Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар тав давж Монгол Улсын начин цол хүртсэн Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын харьяат, “Таван богдын бүргэдүүд” дэвжээний бөх Бердимуратын Серикийн цолыг мялаах наадмыг энэ сарын 12-ны өдөр тус аймгийн Өлгий хотод зохион байгуулсан байна.
Энэ үеэр Б.Серикийг Баян-Өлгий аймгийн удирдлагаас Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, 14-р хорооллын “Сувдан сондор” хотхонд байрлалтай хоёр өрөө байраар шагнажээ.
Мялаалга наадмын үеэр байрны батламжийг аймгийн Засаг дарга А.Гылымхан гардуулж, УИХ-ын гишүүн Д.Мурат 15 сая төгрөг, бизнесмен Т.Сырымбек 20 сая төгрөгөөр тус тус шагнасан байна.
Улсын начин Б.Серикийн цолын мялаалга наадамд нийт 64 бөх хүч үзэн барилдсанаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат улсын начин Д.Анар түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адьяа үзүүрлэжээ.
Эх сурвалж:Зууны мэдээ сонин