
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөлгүй баригдаж эхэлсэн барилгын ажлыг зогсоолоо. “Блю Скай” зочид буудлын ард баригдаж эхэлсэн тус барилга нь зөвшөөрөлгүй, барилга хоорондын зайн стандартыг баримтлаагүй, нийтийн эзэмшлийн зам талбайг хаасан зэрэг зөрчилтэй учраас үйл ажиллагааг нь хязгаарласан байна. Тус барилга нь “Цацал сан” ХХК-ийн захиалгаар баригдаж буй бөгөөд нийт арван давхар барилга аж.
Энэхүү барилгад мэргэжлийн хяналтын газрын байцаагчид анх долдугаар сарын 25-ны өдөр очиж, үйл ажиллагаа эхлүүлэхийг хориглон лацдаж байсан аж. Гэтэл барилгын компанийнхан мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн лацыг дур мэдэн авч, барилга угсралтын ажлаа үргэлжлүүлжээ. Үүний дараа мэргэжлийн хяналтын байцаагч нар нийт зургаан удаа тус барилга дээр очиж, үйл ажиллагаа явуулахыг хориглосон байна. Харин мэргэжлийн хяналтын байцаагчийн үгийг үл тоон үйл ажиллагааг үргэлжлүүлсээр байсан тул ийнхүү барилгыг битүүмжилжээ.

Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл