Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ‘Инвэст Монголиа 2017’ хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын зохион байгуулагч “Фронтиер” Үнэт Цаасны Компаний Ерөнхий захирал Игата Масатерүтэй өнөөдөр уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төсөл хамтын ажиллагааны тасгийн дарга И.Батхүү нар байлцав.
Тэд ирэх 09 дүгээр сарын 04-05-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах ‘Инвэст Монголиа 2017’ чуулга уулзалтаар хэлэлцүүлэх асуудлуудын сэдэв, цаашид нийслэлийн зүгээс хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдэд гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах талаар хийж байгаа ажлууд, хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов.
Түүнчлэн уулзалтын үеэр 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр Япон Улсын Токио хотод зохион байгуулагдах ‘Инвэст Монголиа Токио’ чуулга уулзалтад Улаанбаатар хот оролцохоор төлөвлөж байгаа талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд мэдэгдлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.