Хан-Уул дүүргийн 10-хорооны нутаг Морингийн давааны орчимд малын гоц халдварт “Шүлхий” өвчин гарсантай холбогдуулан тухайн газарт хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Нийслэлийн Онцгой комиссын хуралдааны үеэр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан Морингийн даваа орчимд очиж суурьшсан иргэн н.Цэвэгжавын хоёр үхэр шүлхийгээр өвчилж, 12 ам км талбайд хөл хорьж, тэндхийн 865 өрхийн 1888 хүн хорионд орсныг хоёр хоногийн өмнө мэдэгдсэн байна.
28 хоног үргэлжлэх хорио цээрийн дэглэм тогтоосон тул хүн болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлажээ. Иймд иргэд та бүхэн Өлзийт хорооллын замыг сонгон зорчино уу гэж Замын цагдаагийн албанаас анхаарууллаа.