон хэлээр бичвэл миний юмыг хэн унших вэ. Нийтлэлийн хэлээр бичиж байгаа учраас хүмүүс сонирхож байгаа юм. Энд өөрийн чинь асууснаар сэтгүүлчдэд зөвлөгөө өгвөл, манай сэтгүүлчид бариад идчих байлгүй дээ. Аль хэдийнээ сэтгүүлзүйгээс холдчихоод орчин үеийн сэтгүүлзүйд юу хэлэх юм бэ гэж.
Ер нь бол манайхан бодитой юм бичиж баймаар. Хоёрдугаарт, хэзээ ч мөнгөөр юм бичиж болохгүй. Аль болох олон хүнтэй уулзаж, юм сонсож дуулж, өөрийгөө хөгжүүл. Сэтгүүлч хүн эр зоригтой байх ёстой. Хүнд уншуулах гэж байгаа бол уншихаар юм бичдэг байх хэрэгтэй. Сэтгүүлзүйд хэлбэр, агуулгын нэгдэл чухал. Энэ хоёрыг л барилдуулж бичвэл болох юм даа.
Эх сурвалж:Зууны мэдээ
Ч.Үл-Олдох