Дэлхийн цэргийн спортын холбооны жүдо бөхийн Зүүн Азийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн энэ сарын 8-наас 9-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Дэлхийн 138 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн цэргийн спортын холбоо (CISM)-нд Монгол Улс 1992 онд гишүүнээр элсэж, 2012 оноос хойш хамтран ажиллаж байгаа билээ.
Тус холбооны удирдлагууд манай улсын тамирчдын амжилтыг харгалзан үзэж жүдо бөхийн анхны тэмцээнээ зохион байгуулах саналыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабынханд тавьсан байна. Уг тэмцээн /CISM/ манай улсад анх удаа болох гэж буйгаараа онцлогтой. Тэмцээнд БНСУ, БНАСАУ, Монгол, БНХАУ, ОХУ, Казахстан, Вьетнамын жүдочид оролцоно. Тамирчин, албаны хүмүүсийн хоол, буудлын зардлыг манай улс бүрэн дааж байна. Харин манай улсаас зөвхөн “Алдар” спорт хорооны тамирчид оролцдог уламжлалтай аж. Зохион байгуулагч орны давуу эрх эдлэн манай улсаас хоёр багийн 28 тамирчин оролцоно.