Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, морингийн даваа буюу нисэх зурвасын хойд хэсгийн суурьшлын бүсэд шүлхий өвчний улмаас хөл хорио тогтоогоод байна. Өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан болон Нийслэлийн онцгой комиссын гишүүд Хан-Уул дүүрэгт ажиллалаа. Мөн дүүргийн онцгой комисс хуралдаж, хэд хэдэн шийдвэр гаргасан байна.
Тухайлбал, хорио цээрийн дэглэмийг хэвээр үлдээж, 28 хоногийн турш үргэлжилнэ. Хөл хорио тогтоосон бүс дэх 219 дүгээр бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор үйл ажиллагаагаа хэвийн явуулж, гаднах бүсээс очиж ажиллах багш нарыг дэглэм дуустал тухайн бүсээс гаргалгүй ажиллуулахаар болжээ. Харин бусад бүсээс очиж суралцдаг хүүхдүүдийг хорио цээрийн дэглэм дуустал өөр өөрсдийнх нь амьдардаг бүсэд сургууль, цэцэрлэгт хамруулахаар болсон байна. Онцгой дэглэмийн бүсэд байгаа иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх болон хүнс, усаар хангах үйл ажиллагаа үргэлжлэн явагдах юм.
Тухайн бүс нутаг дахь 2100 орчим малд тандалт хийж байна. Гаднаас буюу бусад аймаг, орон нутгаас орж ирсэн, вакцинжуулалтад хамрагдаагүй 160 орчим малд хийх вакцинжуулалт дуусч байгаа юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.