Өнөөгийн Засгийн газар “шинэчлэл” гэдэг үгээрээ л өөр

УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороон дарга З.Баянсэлэнгэтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.  

-МАХН-ын дарга Н.Энхбаяр БНСУ-д эмчлүүлж байгаа. Биеийн байдал нь ямар байна. Та сүүлийн үед холбогдсон уу?

-Даргын биеийн байдлын талаарх мэдээллийг бид байнга авч байгаа. Саяхан манай намын зарим гишүүн эргэхээр явсан. Өмнөх онош нь баталгаажсан бөгөөд хугацаа алдсан байна гэсэн.

Одоохондоо бие нь тааруухан байгаа. Цаашид ч шинжилгээнд хамрагдаж, эмчилгээг эрчимжүүлэх шаардлагатай гэсэн.

-Экс Ерөнхийлөгч биеийн байдлаасаа шалтгаалж улстөрд дахин орох эсэхээ шийдэх тухай яригдаж байгаа. Намын гүйцэтгэх зөвлөлийн гишүүний хувьд ямар мэдээлэлтэй байгаа вэ?

-Энэ тухай яригдаагүй. Намын удирдах дээд байгууллага гүйцэтгэх товчоо хуралдаагүй байна. Тиймээс би энд аливаа асуудлыг ярих нь зохисгүй. Тэгээд ч улстөрийн асуудал гэхээсээ илүү Н.Энхбаяр даргын биеийн байдал нэн чухал.

-Н.Энхбаярыг суллагдсаны дараахан та шадар сайд болон Г.Шийлэгдамбыг огцрох ёстой гэдэг байр сууриа илэрхийлсэн тухай яригдсан. Та үнэхээр даргаасаа болж тэдэнтэй таарамж муутай байгаа юм уу?

-Энэ мэтийн яриа хэзээ, хаанаас эхтэй гарсныг сайн мэдэхгүй юм. Сүүлийн үед хэлээгүйг хэлсэн, яриагүйг ярьсан, хийгээгүйг хийсэн болгодог үзэгдэл бий болчихоод байгаа шүү дээ. Ийм буруу ойлголтоосоо одоо салах хэрэгтэй.

Үзэл бодлын зөрчилдөөн, хоорондын маргаан аль ч намд байдаг. Санал бодлоо илэрхийлж, солилцох асуудал МАХН-д ч бий. Бид шударга ёсны төлөөх, ард түмний төлөөлөл болон нэгдсэн хүмүүс. Тиймээс аливаад шударга хандахыг хичээдэг.

Миний хувьд гүйцэтгэх товчооны хурал дээр нэг бус удаа шүүмжлэлтэй хандсан. Гэхдээ бид хоорондоо ярилцаж, шийдвэр гаргадаг. Түүнээс биш хэн нэгэндээ хатуу үг хэлчих вий хэмээн дотроо хадгалаад, хэлэхгүй яваад байвал улстөрийн буруу хэлбэр рүү шилжихийн дохио.

Хамгийн гол нь хүнийг далдуур муу хэлдэг, хэлмэгдүүлж, гүтгэдэг, нэр хүндэд нь халдаж, доромжилдог, бусадтай үгсэн хуйвалдаж, нам болон даргынхаа эсрэг үйл ажиллагаа явуулдаг хэвшмэл ойлголтоос салах ёстой. Ингээд яваад байвал цаашид улстөрийн соёлгүй болно л гэсэн үг.

-Тэгэхээр хатуу үг хэлсэн гэсэн үг үү?

-Ерөнхийлөгчийн сонгуульд хэрхэн оролцсон тухай үр дүн болон намын дотоод асуудлыг хэлэлцэн хуралдсан. Байдаг л, болдог л хуралдаан болсон. Түүнээс МАХН-ынхан хэн нэгнийгээ түлхэн унагаж, албан тушаалын төлөө амбицлаж, бусадтай үгсэн хуйвалдсан зүйлгүй.

-Та нэр дурдагдаад байгаа хүмүүстэй улстөрийн хүрээнд хэр ойр ажилладаг вэ?

-Мэдээж ойр байлгүй яах вэ. Намын гүйцэтгэх тов­чооны болон бусад гишүүдтэй ойр байж, хамтарч ажиллахыг л хичээдэг. Аливаа асуудлыг биенээсээ нуулгүй, илэн далангүй ярил­цаж шийдвэр гаргадаг байх нь чухал.

Д.Тэрбишдагва сайдын хувьд даргын эзгүйд намаа аваад улстөрийн бүхий л ажлыг зохицууллаа. Г.Шийлэгдамба ч гэсэн өчнөөн л сайн, муу хэлүүлж ажлаа чадахаараа л хийж ирлээ.
Ойр байлаа гээд буруутай нь эвлэрэхгүй гэдгийг дахин хэлэх хэрэгтэй.

-Даргаараа түрээ барилаа хэмээн зэмлүүлсээр МАХН-ынхан Засгийн газарт эвсээд нэг жилийг ардаа орхилоо. Та хувь гишүүний зүгээс үйл ажиллагаанд нь ямар үнэлгээ өгч байгаа вэ?

-Миний хувьд анх удаа парламентын гишүүн болж эхний жилээ үдлээ. Төрийн “гал тогоо”-нд чанагдаж байгаагийн хувьд өнөөгийн Засгийн газар шинэчлэл гэдэг тодорхойлолтоор л өөр байна. Өмнөх буюу бусад Засгийн газраас дутахааргүй ажиллахыг хичээж л байгаа мэт санагдаж байгаа.

Оюу толгой, Таван тол­гойн асуудал, ам.долларын ханшийн өсөлт, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийн талаарх сэдвүүд урьд нь ч байсан. Тиймээс үүнд ач холбогдол өгч санаашралгүйгээр ажлаа улам бүр чамбайруулах нь чухал. Энэ жилдээ аливаа эрсдэлийг даван туулах чадвараа бүр­дүүлж, ирэх гурван жилдээ маш хурдтайгаар хөгжлийн төлөө ажиллах ёстой гэсэн бодолтой байгаа.

Тухайлбал энэ жил алтан гахай жилд төрсөн хүүхдүүд зургаан нас хүрч сургуулийн хүрэлцээ улам бүр муудаж байх жишээтэй. Өмнө нь сургууль, цэцэрлэгийн асуудалд яст мэлхийн хурдаар ханддаг байсан л харагдаж байгаа юм.

-Зөвхөн сургуулийн тухай ярихад өнөөгийн нэг­дүгээр ангийнхан зургаан жилийн өмнө мэндэлсэн хүүхдүүд. Тэгэхээр өнгөр­сөн жилд тэднийг сурагч болохыг тоо­цоод төсөвт сургууль барих хэмжээний мөнгө нэмж суулгаж бо¬лоогүй хэрэг үү?

-Бүх цэцэрлэг, сургуулийг шинэчил, та нар сайн ажиллах ёстой гээд шахаад байж болохгүй. Яагаад гэвэл өөрийн чинь хэлж байгаачлан хэдэн жилийн өмнөөс төлөвлөгөөтэйгөөр гүйцэтгэх ёстой байсан гэдгийг ойлго.

Жил гаруйн өмнө байнгын хороон даргын ажлыг хүлээж аваад сур­гууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцсан. Тэр үед өнөөдрийн энэ асуудлыг хүмүүс тайлбарлаж, бид ч харсан. Тиймээс асуудлыг нааштайгаар цэгцлэхийн тулд арга хэмжээ авъя гэхэд гишүүдийн зүгээс нэлээд хойрго хандсан.

Хэдийгээр өмнөхөө муу­лах муухай гэдэг ч хэлээ хазаад өнгөрөх утгагүй. Яагаад гэвэл УИХ-ын гишүүд тэрбум төгрөг гар дээрээ авч, тойрогтоо хэрэгтэй хэ¬рэггүй зүйлд зарцуулахын оронд салбарын яаманд нь тэр мөнгийг өгч, асуудлыг шийдүүлж болох байсан нь харагдаж байгаа юм.

-Та сая өнгөрч буй жилийн хугацаанд Засгийн газар бүрэлдэх ёстой гэдэг байр суурьтайгаа хэлж бай­на. Үнэн хэрэгтээ УИХ-аас Засгийн газраа хянах чадваргүй болчихоод тол­гойг нь илээд байгаа юм биш үү?

-Гишүүд “давхар дугуй­тай” байдагтай би санал нийлдэггүй. Парламен­тын­хан Засгийн газрын гишүүн болчихоор УИХ-ын чадамж буурч, хяналт сулардаг. Уг нь сайд нарыг гаднаас томилоод гишүүд хяналтаа чан­гатгаж, хариуцлагаа тооцдог байх ёстой. Үүнийг нэн даруй өөрчлөх хэрэгтэй гэд­гийг дэм­жиж явдаг.

Ерөнхийлөгчийн тухайд үүн­тэй хол­боотой хуулийг 2016 оноос хэрэгжүүлье гэдэг ч наашлуулж ирэх оноос эх­лүүлвэл сайн юм. Шууд ирэх оноос гэхээр Засгийн газрын тогтвортой байдалд нөлөөлж магад­гүй. Тиймээс аятайхан хувил­бараар өөр­чилвөл зүгээр.

Санал болгох мэдээ

Г.Билгүүн: Байгалийн боржин чулуу ашиглан халтирдаггүй явган хүний зам хийж байна

32-ын тойргоос Хүнсний 4-р дэлгүүр хүртэлх 1.2 км явган хүний замыг байгалийн боржин чулуугаар шинэчилж …