Францын нийслэл Парис хотноо үргэлжилж буй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Удирдах товчоо хуралдаж, хэд хэдэн чухал шийдвэр гаргажээ.
Нэн түрүүнд, чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй төрөл болон сонгомол бөхийн барилдааны олимпийн ба олимпийн бус жинг шинээр хэлэлцэн баталсан байна. Мөн ирэх 2018 онд олон улс, тив, дэлхийн чанартай тэмцээн, уралдааныг зохион байгуулах хотуудыг тодруулжээ
Чөлөөт ба сонгомол бөхийн барилдааны жингийн ангиллыг өөрчлөх тухай асуудал өнгөрсөн жилээс яригдаж эхэлсэн юм. Өмнө нь байсан найман жинг 10 болгож нэмэгдүүлэх, ингэснээр олимпийн хөтөлбөрт багтдаг зургаан жинд хэрхэн нөлөөлөх гээд маргаантай асуудлууд гарсан ч, эцэст нь, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны удирдах гишүүд хамгийн боломжтой гэсэн хувилбар дээр санал нэгдсэн байна.
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн төрөлд одоогийн олимпийн ба олимпийн бус жингүүд хэвээр үлдэнэ. Дээр нь 79 кг ба 92 кг-ын жин нэмэгдэж байна. Ингэснээр эрэгтэйчүүд нийт 10 жингийн ангилалд өрсөлдөх болж байгаа юм.
- Одоогийн жингийн ангилал: 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг
- Шинэчилсэн жингийн ангилал: 57 кг, 61 кг, 65 кг, 70 кг, 74 кг, 79 кг, 86 кг, 92 кг, 97 кг, 125 кг.
- Эдгээрээс олимпийн хөтөлбөрт 57 кг, 65 кг, 74 кг, 86 кг, 97 кг, 125 кг гэсэн жингүүд багтана.
Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн төрөлд хамгийн хөнгөн жин болох 48 кг-ын жинг 50 кг болгож нэмэгдүүлснээс гадна зарим нэг жинг 1-2 кг-аар ихэсгэж, багасгаж өөрчилжээ. Нийт 10 жинтэй болсон байна.
- Одоогийн жингийн ангилал: 48 кг, 53 кг, 55 кг, 58 кг, 60 кг, 63 кг, 69 кг, 75 кг
- Шинэчилсэн жингийн ангилал: 50 кг, 53 кг, 55 кг, 57 кг, 59 кг, 62 кг, 65 кг, 68 кг, 72 кг, 76 кг.
- Эдгээрээс олимпийн хөтөлбөрт 50 кг, 53 кг, 57 кг, 62 кг, 68 кг, 76 кг гэсэн жингүүд багтана.
Сонгомол бөхийн хувьд мөн жин тус бүр дээр багахан өөрчлөлт гарчээ.
- Одоогийн жингийн ангилал: 59 кг, 66 кг, 71 кг, 75 кг, 80 кг, 85 кг, 98 кг, 130 кг
- Шинэчилсэн жингийн ангилал: 55 кг, 60 кг, 63 кг, 67 кг, 72 кг, 77 кг, 82 кг, 87 кг, 97 кг, 130 кг. Эдгээрээс олимпийн хөтөлбөрт 60 кг, 67 кг, 77 кг, 87 кг, 97 кг, 130 кг гэсэн жингүүд багтана.