Өвөрмонголын Хөх хотод болсон “Дархан хэл” олон улсын яруу найргийн наадамд манай уран бүтээлчид, амжилттай оролцжээ. Монголын зохиолчидын эвлэлийн гишүүн, яруу найрагч Л.Ганзул тус наадамд түрүүлсэн байна.
Мөн тус наадмын дэд байрыг МЗЭ-ийн гишүүн, яруу найрагч В.Нэргүй хүртжээ. Яруу найрагч Л.Ганзул “Эгшиглэнт эх орон” шүлгээр тэргүүн байр эзэлсэн байна.
Эгшиглэнт эх орон
Мөнгөн сар нь хавиргалж хийссээр сэтгэлд гийх
Их тунгалаг орон минь
Мөрөнгийн усанд навчис хөвсөөр хавар тийш одох
Аяс гүн хөндүүрлэл минь
Загасны нүд соёмбоноос ширтэх нь
Таныг хайрлахын учир шалтгаан гэнэ
Завилж суугаад нарыг дуулах нь
Таныг бахдахын өндөр түрлэг гэнэ…
Ай яруухан…
Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий… гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг хацрын туяанд хармаар
Эх орон минь..
Манхан даваад хөтөлсөн жингийн цувааны мөр бол
Манай тооллоос гарч одсон дээдсийн минь хөх улбаа юм
Манхан даваад орж ирсэн тэмээн жингийн мөр бол
Манай тоолол руу нүүж ирсэн Монголын хөсөг нүүдлийнх юм
Араг дотор суугаад л унтаж ирсэн хүү бол
Амбагай хааны хүсэл, Тулуйн хатны зүүд юм
Атан тэмээний явдал дунд зөөлөн аялсан дуу бол
Алтан дэлхий нарыг аргадаж мандуулдаг тарни юм…
Ийм хөх дууг зүүдэндээ сонссон хүү
Тэнгэрийн алтан нар шиг мандаж явдаг хувьтай
Ийм эх орныг онож төрсөн хүн л
Тийм надин дуугаар сэтгэлээ чимэх тавилантай
Ай яруухан…
Алган дээр алтан өндөг өнхрөх шиг, эмзэгхэн
Алдах вий гэж дүрлийнхэн зогсоо охин хонгорын
Алим юмуу тоорынх шиг хацрын туяанд хармаар
Эх орон минь…