Одоогийн байдлаар Рожэрсын удирдаж байгаа Ливэрпүүл Английн ПЛ-ийн хүснэгтийг нэг ч хожигдолгүй, нэг ч хаалгандаа гоол алдалгүй тэргүүлж байна.
Луис Суарэзгүйгээр Брэндан Рожэрс шинэ улирлыг эхлүүлэх хүндхэн даалгавартай байсан. Энэ хугацаанд Ливэрпүүлийн довтолгооны шугаманд Борини, Кэрролл, Старриж гэсэн тоглогчид байсан бөгөөд Рожэрсд 2 сонголт байлаа. Эхнийх нь довтолгооны байрлалд шинээр тоглогч авах /Мхитарян, Виллиан өөр сонголт хийсэн/ нөгөө нь байгаа бүрэлдэхүүнтэйгээ улирлыг эхлүүлэх.Кэрролл Ньюкаслд байхдаа үргэлж гоол хийж байсан бол Борини цөөн гоол хийж тэр тусмаа бэртэл авч байсан.
Иймээс Даниэл Старриж Рожэрсын цорын ганц сонголт үлдсэн. Старрижыг сонгохдоо хагас хамгаалалтын байрлалыг сайжруулах хэрэг гарлаа. Учир нь Суарэз өөрөө бөмбөгийг авч айлын 16-гийн талбай руу ордог байсан бол Старриж арай өөр. Ингээд довтолгоог эхлүүлэх хүн нь Коутиньо болж хувирлаа. Энэ бол Рожэрсын хамгийн идэвхтэй хагас байсан гэхэд болно.
Коутиньо талбайн төвд гарсан учраас жигүүрт үр өгөөжтэй хүн хэрэгтэй болсон. Стюарт Даунинг энэ ажлыг хангалттай хийж чадахгүй байна гэж Рожэрс үзэн түүнийг Алхнуудын эгнээнд шилжүүлсэн. Харин Стэрлинг арай л залуудаад байна. Өмнөх улирлын эхэнд бага зэрэг зулгааж байсан боловч сүүлийн хэсэгт сэлгээний банз руу хадагдсан гэхэд болно/Өөрийнхөө хүчийг зөв хувиарлаж чадахгүй байна/. Бусад нь нэг бол гарааны эрхээ баталгаажуулж чадаагүй /Сусо/, нэг бол өөр байрлалд илүү сайн тоглолт үзүүлж чадахаар /Аллэн/ байлаа.
Яг ийм учраас л Рожэрс Яго Аспасыг авч энэ байрлалын асуудлыг шийдэх гэж үзэж байна. Сельта клубыг ганцаараа шахуу чирсэн энэ тоглогч Ла Лигад 12 гоолыг оруулсан бөгөөд Испанид болж байгаа санхүүгийн хямрал энэ залууг Улаан болгоход нөлөөлсөн.
Ливэрпүүлийн өөр нэг эмзэг байрлал бол хамгаалалт байсан. Байнгын бэртэл гэмтэл Рожэрсыг академийн залуусаар байрлалаа нөхөх аргыг хэрэглэхэд хүргэсэн. Гэтэл энэ бүхэн үр дүнд нөлөөлж эхэлсэн. Ингээд зуны наймаагаар толгойны хүнд өвчнөөс салахын тулд Рожэрс шууд 4 наймаа хийлээ. Коло Турэгийн туршлага бусад хамгаалагч нарт хэрэг болох нь нээлтийн 2 тоглолтоос харагдсан. Рожэрс эдгээр хамгаалагчдыг хэрхэн хослуулж тоглох нь хараахан мэдэгдээгүй байгаа ч өмнө нь тоглож байсан Жонсон, Энрике, Аггэр, Шкртэл /Коло Турэгээр сэлгэгдсэн/ нар улирал эхлээд нэг ч гоол алдаагүй байна. Мэдээж наймаа хийснээр багийн амжилтыг ахиулах зорилготой байдаг шүү дээ.
Харин Рожэрсын цорын ганц оролдоогүй байрлал бол талбайн төвийн байрлал. Жэррард хуучин шигээ гялалзаж байгаа бол Лукас Лэйва айлын довтолгоог маш сайн зогсоож байна. Жордан Хэндэрсон бага багаар төмөр хүн болж байна. Хэдийгээр түүнээс яг юу хүсээд байгааг заримдаа ойлгохгүй байгаа мэт боловч Жэррардын ачаар энэ залуу хурдан сайжирч байгаа.
Брэндан Рожэрсын баг улирлын эхэнд туршлага, ухаан, авьяасаараа тоглолтуудаа хийж байна. Гоол хийсний дараа тэд шуургалсан довтолгоо хийхээ зогсоож байгаа ч бүүр ч хамгаалалтанд суухгүй байгаа. Тэд зүгээр л тоглолтыг удирлаж хэрэгтэй үр дүнгээ авлаа.
Ингээд эцэст нь одоогийн Ливэрпүүлд Суарэз хэрэгтэй юу гэсэн асуулт гарч ирнэ. Дотоодын тэмцээнд бүх зүйл сайхан байна. Өөрчлөлт оруулаад яахын гэж бодож байгаа байх. Яг одоо бол Суарэз Старрижын гол дайсан. Дасгалжуулагчийн итгэлийг олж аваад байгаа энэ үед Суарэз орж ирснээр юу болох бол? Тиймээс Брэндан Рожэрс санаачлагыг гартаа авч Суарэзийг жигүүрт ашиглах бодолтой байгаагаа хэвлэлээр хэлсэн. Хэдийгээр Суарэзийг өвлийн наймааны цонхоор алдаж болох ч түүнийг зарсан мөнгөөр энэ эрчээ хадгалж чадах тоглогч авч чадна гэдэгт итгэлтэй байна. Бид Премьер Лигийг өвлийн амралт хүртэл өнгөлж чадвал Суарэз өөрөө ч явах хүсэл төрөхгүй гэдэг нь лавтай….
С.Бадрал ливерпүүлфс.мн