Монголын рок попын анхдагчдын нэгэн хүнд метал рок “Хурд” хамтлагийн санаачлагаар рок попынхон нэгдэж Онцгой байдлын ерөнхий газрын гал сөнөөгч, аврагчдад туслах зорилготой “Бид эх орондоо хайртай” нэгдсэн тоглолтыг ирэх есдүгээр сарын 2-ны 18:00 цагт Төв цэнгэлдэх хүрээлэнд тоглохоор бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Монголын рок попын бүх одод оролцохоо мэдэгдээд байгаа энэ том тоглолтын талаар “Хурд” хамтлагийн ахлагч Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Д.Ганбаяртай уулзаж ярилцлаа.
-“Хурд” хамтлагийн санаачлагаар Монголын рок попын оддын “Бид эх орондоо хайртай” нэгдсэн тоглолт зохион байгуулахаар санаа шулуудсан нь мэдээж энэ хаврын ой, хээрийн их гал түймэртэй холбоотой болов уу?
-Тийм. Энэ хаврын их гал түймэр үнэхээр их сэтгэл эмзэглүүллээ шүү дээ. Зун нь гал түймрийн гашуун утаа, үер ус, зам дээрээ зорчигч, жолооч нарын хариуцлагагүй анхаарал болгоомжгүйгээс маш их авар осол гарч эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө сүйдэж байна. Тэр болгонд өнөө л муу Онцгойгийн хэдэн залуус явдаг. Энэ байдал өвөл ч үргэлжилж хоолой боочих шахсан нүүрсний их утаа үнэхээр хэцүүдүүлж байна шүү дээ. Энэ бүх гамшиг зовлонг хараад манай фенүүдийн зүгээс ч санал тавьсан. Мэдээж “Хурд” бол хязгааргүй олон фен хөгжөөн дэмжигч, найзуудтай хамтлаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа.
Тэд нарын маань зүгээс “Эх орон шатаж байгааг хараад залуус сайн дураараа улаан галтай тэмцэхээр явцгааж байна. Тэгвэл та нар эх орондоо яаж туслах гэж байна, юу хийх гэж байна” гэж маш олон хүн утсаар асуусан, биеэрээ ирж уулзсан. Онцгой байдлын албаны хэдэн эрэлхэг баатарлаг залуус ёстой л нөгөө “Нохойд барьдаг мод” гэдэг шиг хаана л гамшиг осол, гал түймэр, үер ус болно тэр болгонд нүцгэн гараараа шахуу үзэлцэж явдаг жинхэнэ баатрууд. Одоо жишээ нь том авар осол боллоо гэхэд түргэн шуурхай таслаад, хөрөөдөөд хаячихдаг техник хэрэгсэл нь үнэхээр дутмаг байдгийг бид олон тохиолдолд харж сэтгэл өвдөж явдаг байсан. Онцгой байдлын газрын аврагч, усчин, гал сөнөөгчид бол үнэхээр хүний төлөө гэсэн, эх орныхоо төлөө гэсэн гар хоосон шахуу ч чин зоригтой жинхэнэ эрчүүд байдаг. Энэ бүхнийг хараад л “Хурд” хамтлагийнхан рок попынхондоо хандаж “Энх тайван цагт эх орныхоо төлөө юу хийж чаддагаа бүгдээрээ ард түмэндээ харуулъя, Онцгой байдлын ерөнхий газрын эрэлхэг залуусдаа ч тусалъя” гэснийг манайхан маш халуун дотноор хүлээж авсан. Энэ бүхнийг бид л хийхгүй юм бол бидний өмнөөс хэн хийгээд өгөх юм.
-Монголын урлагт рок попынхоны эзлэх байр суурь их том орон зайтай. Ийм хүчирхэг рок попынхон “Хурд”-ын саналыг халуун дотноор хүлээн авч эх орондоо туслахаар шийдсэн нь үнэхээр цагаа олсон буянтай ажил байна шүү?
-Тэгэлгүй яах вэ. Монголын урлагт рок попынхон үнэхээр том орон зайтай. Тэр дундаа манай “Хурд” хамтлаг 20 гаруй жил оршин тогтнож байгаа ард түмэндээ ч, төр засагтаа ч хүлээн зөвшөөрөгдсөн хүчтэй хамтлаг шүү дээ. Бид сэтгэлийнхээ дуудлагаар, энэ сайхан эх орноо хайрлах сэтгэлээр эвлэлдэн нэгдэж байна. Бид санаачлага гаргаснаараа Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагуудад санал тавьсан. Тэндхийн олон даргатай шат дараалан уулзсан. Гэхдээ эдгээр уулзалтууд нэлээн хүндрэлтэй байсан. Уг нь бид энэ тоглолтоо сарын өмнө төлөвлөж байсан ч Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд маш завгүй, олон газар гал усны аюул гарч бүгд эзгүй байж таарсан. Тэгээд залгуулаад улсын баяр наадам, Даншиг наадам, аймаг сумдын баяр наадам гээд зун үнэхээр бужигнасаар байгаад өнгөрсөн болохоор одоо ирэх сарын 2-нд хийх гэж байна. Манай рок попынхон сэтгэлийнхээ дуудлагаар бүгдээрээ энэ тоглолтонд оролцоно гэдэгт итгэлтэй байна. Ер нь бол “Хурд” ганцаараа байсан ч энэ том ажлын ард 200 хувь итгэлтэй гарчихна л даа. Гэхдээ энэ бол ганцхан “Хурд”-д хамаатай биш эх орондоо хайртай Монгол хүн бүрийн зүрх сэтгэлийн дуудлага болчихоод байгаа энэ цаг үед манайхан бүгд чин сэтгэл гаргах нь тодорхой.
-Онцгой байдлын ерөнхий газрын удирдлагууд та бүхний энэ сайхан эх оронч санаачлагыг аль хэр дэмжсэн бэ?
-Өө маш сайхан дэмжиж хүлээж авсан. Гэхдээ нууцгүй хэлэхэд эхэндээ их гайхан эргэлзэж байсан. Тэдний зүгээс “Үнэхээр та нар бүгдээрээ нийлээд тоглох юм уу, тийм юм байж болох уу” гэж их гайхаж байсан. /хэ хэ/ Тэр үед нь “Бидэнд эх орноо гэсэн, танай баатарлаг сайхан залуучуудад өөрсдийнхөө чаддагаар л туслах сэтгэл байна. Түүнээс биш бид ууланд гараад тэр их улаан түймэртэй тэмцэж чадахгүй шүү дээ. Үер ус боллоо гэхэд завинд нь суугаад ус руу үсэрч ороод хүний амь аварч чадах биш, бид чаддагаараа л та нартаа тусалъя” гэсэн чинь үнэхээр их баярлан догдолцгоосон. Бидний зорилго бол Онцгой байдлын ерөнхий газрын тэр сайхан баатарлаг залуучууд, дүү нар, найзууддаа онгоцыг нь арай хүчирдэггүй юм гэхэд хамгийн хэрэгтэй хэдэн багажийг нь аваад өгье, гар нүцгэн шахуу улаан гал руу оруулахгүй юмсан гэсэн л бодол байна. Авах гээд чадахгүй байгаа тэр онгоцных нь ядаж хэдэн дугуйг аваад өгье л дөө.
-Эх орон шатаж байгааг хараад сэтгэл эмзэглээгүй хүн байхгүй. Энд бас та бүхний төрж өссөн орчин нөхцөл ихээхэн нөлөөлсөн нь тодорхой?
-Мэдээж бидний өсөж төрсөн орчин, аав ээжийн олгосон хүмүүжил, тэгээд дараа нь энэ олон жил урлагтай хувь заяагаа холбож Монголын ард түмнийхээ буянаар сайн сайхан амьдарч яваатай минь холбоотой. Миний хувьд гурван жил цэргийн алба хааж эх орныхоо төлөө тангараг өргөсний хувьд өвөл нь хөлдөх гэж байгаа төмсний төлөө нөхдийнхөө хамт шургаж унатлаа зүтгэж явсны хувьд энэ ажлыг хийх ёстой юм. Ер нь онцгой байдал үүссэн үед хэн хүнгүй эх орондоо алба хаах, туслах хэрэгтэй гэдгийг мэддэгийн хувьд бид ийм санаачлага гаргасан юм. Та бүхэн мэднэ. “Хурд” хамтлаг голдуу Эх орон, ээж аав, ах дүү амраг садан, хань ижлийнхээ тухай дуулдаг нь цаанаа их учиртай юм шүү.
-Тоглолтын тасалбарын үнэ хэд вэ?
-Монголын рок попынхны эх орондоо туслах “Бид эх орондоо хайртай” нэгдсэн тоглолтын тасалбар ердөө л 10 мянган төгрөг. Та бод доо. Бид аятайхан өдрийн хоол идчихье гэвэл 10 мянган төгрөг хүрэхгүй шахуу болчихоод байгаа шүү дээ. Тэгэхээр хоёр таваг хоолны үнээр Монгол сайхан эх орныхоо төлөө, Монголоо гэсэн сэтгэлтэй хүн бүрийг манай тоглолтыг ирж үзээрэй гэж уриалж байна. Манай хамтлагийн хувьд шинэ гаргасан сайхан сайхан уран бүтээлээсээ өргөх бол манай рок попын анхдагчид, шинэ гарч ирж байгаа залуучууд ч мөн ялгаагүй сайн сайхан уран бүтээлээсээ өргөх нь тодорхой. Эрхэм үзэгч танд л гэж хэлэхэд “Бид эх орондоо хайртай” рок попынхны нэгдсэн тоглолт бол энэ намрын супер тоглолт байх болно. Эх орондоо хайртай таны оруулсан 10 мянган төгрөг нисдэг онгоц болж Онцгой байдлын ерөнхий газрын эрэлхэг залууст туслахыг ч үгүйсгэх аргагүй юм шүү.
-Энэ өдрүүдэд бэлтгэл ажил ид өрнөж байгаа байх даа?
-Тэгэлгүй яахав. Манай тоглолтыг Нийслэлийн зүгээс, Хангарьд ордны зүгээс бүх талаар дэмжиж хөгжим, гэрэл, тайз засал гээд бүхнийг бэлдэж өгч байгаа.
-“Хурд” хамтлагийн тухайд энэ намар, өвөл гадаадад аялан тоглолт хийх үү?
-Байлгүй яахав. “Хурд”-ын хувьд жилийн 12 сард 24 аялан тоглолт хийдэг болсон шүү дээ. Энэ жил Өвөрмонголын 70 жилийн ой болж байгаа. Одоо тавхан хоногийн дараа гэхэд л Өвөрмонголд бидний хоёр ч тоглолт хүлээгдэж байна. 10 сард дахиад хоёр тоглолт хийнэ. Ер нь энэ намар өвөл маш завгүй өнгөрөх төлөвлөгөөтэй байгаа. Өвөл Европ руу явах байх.
-Монголын рок поп урлагт 20 илүү жил тасралтгүй оршин тогтнож байгаа “Хурд” хамтлагийн үүсч хөгжсөн түүхээс сонирхуулахгүй юу?
-За баярлалаа, сайхан асуулт байна. Манай хамтлаг анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан би ганцаараа үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүрлээ. Манай хамтлаг 6 гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 3 дугаар сард Улсын Циркт амжилттай тоглож байсан. Дараа нь 1998 онд Монголд анх удаа “UNPLUGGED” концерт тоглож мөн сонгодог оркестр хөгжимтэй хамтран “Симфони Хурд” концертийг 2001 онд тоглож байлаа. 2005 онд Улаанбаатарынхаа төв талбайд тоглосон “Талархлын тоглолт”-нд маань 120.000 үзэгч цугларч рекорд тогтоож байсан. Бид 1999 оноос эхлэн гадаад орнуудад аялан тоглолт хийж өнгөрсөн хугацаанд АНУ, Хятад, ӨМӨЗО, ОХУ, Солонгос, Япон, Герман, Англи, Швейцарь, Бельги, Чех, Унгар, Австри зэрэг олон оронд ая дуугаа өргөж байлаа. Хамтлаг маань одоогийн байдлаар урын сандаа 250 гаруй дуу 120 орчим видео клиптэй бөгөөд 2013 онд хамтлагийн 20 жилийн ой тохиосон бол ирэх онд 25 жилийнхээ ойгоо тэмдэглэх гэж байна. Аа нээрээ ирэх онд манай “Цэргийн бодол” дууны 40 жилийн ой давхцаж байгаа юм байна. Хамтлагийнхаа 20 жилийн ойн хүрээнд Монголын урлагийн түүхэнд анх удаа “Алтан Пянз”-ыг АНУ-ын “Erika records” студид хэвлүүлж байсан. Энэхүү “Алтан Пянз”-нд маань өнгөрсөн 20 жилийн түүхэн дэх хамгийн шилдэг 9 дуу багтсан байдаг.
-Монголын рок попын түүхэнд нэг гэр бүлийн ах дүү гурав Монгол Улсын гавьяат цолоор шагнуулсан нь бас л өмнө гарч байгаагаагүй, хойшид ч давтагдахад бэрх алдар хүндэтгэл шүү?
-Үнэхээр тийм шүү. Төр засаг, ард түмнийхээ энэ их хайр хишигт залбирч явдаг. Хамгийн анх 2009 оны 12 дугаар сарын 10-нд Монголын Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойгоор Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Д.Төмөрцог маань Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор шагнуулж байсан бол 2014 оны долоодугаар сарын 9-нд Тулгар төрийн 2223, Их монгол улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ойн үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар Д.Отгонбаяр маань Монгол Улсын гавъяат жүжигчин цолоор шагнагдаж байсан. Харин миний хувьд 2015 оны 12 дугаар сарын 28-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 104 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж Монгол Улсын Урлагийн гавъяат зүтгэлтэн хэмээх эрхэм дээд цолоор шагнасан нь нэг гэр бүлийн, нэг хамтлагийн 3 дахь гавъяат болж түүхэнд бичигдсэн үнэхээр мартагдашгүй сайхан үйл явдал байсан даа.
-“Хурд” хамтлаг 20 илүү жил Монголын рок попын урлагт хүндтэй байр суурьтай байж, тасралтгүй оршин тогтнож байгаагийн учир холбогдол нь нэг гэр бүлийн ах дүү нар бие биенээ маш сайн ойлгож, хүндэтгэлтэй ханддагт байдаг болов уу?
-Ерөөсөө л тийм шүү дээ. Хаана сахилга дэг журамтай, нэг нэгнийгээ хүндэтгэсэн, хариуцлагатай, цаг барьдаг байна тэнд ажил урагшилж, амжилт бүтээл дэлгэрч байдаг. Хэдий ах дүү нар ч гэсэн эвлэлдэж нэгдэхгүй, санаа бодлоо ойлголцохгүй бол ялангуяа нэг гэрээс төрсөн ах дүү нарын хооронд зөрчилдөөн үүсвэл бүр хар элгийн хүмүүсээс ч илүү хол хөндий болчихсон, нэгнийгээ хайхарч үзэхээ байчихсан жишээ захаас аваад л байдаг шүү дээ. Тийм л зүйлээс бид нар хол хөндий байхыг боддог. Бид хамгийн гол нь хариуцлагатай, дэг журамтай байдаг.
Юуны төлөө, яах гэж амьдарч байгаагаа ойлгох, ухамсарлах нь л хүний адгууснаас ялгарах гол онцлог шүү дээ. Бид бүгд зүтгэсээр байгаад энэ урлагийнхаа эцсийг үзнэ, дуусан дуустлаа явна гэсэн тангаргатай. Хамгийн гол нь рок поп гэдэг бол 70-80 хүртлээ тайзан дээрээ байж чаддаг, эцсээ хүртэл явж чаддаг гайхамшигтай урлаг юм л даа. Ер нь насны хязгааргүй оршин тогтнодог дэлхий дээрх ганц урлаг бол рок поп. 80 гарчихаад тайзан дээрээ гитараа бариад тоглоод зогсож байдаг ийм сайхан буянтай урлаг учраас “Хурд”-чууд эцсээ хүртэл энэ урлагтаа үнэнчээр зүтгэнэ. Хэдэн шар өвгөн тайзан дээрээ тоглоод зогсож байхыг үр ач нар маань үзэх байлгүй дээ.
-Та бүхний энэ сайхан буянтай тоглолтонд рок попын үнэнч фенүүд Цэнгэлдэхийг өргөчих шахан цугларах нь тодорхой. Амжилт хүсье?
-За их баярлалаа. Урлагт дуртай Монголын ард түмэн, залуучууд ёстой л таны хэлдгээр Цэнгэлдэхийг өргөчих шахан цугларах байхаа. Эцэст нь хоёр таваг хоолны үнээр эх орныхоо төлөө сэтгэлийнхээ дуудлагаар ирцгээгээрэй гэж та бүхнийг урьж байна. Баярлалаа.
Эх сурвалж: Өглөөний сонин, ОБЕГ
2017.08.24