Хууль бусаар газар олгосон захирамжуудыг хүчингүй болгожээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргасан билээ. Мөн цаашид Улаанбаатар хотын суурьшлын бүсэд шинээр газар олгохгүй байх захирамжийг гаргасан. Эдгээр ажлууд нь Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг төлөвлөлт, ил тод газрын харилцаа” зорилтын хүрээнд хийгдэж буй ажлуудын эхлэл байсан юм.

Нийслэлд хоёр болон түүнээс дээш жилээр эзэмшиж буй газраа ашиглаагүй иргэд олон байдгийн дээр эзэмших эрхийн зөрчилтэй иргэд, аж ахуйн нэгжүүд байсаар байна. Эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй, газар эзэмших эрхийг олгохдоо зарим нэг хууль тогтоомжийг зөрчин олгосон байдал нь иргэдийн дунд газрын наймаа дэлгэрэх, авлига, хээл хахуулийн үндэс болж байгааг хотын дарга анхааралдаа авч, хууль бус олгогдсон газруудыг цэгцлэх ажлыг эхлүүлээд байна.

Өмнө нь хотын дарга эзэмшлийн газраа хуулийн хугацаанд ашиглаагүй 219 иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийг цуцалсан бол энэ удаа хууль зөрчин олгосон 3 газрын захирамжийг хүчингүй болголоо. Тухайлбал 2012-2014 онуудад олгогдсон, нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Маршалын гүүрний зүүн талд амралт, зугаалгын зориулалтаар 7 га газрыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд эзэмшүүлсэн нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 2, 36 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн тул Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/942 дугаар захирамжийн хавсралтын 13 дахь хэсгийг хүчингүй болгосон байна. Мөн нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 55 мянган м2 газрыг “Сүрлэг-Ордон” ХХК-д эзэмшүүлсэн болон Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт судалгаа, эрдэм шинжилгээний зориулалтаар 19 мянган м2 газрыг иргэн Э.Мөнхбаатарт эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33.1.2-т болон 29.1, 29.2, 29.3-т заасныг тус тус зөрчсөн тул хүчингүй болголоо.

Цаашид Хотын дарга 2020 хүртэлх үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгагдсан нийслэлийн нутаг дэвсгэрийн газрын ашиглалт, хуваарилалтай холбоотой зорилтуудыг хэрэгжүүлэх үүднээс хууль бус газар олголттой хатуу тэмцэхээ илэрхийллээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Санал болгох мэдээ

Сүхбаатар дүүрэг: “Томуу, томуу төст өвчний үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт сургалт болов

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв хамтран цэцэрлэг, сургуулийн эмч нарт …