Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн I хорооны Нарангийн гол “Халзангийн ам”-д оршин суугч иргэн М-ийн үхэр сүрэгт өвчний шинж тэмдэг илэрч, Улсын Мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн хийсэн шинжилгээгээр долдугаар сарын 27-ны өдөр шүлхий болох нь тогтоогдсон.
Дүүргийн Засаг даргын долдугаар сарын 30-ны өдрийн А/368 дугаар захирамжаар хорио цээрийн дэглэм тогтоож, нийт 68 үхрийг устгасан байна. Одоогоор шүлхийн голомтод дүүргийн онцгой байдлын хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс мал эмнэлэг үржлийн алба, эрүүл мэндийн төв, цагдаагийн хэлтсээс нийт 22 албан хаагч, 12 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж байна.
Мөн Хан-Уул дүүргийн X хороо, Морингийн задгай хаягт байрлах иргэн Ц-ын нэг үхэрт шинж тэмдэг илэрсний дагуу УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд 2017.08.26-ны өдрийн 17-1775 тоот хариугаар “Шүлхий” өвчин болох нь тогтоогдсон билээ.
Тус голомтын бүсэд 15 өрхийн 1388 толгой мал нутаглаж байгаа талаар эх сурвалж мэдээлж байна. Дүүргийн онцгой байдлын хэлтэс, цагдаагийн хэлтэс, замын цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналтын хэлтэс, мал эмнэлэг үржлийн алба, эрүүл мэндийн төв, Нийслэлийн Зооноз судлалын төвийн нийт 71 албан хаагч, 17 автомашинтайгаар голомтод ажиллаж байна.