Жил бүрийн наймдугаар сарын 25-ны өдрийг Монголын Залуучуудын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас 9 дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсүүдийн хамт “Эерэг амьдарцгаая, Залуучууд аа!” сэдэвт уулзалтыг Монголын Хүүхдийн ордны их танхимд 15-39 насны 500 орчим залуучуудын оролцоотойгоор зохион байгууллаа.
Энэхүү уулзалтыг залуучуудын амьдрах, сурч боловсрох, хөдөлмөрлөх таатай орчин бүрдүүлэх, хотын хөгжил, нийслэлийн бүтээн байгуулалтад залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, залуучуудад эерэг хандлага төлөвшүүлж, нийгмийн сэтгэлзүйд давамгайлсан сөрөг уур амьсгалыг эерэгээр өөрчлөх, залуучуудад үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх боломж бололцоог нэмэгдүүлж, улмаар шийдвэр гаргах түвшинд залуучуудын дуу хоолойг хүргэх зорилгоор зохион байгуулжээ. Монголын Залуучуудын өдрийг залуучууд баярлаж, цэнгэн өнгөрүүлэх биш, эвлэлдэн нэгдэж, тулгамдаж буй асуудлуудаа шийдвэрлэх гарцыг хэлэлцэх, эдгээр асуудлуудыг төр засгийн шийдвэр гаргах түвшинд хэлэлцүүлж шийдвэрлүүлэх, залуучуудын оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийг дэмжих өдөр болгох зорилгоор олон талт ажлуудыг зохион байгуулдаг юм.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар залуучуудын хөгжих, боловсрох, төлөвших боломж бололцоо, бүх шатан дахь залуучуудын бодит оролцоог нэмэгдүүлэх, залуучуудын байгууллагуудыг үндэсний хэмжээний үйл ажиллагаанд татан оролцуулах, залуучууд руу чиглэсэн үйл ажиллагаануудыг дэмжих чиглэлээр ажиллаж байна. Мөн Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэд “Залуучуудын хөгжлийн төв”-ийг байгууллаа. Тус төвд БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг /KOICA/-ийн санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “MKIT” сургалтын төвтэй хамтран мэдээллийн технологийн чиглэлээр залуучуудыг үнэ төлбөргүй сургалтад хамруулж гадаад болон дотоодод өндөр цалинтай ажилд орж, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэх бололцоо бүрдэж байна. Энэхүү Залуучуудын хөгжлийг дэмжих төв нь хамгийн сүүлийн үеийн үзүүлэлт бүхий 80 компьютертэй сургалтын 3 танхимтай, мэдээллийн технологийн салбарт мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, бойжуулах, улмаар бизнесийн гарааг нь дэмжих бололцоотой цогц шийдэл юм.
Энэ төвд залуучуудыг богино хугацаанд мэдээллийн технологийн чиглэлээр сурган, олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай сайн боловсон хүчин бэлтгэх, Монголын мэдээлэл технологийн мэргэжилтнүүдийн хөгжлийг дэлхийн түвшинд хүргэх зорилгоор нарийн мэргэжлийн сургалтуудыг үнэ төлбөргүй явуулах төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Одоогийн байдлаар БНСУ-д шилдэг сайн суралцсан 4 залууг БНСУ-д мэдээллийн технологийн чиглэлээр дадлагажих ажилтнаар явуулаад байна. Энэ жилдээ багтаж 20 залууг нэмж шалгаруулах бөгөөд цаашид энэ үйл ажиллагааг улам бүр өргөжүүлэн Япон, Энэтхэг, Солонгос, Тайвань зэрэг улс, орнуудаас аутсорсинг захиалга авч гүйцэтгэх бололцоог бүрдүүлж, хөдөлмөр эрхлэхэд нь дэмжлэг үзүүлэн ажиллана.
“Залуучуудын хөгжлийг дэмжих төв”-ийн дэргэд “Бизнес инкубатор төв”-ийг нээн ажиллуулж залуучуудыг бизнес эрхлэх бодит бололцоогоор хангах орчин бүрдүүллээ. Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар нь нийгэмд давамгайлсан сөрөг уур уурь амьсгалыг эерэгээр өөрчлөх зорилгоор “Эрдэнэ 5” Төрийн бус байгууллагатай хамтран “Эерэг амьдарцгаая залуучууд аа!” аян хэрэгжүүлж байна. Тус аяны хүрээнд одоогоор 5000 гаруй залуус хамрагдаад байгаа. Цаашид энэ эерэг сэтгэлгээ, эерэг хандлагын талаарх сургалтуудыг нийслэлийн 9 дүүргийн 152 хороонд зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна” гэлээ гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.