Жүдо бөхийн насанд хүрэгчдийн 2017 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо өчигдөр эхэлсэн.Тэмцээний эхний өдөр хуваарь ёсоор эмэгтэйчүүдийн 48 кг, эрэгтэйчүүдийн 60 кг-ын жингийн барилдаанууд явагдаж, медальтнууд тодорсон. Тэмцээний салхийг хагалж, Монголын баг тамирчдаас М.Уранцэцэг, Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гурван гавьяат татамид гарч барилдаж, хүчтэй өрсөлдөгчид болохоо харуулсан юм.
Тодруулбал, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жинд зодоглосон дэлхийн аварга, МУГТ Мөнхбатын Уранцэцэг мөнгөн медаль хүртэж, дэлхийн аваргын хос медальтай Монголын хамгийн анхны эмэгтэй жүдоч боллоо. Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн дэлхийн аварга, МУГТ Ганбатын Болдбаатар хүрэл медаль хүртэж, мөн дэлхийн аваргын хос медальтан боллоо.
М.Уранцэцэгийн тухайд эхний тойрогтоо хийлсэн манай тамирчин хоёрдугаар шатанд Румын улсын тамирчин Александра Поптой учраа таарсан. Түүний өрсөлдөгч нь эхний тойрогт Азарбайжан улсын нэрийн өмнөөс барилдсан Монгол жудоч Э.Базаррагчааг ялаад байсан юм.
Барилдааны эхэнд хоёр бөх шидогоор торгуулсан. Улмаар барилдаан дуусахад 1:05 минутын хугацаа үлдээд байхад манай бөх өөрийн давуу талаа хэвтээ барилдаанд гаргаж, гарт өчсөнөөр өрсөлдөгчөө цэвэр ялсан юм. Харин гуравдугаар тойргийн барилдаанд БНСУ-ын залуу тамирчин Кан Юү Жоныг цэвэр ялсан. Улмаар хэсгийн аваргын төлөөх барилдаанд Францын жүдоч Францын жүдоч Мелани Клеменийг цэвэр ялж, мөнгөн медалийн төлөө Рио-2016 олимпийн хүрэл медальт, дэлхийн аваргын алт, хүрэл медальтай, Японы бөх Ами Кондотой барилдаж, ялалт байгуулсан юм. Харин медалийн өнгө хувиргах шийдвэрлэх барилдаанд М.Уранцэцэг мөн Японы жүдоч Фүна Тонакид ялагдал хүлээлээ.
Харин эрэгтэйчүүдийн 60 кг-д хүч үзсэн Г.Болдбаатар Эхний тойрогтоо Турк улсын бөх ЕАШТ-ий мөнгөн медальт Озлу Бекирийг ялаад байсан МУГТ Г.Болдбаатар хоёрдугаар барилдаанаа Казань-2016 ЕАШТ-ий аварга Валид Хярын эсрэг хийж, нэлээд хүндхэн барилдаанаас ялалт авсан. Улмаар Г.Болдбаатар Японы аварга Нагаяамаг шөвгийн 16-д ялж, шөвгийн наймд үлдэхийн төлөө Узбекистаны бөх Диорбек Урозбоевт ялагдаж, дагах барилдаанд шилжсэн билээ. Ингээд дагах барилдаанд Г.Болдбаатар Казахстаны бөх Йелдос Сметовыг вазари үнэлгээгээр ялж, залгуулаад хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх барилдаанд Чехийн тамирчин Павел Петриковыг вазари үнэлгээгээр ялсан юм.