“Парис-2017” ДАШТ-ий чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр өндөрлөж, өнөөдөр эрчүүдийн барилдаан эхэлнэ. Өнөөдөр МУГТ Э.Бэхбаяр 57 кг-д, ОУХМ Т.Түвшинтулга 61 кг-д, О.Үйтүмэн 86 кг-д, Н.Золбоо 125 кг-д тус тус хүч үзэх юм байна. Ингээд манай бөхчүүд хэрхэн сугалаа татсаныг хүргэе.
57 кг: МУГТ Эрдэнэбатын Бэхбаяр эхний тойрогт Киргизстаны Улукбек Жолдошбековтой хүч үзэхээр боллоо. Түүнийг ялбал ДАШТ-ий мөнгөн медальт Гүржийн Бека Ломтадзе, залуучуудын дэлхийн аварга Туркийн Сулейман Атли нарын ялсантай барилдана.
61 кг: ОУХМ Түмэнбилэгийн Түвшинтулга эхний тойрогт Беларусийн Хусейн Шахбановтой барилдана. Түүнийг ялбал олимп, дэлхийн аварга Гүржийн Владимир Хинчегашвили хүлээж байна.
86 кг-д ОУХМ Оргодолын Үйтүмэн эхний тойрогт Украины Любомир Сагалюктай тэгшитгэлд оноолт таарчээ. Түүнийг ялбал Унгарын Иштван Вереб хүлээж байна. Энэ жингийн шилдгүүд болох олимпийн аварга Ираны Хассан Яздани, олимп, дэлхийн дэд аварга Туркийн Селим Яшар, Пуэрто-Рикогийн Жейми Эспанол, энэ жилийн Оросын аварга Владислав Валиев, Азербайжаны Александр Гостиев нарын шилдгүүд түүний дээд хэсэгт багтжээ.
125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо эхний даваанд “Рио-2016” олимпийн наадам, Дэлхийн хошой, Европын таван удаагийн аварга Туркийн Таха Акгультай барилдахаар боллоо. Н.Золбоо нэг номерийг сугалсанаар энэ жингийн тэргүүн бөх турк эрийн аманд очсон байна.