НИТХ дахь Ардчилсан намын бүлэг сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалт, засвар, шинэчлэл болон өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой цаг үеийн асуудлаар Нийслэлийн зарим удирдлага, холбогдох байгууллагуудыг байлцуулан хуралдаж, харьяа газар, агентлагуудад ажил сайжруулах үүрэг чиглэл өглөө.
УИХ-аар 2012 онд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль баталсан боловч холбогдож гарах Ус бохирдуулсан иргэн аж ахуй нэгжтэй хариуцлага тооцох журам нь одоог хүртэл гараагүй байгаад шүүмжлэлтэй хандаж, Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас холбогдож гарах журмыг яаралтай батлах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж ажиллах шаардлагатай гэж үзлээ. Түүнчлэн Эмээлтийн Аж үйлдвэрийн парк байгуулах ажлыг яаралтай шийдвэрлэж, хувийн хэвшлийн бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэн, суурьшлын бүсэд байрладаг бохир үнэр дэгдээж буй арьс, ширний үйлдвэрийг төрөлжүүлж, нүүлгэн шилжүүлэх арга хэмжээ авч ажиллах шаардлагатай байгаа талаар зөвлөмж хүргүүлсэн байна.
Мөн одоогийн төв цэвэрлэх байгууламжийн хүчин чадал ашиглалтын талаар болон 2016 онд Төв цэвэрлэх байгууламжийн засвар шинэчлэлийн ажилд Улсын төсөвт 8,1 тэрбум төгрөг тусгаж ажилласан талаар санал солилцож, одоогийн засгийн газарт шийдвэрлэгдэхээр хүлээгдэж буй Шинэ төв цэвэрлэх байгууламжийг барьж ашиглалтад оруулах ажлыг Нийслэлд хариуцуулах талаар санал солилцож, Нийслэлийн удирдлагууд ажлын хэсэг байгуулан, тодорхой шийдэл гаргаж ажиллах шаардлагатай талаар асуудал хариуцсан орлогч дарга болон холбогдох газруудад үүрэг чиглэл өгөв.