Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Болормаатай ярилцлаа.
-Та гэр бүлийн маргааныг дагнаж шийдээд хагас жил боллоо. Олон төрлийн маргаан шийдэх, дагнаж ажиллахад ялгаа байна уу?
-Би дөрөвдүгээр сараас хойш гэр бүлийн маргааныг дагнан шийдэж байна. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь шүүх Монгол Улсад дагнаагүй үлдсэн найман шүүхийн нэг. Тэнд эрүү, иргэний хэргийг бүгдийг шийддэг байлаа. Харин Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилогдоод гэр бүлийн маргааныг дагнаж шийдэж эхэлсэнээс хойш маш их ялгаа ажиглагдаж байна. Өмнө нь бусад эрх зүйн маргаантай харьцуулахад гэр бүлийн маргаан цөөн учраас эвлэрүүлэх асуудалд тэр бүр анхаарлаа хандуулдаггүй байж. Дагнаж ажилласнаар аль болох гэр бүлийг эвлэрүүлэх, Монгол төрийн үндэс болсон гэр бүлийг бат бөх байлгах зорилгоор хугацаа өгөх гэж хичээдэг болсон. Талуудтай хэд, хэд уулзаж шалтгаан, нөхцлийг нь тодруулах, нухацтай хандах зэргээр дагнаж ажиллахад өөрчлөлт их гардаг юм байна. Арав гаруй жил шүүгчээр ажилласан ч нэг төрлийн хэргийг дагнаж шийдэхээр тийм төрлийн маргааны шалтгааныг олж харах, цогцоор шийдэх зам эрэлхийлэх зэргээр “нүд нээгддэг” гэдгийг мэдэрч байгаа. Гэвч гэр бүлийн маргаан харамсалтай гэж хэлэхээс аргагүй түвшинд хүрчээ.
-Гэр бүл салалт их байна гэсэн үг үү?
-Ихэвчлэн 25-35 насны залуус өрх гэрээ өөд татдаг, үр хүүхдээ төрүүлж өсгөдөг үе дээрээ салж, сарних шийдвэр гаргаж байгаа нь тун харамсалтай. Гэр бүл зохиоё гэж төлөвлөөгүй байхдаа хүүхэдтэй болдог, тэр шалтгаанаар гэрлэдэг. Анхнаасаа бие биенээ сайн таньж мэдэлгүй гэрлэж, хамт амьдраад ирэхээр таарч тохирохгүй салах нь их байна. Хостойгоо таарахгүй гэдэг шалтгаанаар салахад маш олон хүүхэд өнчирч үлддэг. Залуус үүнд ерөөсөө дүгнэлт хийхгүй байгаа нь харамсалтай. “Хүүхдээ би өөрөө аваад явчихна” гэж өнөөдөр бардам байгаа ч ганцаараа амьдралын бүх ачааг үүрэх, хүүхдээ хойд эцэг, эхийн царай харуулах, хайраар дутааж өсгөх зэрэг үр дагаврыг тооцоолохгүй шийдвэр гаргадаг.
-Хот, хөдөөд гэр бүлийн маргааныг шийдэхэд ялгаа ажиглагдсан уу?
-Хотод их, хөдөө бага гэх ялгаа ажиглагдаагүй. Насны хувьд хот, хөдөө ялгаагүй мөн л залуучууд салах шийдвэр гаргадаг. Харин хөдөө хосууд эвлэрэх тохиолдол их. Хотод эвлэрүүлэх маш хэцүү. Эвлэрээд гарахаар өмнөөс нь баярлаад үлддэг.
– Амьдралаа дээшлүүлэх гэж залуучууд гадаадад удаан хугацаанд ажил хийдэг. Нийгмийн ийм нөхцөл бас нөлөөлдөг болов уу?
-Яг тийм. Итгэмжлэлээр салах өргөдлөө өгсөн хэргүүд их бий. БНСУ болон бусад гадаадын орнуудад амьдардаг хүмүүс Элчин сайдын яамаараа дамжуулж итгэмжлэхээр салах өргөдөл өгөх тохиолдол их. Удаан хол байгаад, тэндээ өөр хүнтэй хамтран амьдардаг. Энд хүлээж байгаа нь амьдралдаа түүртэснээсээ болж цөхөрдөг. Эсвэл энд өөр амьдрал зохиосон зэрэг шалтгаанаар салах нь их байна. Саяхан нэг өргөдөл ирлээ. АНУ-д нөхөр нь олон жил амьдарч байгаад салах өргөдлөө явуулсан. Эхнэр нь “Бид хоёр эвлэрэх боломжтой” гэсэн учраас гурван сарын хугацаа өглөө. Нэгэнт өөр амьдралтай болчихсон, тусдаа удсан хүмүүст хугацаа өгөөд ч үр дүн бараг гардаггүй. Тэгээд ч гадаадад байгаа хүнд шүүх очиж ажиллах боломжгүй. Харин хосуудын нэг нь боломж байна гэж харж байгаа учраас асуудлаа шийдээсэй гэж хугацаа өгч байгаа юм.
-Гэр бүлийн аль нэг гишүүн нь хүчирхийлэл үйлддэг бол салгахаас аргагүй байх. Ийм шалтгаанаар салж байгаа гэр бүл олон уу?
-Жинтэй байр эзэлдэггүй. Дарамталдаг, хүчирхийлдэг гэсэн өргөдөл ирэх боловч нөхөр, эхнэрийн уужуу, тайван байх чадвар дутдаг болсон нь ажиглагддаг. Гэрлэлт цуцлахаар зарим нь “Баярлалаа шүүгч ээ” гэдэг. Нэг айл хоёр тийш болоход юунд нь баярлах билээ.
-Гэр бүлээс гадуурх харилцаа салалтын шалтгаан болох нь хэр их вэ?
-Ийм шалтгаан голлох байр эзэлдэггүй. Харин амьдралын ачааг дийлэнх тохиолдолд эмэгтэйчүүд үүрч байна. Эрчүүд хариуцлагаа үүрэхгүй, эцэг байх үүргээ биелүүлэхгүйгээс маш олон хос салах шийдвэр гаргадаг. Тусдаа амьдарч байгаад салсан хүмүүсийн асуудал нь ч ийм байдаг. Эрчүүд үр хүүхэддээ анхаарал хандуулдаггүй, ажил хийдэггүйгээс болж эхнэр нь шантрах, амьдралдаа түүртэж цөхрөх нь их байна. Ажиглаад байхад эрчүүд ажил хийх сонирхолгүй, амьдралаа сайхан аваад явах зориг зүрхгүй, шантрамтгай болчихож. Залуус ерөөсөө л бэлэн амьдрал хүсч байна. Өөрсдөө хөдөлмөрлөж, амьдралаа босгоё гэсэн зориг, хүсэлгүйгээс болж гэр бүлээ алдаж байгаа хүн олон байгаа нь харамсалтай. Намрын сайн өдрүүдэд тансаг тансаг хурим болдог. Хатуу хэлэхэд тал нь шахам салах шийдвэр гаргадаг.
-Яагаад?
-Аав, ээж нь амьдрах байр, унах унаа гээд бүгдийг нь бэлтгэчихдэг. Тэгэхээр залууст амьдрал нь үнэ цэнэгүй болчихож. Өөрсдөө амьдралаа босгох гэж зүтгээгүй учраас салахад харамсах зүйлгүй, хайран биш болчихдог. Хамгийн харамсалтай нь тэдэн дундаас үр хүүхэд өнчрөөд үлдэж байна. Салах өргөдлөө өгчихөөд “Өнөөдөр салгаад өг” гэдэг хүмүүс олон.
-Тийм амар хүсэлтийг ёсоор болгочихгүй биз дээ?
-Уг нь шүүх хамгийн сүүлийн шат шүү дээ. Шүүхэд хандахаас өмнө тухайн гэр бүлтэй ажиллах үүрэгтэй олон байгууллага баймаар юм. Үүрэг хүлээж ажилладаг байгууллагууд ажлаа сайн хийвэл гэр бүл салалт багасна гэж итгэдэг. Гэр бүл болоход Гэрлэх ёслолын ордноос бичиг хийж өгдөг. Тэгэхэд ядаж 7, 14 хоногийн сургалтанд заавал хамруулж, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулмаар байна. Бусад улсуудад дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт гэр бүлийн асуудал багтдаг. Хүүхэд байхаасаа гэр бүлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй болгодог. Гэтэл манайх ямар ч мэдээлэлгүй, хүүхдээрээ шахам гэр бүл зохиодог.
– Шинэ гэр бүлийн 500 мянгын төлөө гэрлэгсэд цуцуулах гэж шүүхэд ачаалал их үүсгэж байгаа гэсэн?
– Шинэ гэр бүлд 500 мянган төгрөг олгосны дараа салах өргөдөл маш их ирсэн. Гэр бүл тогтвортой байж төр тогтвортой байдаг. Салалт ихсэхийн хэрээр гадаадын иргэнтэй гэр бүл болох нь өсдөг. Газар өмчлөх, хөрөнгө бий болгох зорилгоор гадаадын иргэд монголчуудтай гэрлэж байгаа нь ч ажиглагддаг. Улсын тэмдэгтийн хураамж 100 орчим мянган төгрөг төлөөд шүүхэд өргөдөл өгөөд л гэрлэлтээ цуцлуулчихна гэж ирдэг. Бараг л цагдаагийн тодорхойлолт авах хэмжээний шаардлага тавьж ирдэг. Гэтэл шүүх асуудлыг 60, хугацаа сунгах тохиолдолд 90 хоногт шийддэг. Энэ нь шүүх удаан ажиллаад байгаа юм биш. Тухайн гэр бүлийг бүтнээр нь үлдээх л зорилго. Ер нь бусад эрх зүйн маргаанаас гэр бүлийн маргааныг шүүхэд шийдэх хугацаа урт байх нь зөв гэж хардаг. Талуудад ямар асуудал байгааг олохын тулд шүүхийн эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл судлаач, шүүгч багаараа ажилладаг. Зөвхөн эхнэр, нөхрөөс салах асуудал биш шүү дээ. Үр хүүхдийнх нь асуудлыг нэн тэргүүнд тавих ёстой. Гэтэл өргөдлөө өгсөн л бол эд нар гэрлэлт цуцлах ёстой гэсэн хандлагатай хүмүүс байдаг. Бүр Монгол Улсад байгаа атлаа итгэмжлэл өгөөд салчих гэдэг хүмүүс ч бий.
– Иргэд банкинд дахь зээлийн үүргээсээ чөлөөлөгдөхийн тулд хуурамчаар салдаг гэх яриа ч байх юм?
– Долдугаар сарын 1-нээс өмнө мөрдөгдөж байсан Эрүүгийн хуульд хүртэл 3 хүртэлх насны хүүхэдтэй, ганц бие эцэг эхийн ялыг хойшлуулах, чөлөөлөх тухай заасан байсан. Энэ мэт арга замыг хүмүүс хурдан олж хардаг. Орон сууцны зээл болон бусад төрлийн авахад нөхөр, эхнэр хоёулаа банкинд хариуцлага хүлээдэг. Төрийн албан хаагчийн 6 хувийн хүүтэй зээл авсан хүнд 8 хувийн хүүтэй зээл өгдөггүй. Дахиж байр зээлээр авахын тулд гэрлэлтээ цуцлуулах л арга үлддэг юм байна. Ийм шалтгаанаар салахаар шүүхэд ханддаг ч хүмүүс бий. Нэг асуудлаа шийдэхийн тулд гэрлэлтээ цуцлууллаа гэхэд ард нь маш том эрсдэл дагадаг. Хүн гэдэг сэтгэлийн амьтан. Нэгэнт албан ёсны гэр бүл байхаа болихоор ямар байх билээ. Үр хүүхдийнх нь ч ирээдүйд эрсдэл учирч байгаа. Энэ мэт асуудалд төрийн цогц бодлого хэрэгтэй.
– Гэр бүлийн гишүүдийн хүлээх хариуцлагыг өндөрсгөх нь чухал юм байна?
-Гэр бүлийн гишүүдийн хариуцлагыг өндөрсгөх, тогтвортой байлгахад төрийн цогц бодлого зайлшгүй шаардлагатай болсон. Хуульд ч тусгаж өгмөөр байна. Шүүхээс өмнөх шатанд авах арга хэмжээг тодорхой болгох ёстой. Эцэг эхийн хуралд гэхэд аав, ээжийг нь ээлжилж очуулахаар үүрэгжүүлэх гэх мэтчилэн хариуцлага ноогдуулах шаардлагатай. Зургаан жил тусдаа амьдрахдаа хүүхэддээ ганц оймс авч өгөөгүй аав шүүх хуралдаан дээр эхнэрээсээ “Надаас битгий тэтгэлэг ав” гэж гуйж байх жишээтэй. Тэр залууд тэтгэлэгээс чөлөөлөгдөх ямар ч үндэслэл байгаагүй. Дийлэнх эрчүүд тэтгэлэг өгөхгүй гэдэг. Тэтгэлгийн асуудал хурцдаад ирэнгүүт хүүхдээ би авна гэх мэтчилэнгээр маргаж эхэлдэг. “Тэр тэтгэлэг нь хэдэн төгрөг юм бэ” гэж асуудаг хүмүүс ч бий. Ерөөсөө хүүхдээ хүн гэж хардаггүй, ирээдүйг нь бодохгүй байгаа нь харамсалтай. Тэтгэлэгийн хэмжээ хамгийн ихдээ сард 185300 төгрөг. Хүүхэд нь 11 нас хүрээгүй бол энэ мөнгөний 50 хувиар тогтоодог. Тэр мөнгөөр хүүхдийн хэрэгцээг хангахгүй шүү дээ.
-Гэр бүлийн маргаан дээр шүүх хүүхэдтэй хэрхэн ажилладаг вэ?
-7-оос дээш насны хүүхдийн саналыг асуух хуультай. Багшийг нь байлцуулаад хэнтэйгээ амьдармаар байгааг нь тодруулна. Ойр зуурын зүйл л асуухгүй бол хүүхдийн сэтгэл зүй маш тогтворгүй болчихсон байдаг. Эцэг, эх нь надтай үлд гээд дарамталчихсан, сэтгэл санааны хувьд хүнд байдалтай хүүхдүүдтэй ярилцах учраас аль болох эвээр хандахыг хичээдэг. Хүүхдүүд уйлна. Бүр аав ээжийгээ ичээхээр ухаантай зүйл ярьдаг хүүхдүүд олон бий. “Гэр бүлээрээ халуун дулаан амьдаръя л даа” гэж шүүх дээр ирчихээд гуйж байхад хоёр тийшээ хараад сууж байдаг аав, ээж ч байдаг.
Шүүхэд ирж байгаа хүүхдүүд маш их айдастай байдаг. Тиймээс шүүхийн шинэтгэлийн хүрээнд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн шүүхэд гэр бүлийн маргааныг дагнан шийдвэрлэх байр тохижуулсан. Шүүх хуралдааны танхим нь хүртэл энгийн тохижилттой. Хүүхэдтэй уулзах, ярилцах, тоглуулах өрөө тохижуулсан. Тухайн хүүхдэд шүүхэд очсон сэтгэгдэл үлдээхгүй, дарамтад оруулахгүй байх зорилготой. Гадны улс орнуудын гэр бүлийн шүүхийг ч ингэж тохижуулсан байдаг.
-Гадны улс орнуудад гэр бүлийн маргааныг шийдвэрлэдэг дагнасан шүүхтэй байдаг. Манайд энэ төрлийн маргааныг шийдэх байрыг тохижуулсан нь дэлхийн жишигт нийцэх эхлэл болжээ.
-Гадны улсуудад шүүхэд орж ирээд гэрлэлтээ цуцлуулна гэдэг сэтгэхүйг төрүүлэхээс өмнө гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх орчинг тохижуулсан байдаг. Манайд ч ийм эхлэл тавигдаж байна. Суурь тавигдаж байгаа нь маш том амжилт. Одоогийн байдлаар гурван шүүгч гэр бүлийн маргаанаар дагнан ажиллаж байна. Цаашид илүү олон шүүгчийг дагнаж мэргэшүүлэх шаардлага байна. Эрүүгийн хэрэг шийдэж, гэмт этгээдэд ял оноочихоод гэр бүлийн маргааныг шийдэж байгаа шүүгчийн хандлага ямар байх билээ. Өмнө нь шийдсэн хэргийн уур амьсгалаас гарахгүйгээр тухайн гэр бүлд ширүүн хандах ч тохиолдол гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс шүүх, шүүгч дагнаж ажиллах зайлшгүй шаардлагатай. Хэргийн хоёр тал хүсэлт тавьж байж шүүгчтэй уулзах хуультай. Харин гэр бүлийн маргаан дээр шүүгч гэрлэгчидтэй аль болох асуудлыг нь сонсч, шийддэг гэх мэт гэр бүлийн маргаан шийдэхэд онцлог бий. Гэр бүлийн маргааныг шийдэх шүүгчийг сонгохдоо хүртэл гэр бүл нь тогтвортой, үе үеийнхний онцлогийг мэдэрдэг, сэтгэлзүйн дүн шинжилгээ хийх чадвартай байх зэрэг шаардлага тавигдах ёстой.
Айл гэр бол төрийн үндэс. Тэр утгаараа гэр бүлийн асуудалд төрийн цогц бодлого зайлшгүй шаардлагатай. Шүүхийн тухайд ч дагнасан шүүх, шүүгч зайлшгүй шаардлагатай.
-Шүүхээс эвлэрээд гарч байгаа тохиолдол ч цөөнгүй байдаг болов уу?
-Нөгөө хэсэг нь муудалцаж, маргасан үедээ эхнэр нь өргөдлөө өгчихдөг. Эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйч, шүүгч хамтраад ажиллахаар ийм тохиолдлыг эвлэрүүлэх боломжтой. Хосуудтай тус тусад нь, хамтад нь уулзаад эвлэрүүлэх талаас зөвлөөд, сэтгэлзүйч сэтгэлзүйн талаас зөвлөгөө өгөхөөр нэгийгээ уучилж, эвлэрдэг. Ер нь эцэст нь маргааны шалтгаан өчүүхэн жижиг л асуудал байдаг. Тэр асуудлыг нь хөндөх чадвар шүүгчид байх шаардлага гардаг.
Шүүхийн шинэтгэлийн хүрээнд эвлэрүүлэн зуучлагч ажилладаг болоод багагүй хугацаа өнгөрч байна. Гэр бүлийн маргаан дээр шүүхийн сэтгэлзүйч ажиллаж байна. Мөн шинэ тутам ч гэлээ гэр бүлийн маргаанаар дагнасан шүүгч ажиллаж эхэлж байгаа. Энэ бүхэн ерөөсөө л нэг ч гэсэн гэр бүлийг элэг бүтэн байлгах зорилго. Саяхан салах өргөдөл өгсөн гэр бүл дээр эвлэрүүлэн зуучлагч, сэтгэл зүйч ажилласан. Нөхөр нь сэтгэл зүйн зөвлөгөө авчихаад надтай уулзахдаа “Би ерөөсөө л эхнэрээ хайраар дутааж. Маш их алдаа гаргасан байна. Засах хугацаа өгвөл гэр бүлээ бүтэн авч үлдмээр байна” гэсэн. Энэ мэт эерэг хандлага ч байгаа.
Эх сурвалж:ШЕЗ