Францын нийслэл Парист болж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 55, 58, 63, 75 кг жингийн барилдаан өнөөдөр болно. Өнөөдөр барилдах монголын дөрвөн бүсгүй жингээ үзүүлж, сугалаагаа татжээ.
55 кг-ын жинд Эрхэмбаярын Даваачимэг эхний тойрогт ДАШТ-ий хүрэл медальт, 23 хүртэлх насны Европын хошой аварга Украины Татьяна Киттэй оноолт таарчээ. Түүнийг дийлвэл Турк, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай барилдана.
58 кг-д ОУХМ Алтанцэцэгийн Батцэцэг эхний тойрогт Казахстаны Гульшахарат Талассоватай хүч үзэхээр боллоо. Түүнийг ялбал энэ жилийн Европын аварга Норвегийн Грейг Буллен, Нигерийн Аминат Олувафунмилао нарын ялсан нь хүлээж байна.
63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон эхлээд Энэтхэгийн Шилпи Шерантай хүч үзнэ. Түүнийг дийлбэл Швед, БНСУ-ын бөхчүүдийг ялсантай барилдахаар сугалаа татжээ. П.Орхон тун боломжийн сугалаа татсан бөгөөд түүний хэсэгт Болгарын Тайбе Юсейн, Японы Юкако Кавай нарын шилдгүүд байна.
75 кг-д ОУХМ Ган-Очирын Уртнасан эхний тойрогт эзэн орны Чарлин Мэдисон Домингестэй барилдахаар болжээ. Түүний хэсэгт ДАШТ-ий медальт, Украины Екатерина Бурмистрова, ОХУ-ын Алена Перепелкина, Эстонийн Эпп Маэ, Бразилын Да Сильва Феррейра, Азийн аварга Японы Хироэ Сүзүки, Европын аварга Туркийн Ясемин Адар тэргүүтэй шилдгүүд “багтжээ”.Урьдчилсан болон дагах барилдаанд өнөөдөр монголын цагаар 16:00 цагт эхэлнэ.