Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Пүрэвдоржийн Орхон алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогт Энэтхэгийн Шилпи Шераныг оноогоор цэвэр, дараагийн тойрогт Шведийн Хенна Йоханссоныг 6:2-оор, шөвгийн Нигерийн Блессинг Оборудудуг цэвэр, хагас шигшээд Колумбийн Жаклин Рентериа Кастильог оноогоор цэвэр(13:0) ялсан.
Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл медальт, Европын хошой аварга Украины Юлья Ткачийг 6:3-аар ялснаар Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Парисын тэнгэрт мандууллаа.
Өдгөө 24 настай П.Орхон чөлөөт бөхийн дэлхийн аварга болсон Монгол Улсын тав дахь тамирчин болсон юм. Түүнээс өмнө хөдөлмөрийн баатар Зэвэгийн Ойдов “Стамбул-1974, Минск-1975”, Хорлоогийн Баянмөнх “Минск-1975”, Соронзонболдын Батцэцэг “Москва-2010”, “Лас Вегас-2015”, гавьяат тамирчин Сүхээгийн Цэрэнчимэд “Ташкент-2014”-д дэлхийн аварга хэмээх эрхэм алдрыг хүртэж байсан юм.